Showing posts with label МИНИЙ ШҮЛГҮҮД. Show all posts
Showing posts with label МИНИЙ ШҮЛГҮҮД. Show all posts

Wednesday, February 29, 2012

Аргаль хулжих анир



Унтаж байсан газрын
Цочсон чулуу
Цойлно

Урсаж явсан салхины
Цуцсан үзүүр
Цуурна...

Яруу найрагч Ц.Галбадрахын "Бадрангуй" нэрт найргийн номоос
read more “Аргаль хулжих анир”

Wednesday, May 19, 2010

Монгол банхар



Нохойгүй малчны
Нойр хүрдэггүй
(Хуучны үг)

Нүүдэл саахалтын тэртээгээс
Чимээ анир анддаггүй
Хоточ банхар
Нүдгүй явган шуурганаар
Чигээ алдаж төөрдөггүй
Хөтөч банхар

Буян бодож монгол нохойд
Бурхан багш хэлээ өгсөн юм гэнэ лээ
Шан горилоогүй монгол нохой
тэр цагаас
Шархаа долоож
эдгээдэг болсон юм гэнэ лээ

Үрийн тэнгэр наашаа гэхдээ
Монгол хүн
Үүднийхээ хацарт
нохой зурж залдаг билээ
Хүйтэн бүхэн цаашаа гэхдээ
Монгол хүн
Хүүхдийнхээ тоглоомонд
нохойн чихмэл хийж зүүдэг билээ

Санхарцаг сүүлээ
Хондлой дээрээ сөхөж гангарсан
Санаа муут уяан дээр буухад
Унаатай нь хоргоож чангарсан
Моод хөөж
Морьтой хөдөөгөө голж
хот руу арилаагүй
Малтай, гэртэй нь нутгаа
Манаж үлдсэн
Үнэнч банхар

Салхи халууцаж гэлдэрсэн
Гал үдэд
Хэлээ унжуулж нүүдэл дагасан
Сар жиндэж, одод тонгочих
Бүгээн шөнийн жаварт
Хаяа дэрлэж гадаа хоносон

Дуртайдаа
хүүхдэд ноолуулах
Эрх банхар
Дуу нь хүрэх газраас нааш
Боохой давж зүрхэлдэггүй
Бэрх банхар

Уурагандаа бялуурч
Унтаж хоцорсон хэнз ишиг
Бэлчээрт орхиж ирдэггүй
Малч банхар

Нүдээ нээлгүй газарт хөллөсөн
Араатан байтлаа
Нүүр нь улаан эзнээсээ
Насаараа зүтгэсний
Авлага нэхэж хормойддоггүй
МОНГОЛ БАНХАР.
read more “Монгол банхар”

Monday, March 29, 2010

Давхраат нүдэн

2010.03.30

Хархан нүдний чинь давхрааг
Харан суугаад уйдашгүй нь ээ
Хаа газрын бүсгүй болохоороо
Ийм тунгалагхан харцтай байдгийм бэ

Алаг нүдний чинь давхрааг
Ажин суугаад уйдашгүй нь ээ
Аль газрын бүсгүй болохоороо
Ийм ялдамхан зантай байдгийм бэ

Ялдам аашны чинь сайхныг
Бишрэн суугаад уйдашгүй нь ээ
Ямар хүний үр болохоороо
Ийм өндөр заяатай төрдгийм бэ

Ай,
Алаг нүдэн
Дахиад хэзээ ч тааралдахгүй байж мэдэх
Давхраат нүдэн...
read more “Давхраат нүдэн”

Wednesday, March 10, 2010

Ижий сэтгэл




Илдэн уулсынхаа цуурайн чимээг
Сонсохгүй явж хэн чадна вэ
Ижий таныхаа сайхан сэтгэлийг
Дуулахгүй байж яаж болно вэ

Таны минь сайхан сэтгэлийг
Дэлхий
эргэж хамт дуулна

Таны минь сайхан сэтгэлийг
Дээд тэнгэр
цэлмэж хамт дуулна

Таны минь сайхан сэтгэлийг
Наран саран
ургаж хамт дуулна

Таны минь сайхан сэтгэлийг
Насны бурхад
баярлаж
баярлаж хамт дуулна...
read more “Ижий сэтгэл”

Wednesday, March 3, 2010

Чамдаа би сайхан үг хэлэлгүй удаж

Чамдаа би
Сайхан үг хэлэлгүй удаж

Хажууд нь анх
Чи биднийг уулзахад
Хар нялхаараа сугсалзаж байсан модыг
Нэг л өглөө босоход
Нэг их цас
Нэвсийтэл нь дарчихаж

Ганц шувуу суух
Хуурай мөчир үлдээлгүй
Бамбарлачихаж

Чамдаа би
Сайхан үг хэлэлгүй уджээ...
read more “Чамдаа би сайхан үг хэлэлгүй удаж”

Sunday, January 31, 2010

Мөндөө

Мөн дөө
Яг л мөн дөө
Боддог
Бодол болгоных нь хойморт
Хэн бүтэн завилдгийг нь
Эс мэддэг ч гэлээ би
Нар, хурын шивнээ
Нам гүмийн зөөлхөн хонгор аялгуу
Сэтгэлээс нь үргэлж сонсогддог
Тэр бүсгүйн
Дууг нь эс андана
Уруулан завсраар нь
Удвал цэцгийн дэлбээ шиг яв ягаан
Уруулан завсраар нь
Нэг тийм танан цагаан гэгээ
Гялбан цацардгийм
Чимээгүйг сэрээж эгшиг нандин авиа
Чих рүү минь давалгаалан давалгаалан ирдгийм...

Мөн дөө
Яг л мөн дөө
Мөрөөддөг
мөрөөдөл болгоных нь хойморт
Хэн дүүрэн ханхайдгийг нь
Эс мэддэг ч гэлээ би
Халгисан их хайр
Хамаг л амьдралынх нь гэрэл гэгээ, гуниг баяр
Харцнаас нь нэвт уншигддаг
Тэр бүсгүйн
Зүсийг нь эс андана
Хацар дээр нь
Харчуулын нүд гулгаж тэшсэн
Хацар дээр нь
Хэн ч анзаардаггүй нэгэн мэнгэ байдгийм
Хөмсөг сормуусных нь үзүүрт адтай салхи
Хөөцөлдөнхөн тоглож байдгийм...

Мөн дөө
Яг л мөн дөө
Бараагаараа
Буй биеэ дарь эх лугаа гайхуулсан
Байгаагаараа
Бусдын хайрыг гүр соронзон лугаа татсан
Булбарайхан
тэр бүсгүй

"Үгнээс нь
Ааруул амтагдаж
үс гэзэгнээс нь
Агь ганга сэнгэнсэн"
Үзэсгэлэнт
Тэр бүсгүй
МӨН ДӨӨ
ЯГ Л МӨН ДӨӨ.
read more “Мөндөө”

Thursday, September 17, 2009

Нэгэн бодлын шүлэг





Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Харагдахгүй урсах салхи байх минь яав
Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Баригдахгүй хөөрөх будан байх минь яав

Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Өнжин хонон будрах цас байх минь яав
Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Өндөр тэнгэрт жиргэх жигүүртэн байх минь яав

Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Хайрын
Амтат халуун зүүд байх минь яав
Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Хан тэнгэрийн
Аясыг дагаж нүүх үүл байх минь яав

Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Молцог манхны
Алдуул шарга нүүдэл байх минь яав
Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Морьтой л хүн давах
Бартаа ихт уулын эрмэг цуурай байх минь яав

Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Хотны сайхан банхар болж төрөх минь яав.
read more “Нэгэн бодлын шүлэг”

Wednesday, August 19, 2009

Ойрхноор нь



Нарыг үнсмээр байвч
Нар ямар надад
Ойрхон ч биш дээ
Ойрхноор нь чамайг үнсье

Сарыг үнсмээр байвч
Сар ямар надад
Ойрхон ч биш дээ
Ойрхноор нь чамайг үнсье

Одыг үнсмээр байвч
Од ямар надад
Ойрхон ч биш дээ
Ойрхноор нь чамайг үнсье

Уучлаарай, харин
Уруул дээр чинь үнсчихье.
read more “Ойрхноор нь”

Тэнгэр яавал ч яаг...



Бодохоос цааш даварвал
Болохгүй юм шиг санаж
Бодоод л
зөндөө явлаа...

Харахаас цааш хэтэрвэл
Бишдэх юм шиг санаж
Хараад л
зөндөө явлаа...

Санахаас цааш даварвал
Буруудах юм шиг бодож
Санаад л
зөндөө явлаа...

Тэнгэр яавал чиг яаг, одоо...
Тэвэрлээ шүү, чамайг.
read more “Тэнгэр яавал ч яаг...”

Saturday, August 1, 2009

Талын чоно

Дөнгөтийн ЦООДОЛ багшдаа зориулав, би



Талын чоно би
Талынхаараа л байя

Нэгэнт
Уулынх болж төрөөгүй намайг
Уулын чонотой адилтгаж өөлөөд яанам
Нэгэнт
Хөвчийнх болж төрөөгүй намайг
Хөвчийн чонотой адилтгаж өөлөөд яанам

Улих,
асч дүрэлзэх минь ч тэднээс ондоо
Ухаан гүйлгэж
амь залгуулах минь ч тэднээс ондоо
Айдсаа мартаж,
талдаа эрхлэн тоглох минь ч тэднээс ондоо
Алаг тавилангийн ханцуй дор нууж
бэлтрэгээ өсгөх минь ч тэднээс ондоо

Тал хаана эхэлж, хаана дуусдгийг би мэднэ
Тамир барагдахад амрах газар, бартаа саад
хэчнээн байдгийг бүгдийг нь би мэднэ
Аясын салхи, тэнгэрийн өнгөнөөс
идэх хоолныхоо хол ойрыг
Зөнгөөрөө би мэднэ
Анчны нүд, цэцэн бууны овоо
хаанаас ширтэж буйг
Совингоороо би мэднэ...

Нар хиртэх
миний айдас тэр...
Нас залуу нөхөр үхлийн өвдөг тэврэх
миний айдас тэр...
Монгол өвсөнд гал авалцаж түймэр дэгдэх
миний айдас тэр...
Морьтой биш тэрэгтэй хүмүүс ангаалж хөөх
миний айдас тэр...

Зоргоороо
Талын уудмыг туулж амьдарсан
Зоригоороо
Зовлонгийн хатууг цуулж амьдарсан
Алд биеэ хөл минь даахаа больж
Амь тасран унаж гэмээнэ
Сүнс минь
Тайга хөвч,
Там, диваажингийн алийг нь ч зорихгүй
Талдаа л шигдэж
Талдаа шингэнэ

Өвсний салхи болно
Өнгийн солонго болно
Алдуул зэрэглээ болно
Анир чимээгүй униар болно
Талдаа үнэнч
Талдаа үлдэнэ
Талын чоно би
Талынхаараа үлдэнэ.
read more “Талын чоно”

Friday, July 31, 2009

Уйдах аргагүй амраг

Өнөөдөр долдугаар сарын 31.
Ханийн минь төрсөн өдөр.


Гундаж
Амьдралын сайхныг
Гутлынхаа хоншоорт байгаа юм шиг
Газар шагайж явахад
Өөд татах
Ганц сайхан үг
Хэн хэлэх
ЧИ МИНЬ ХЭЛЭХ...

Гуниг баярын дунд
Сэлгээ товч шиг элэгдэж
Салхины аялгуунд
үүл бүжиглэсэн тэнгэр дор
Саатаж ганцхан амьдрахдаа
Олсон жаргалаа би
Хэнтэйгээ хуваах
ЧАМТАЙГАА Л ХУВААХ...

Өвөл болж жавар чангарлаа ч
Өмссөн хувцас хүнддэн
хаврын урь орлоо ч
Сэм сэмхэн шувууд нь буцаж
нуур эзгүйрлээ ч
Сэтгэл минь хувирах гэж үгүй ээ
ГАНЦХАН ЧАМААСАА...
read more “Уйдах аргагүй амраг”

Friday, July 24, 2009

Сэтгэлийн аяз

ХАЯЛГА:
Тийм ээ, би түүндээ цаглашгүй их хайртай... Бид хоёрын хайр алс холын Фереганы буурал хөндий дунд олоон зуун жилийн тэртээд амьдарч асан хоньчин Коркуд өвгөний ганц охин Гүльжамал, Каракумын элчилгүй их цөлийн алдарт сайн эр Хархончир хоёрынх шиг..., Кончакийн цэнхэр тал нутагт татарын их цэрэг нөмрөн орж ирэхэд салж сандсан Туган хүү, Юлдуз охин хоёрынх шиг л хайр... амьдрал болоогүй... Гэлээ ч бидэн хоёрын бие биеэ санахын их хайранд цэг, таслал гэж үгүй бөлгөө...
/тэмдэглэлийн дэвтрээс/


ЦАЦЛАГА:
Миний амраг
хүний хань болов
Мэн гашуун ч
Хүсэл нь биелэв
Залуу нас бидэн хоёрыг
Соёмбоны загас шиг учруулсан ч
Заяа тавилангийн сүйх тэргээр
Ханьсан дэргүүлэх хувь өгсөнгүй...
Гээд яалтай
Гэрэл сүүдэр лагалдсан орчлонд
Зүс зүсээ
Мартаж чадахгүйн шалтагт
Зүрх зүрхээ шатааж ассан хайраа
Бөхөөж чадахгүйн шалтагт
Хүслийнхээ эрхээр
Хүний үрс уулзав
Мөчөөрхөж болохгүй заяаны
Туулайн хэвтэр шиг зайд
Мөр мөрөө түшиж үдэшжин суув...
Холоо адуу тургилж
дэргэд модод сэрвэлзэн горхи хоржигноод
Орчлон завгүй...
Хонгорхон минь чи бидэн хоёрт
Зүүдлэх, хааяахан уулзах хоёроос өөр
хувь үлдсэнгүй...
Оддын түрүүч суудалдаа тухлан
Шөнийн тэнгэрийн наадам эхлэх нь
Одоо чи минь гэрээдээ харь даа
Хань чинь чамайг хүлээж байгаа...
read more “Сэтгэлийн аяз”

Thursday, July 9, 2009

БАДРАНГУЙ


Одот тэнгэр
Модот газар бадрангуй
Олон олон эрсийн уухайн түрлэг бадрангуй
Холыг бодсон эрдэмт хүний
мөрөөдөлт харц бадрангуй
Хоног өдрүүдийг сүвлэж гүйх
хүлэг морин бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...

Гал дээр сүү дэврэх бадрангуй
Гараанаас морьд
дүрэлзэн эргэх бадрангуй
Ян үдэд гэнэт үүл толгойлох бадрангуй
Ядуу хүү баатар болоод
үлгэр жаргах бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...

Гүнж хатдын гэрэлт царай бадрангуй
Гүвээ толгод зэрэглээ болох
үдийн говь бадрангуй
Гүйгүүл адуу тэмцэн тэмцэн ирж хөрвөөх
Тэр дагшин газар бадрангуй
Гүү зогсоогооро унагалах
Тэр торгон агшин бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...

Цагийн аяс нааш эргэх бадрангуй
Цасанд дарагдсан
уулс сэрэх бадрангуй
Намрын талд агь хэнзлэх бадрангуй
Намайг түлхэлж
хүүхдүүд өсөх бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...

Үдлэх харгуй
Туулах зам бадрангуй
Үүрээр татах хурын солонго бадрангуй
Бийрийн үзүүрт амилах
гоо үзэсгэлэн бадрангуй
Бие бие рүүгээ гэгээ зөөх
амраг хос бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...

Өндрөөс ус цовхчин буух бадрангуй
Өвс ногоо наранд гялтагнан хариулах бадрангуй
Өнө холын баярт учрал
гэнэт санагдах бадрангуй
Өвгөд идэр цагийнхаа тухай
давслан ярих бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...

Таанын айрагны сэнгэнэсэн үнэр
гэр дүүрэх бадрангуй
Тахилт овоонд
эрдэнийн чулуу нэмэгдэх бадрангуй
Ижий, нутаг хоёр зүүдэнд эргэх бадрангуй
Ирж яваа шувуудын эгшиглэнт дуу
тэнгэрт үржих бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...

Асч, дөнгөж өнөөдөр мандаж буй мэт
наран бадрангуй
Адууны сувдан хөлстэй наадмын салхи бадрангуй
Холын уулын танан оргил,
эрмэг цуурай бадрангуй
Хотолд бүл нэмсэн ижийн
нялх сэтгэл бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...
БАДРАНГУЙ.

2006.02.04-ний хар үүрээр.
read more “БАДРАНГУЙ”