Showing posts with label АНХДАГЧ. Show all posts
Showing posts with label АНХДАГЧ. Show all posts

Friday, August 28, 2009

Цаг хугацааг алтлагч


Дамбын ногоон автобус замын энхэл донхолд түгдчин довтолгоно. Хичээл ном, бэлтгэлийн ачаалалд ядарсан жаахан охин хаалгыг нь дэрлээд зогсоогоороо унтчихна. Буудал…Хаалга онгойнгуут сэрнэ. Хаагдангуут буцаад л унтана, дараагийн буудал хүртэл. Дунд сургуулийн сурагч Хишигбатын Эрдэнэт-Од хичээлээсээ ирж цайгаа “гялс” уучихаад буцаж Спортын төв ордон орж бэлтгэлээ хийж дуусаад гэр рүүгээ явж байгаа нь энэ…

Дарханд төрж, Улаанбаатарт өссөн тэрбээр тавдугаар анги төгссөн жилийнхээ зуны амралтаар Хүүхдийн паркад зугаалж явтал цагаан өмсгөлтэй хэсэг хүн нэгэн “сонин юм” үзүүлээд, олон түмэн түүнийг нь сонирхоод байх юм гэнэ. Охины харц тэрхүү “сонин юм”-н дээр хэсэг тогтов. Барилдаад ч байх шиг, зодолдоод ч байх шиг.
Дэргэдэх хүнээсээ асуувал “Жүдогийн үзүүлэх тоглолт” гэнэ. Жүдо… жүдо. Паркад үзсэн тоглолтын тухай эрдэнийн гэрэлт бодол охины толгойд үржиж, Спортын төв ордноор эргэлдсээр дасгалжуулагч Ч.Машбаттай уулзан багш шавийн барилдлага тогтоож, самбо, жүдогийн секцэнд орж явчихаж.

Нар, саран унаж, ургаж, өдөр хоногууд увж цуван өнгөрөхийн хэрээр түүний амжилт атга атгаар ахисаар…
1992 оны Барселоны олимпийн дэвжээнд хүч үзэхээр хилийн дээс алхав. Москва… Мадрид… урд нь тосч, ард нь үлдсээр далайн хөвөөний Барселона хот алга дэлгэн тосов. Байгалийн сайханд нүд, сэтгэл хөвөх. Далайн хөвөөнд зогсоод л, салхинд хөөгдөн цахилан ирж эргээ долоон буцах хөөстэй давалгааг нь хараад л баймаар.
Олимпийн барилдаан ч эхлэв. Эхлээд гоц мөргөж, дараа нь Их Британийн К.Бриггс, Канадын Б.Ластрей нартай барилдаад л дэвжээгээ орхисон 17-хон настай Эрдэнэт-Од даанч нэг бодсон санасан юмгүй зайрмаг идсэн шиг, энд тэндхийн элдэв зүйлийг сонирхсон шиг өөрийгөө зугаацуулж явав. Тэндээс ирэхдээ тэр гэрийнхэндээ юу авчирсан гэж санана. Зөндөө “Maрс”, “Сникерс”.

Барселонад “дайны утаа” үнэрлэж ирснээсээ есөн жилийн дараа Азийн аваргын алтан медалийг Монголын эмэгтэй жүдочдоос АНХ хүртсэн алдартан бол гавьяат тамирчин Хишигбатын ЭРДЭНЭТ-ОД бөлгөө.

2001 онд Улаанбаатар хотноо болсон тивийн аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ын жинд зодоглохдоо тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, дараа нь БНСУ-ын Мин Кьюн Сүнд зай өгөлгүй, боломж олголгүй довтолж, эцэст нь хөмөрч иппон үнэлгээгээр цэвэр ялсан бол хэсгийн аваргын төлөө Японы Маяоми Ямадатай хүч үзэхдээ алдаа гаргалгүй нягт барилдсаар оноогоор буулган авч, шувтаргын барилдаанд БНАСАУ-ын бөх, 2000 оны Ази тивийн аваргын хүрэл медальт Ри Мьюн Хватай хүч үзэхээр дэвжээнд гарч ирсэн л.

Тэмцээний сүүлчийн өдрийг хэлэх үү, Монголоос аварга хараахан төрөөгүй байсныг хэлэх үү ганц найдвар болсон тамирчнаа дэмжихээр Бөхийн өргөөнд цугласан мянга мянган үзэгч зүүн дээр суусан лугаа өндөлзөж, уухайлан хашгиралдаж, орилолдон шуугилдаж, өргөө хөдөлгөөнт ханаар хүрээлүүлсэн мэт чичигнэн хөдөлж байсан даа, ёстой л...
Үнэндээ Ри Мьюн Хва манай гавьяатын довтолгоо, хурд, угсраа олон мэхийг хорьж дийлэхээ болиод хүчин мөхөсдөж ялагдсан л.

МӨНХҮҮ ТЭР, 2005 онд Египетийн Каир хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр Азербайжений К.Гасимоваг “нурааж”, дараа нь Испанийн бөх, олимп, дэлхийн аварга Р.И.Фернандест ялагдсан ч дагах барилдаанд Макаогийн Тоу Си Ман, Украины Т.Чык, Францын Ф.Риабофф нарыг ялж, Кубын Ю.Люпетейтэй барилдах байсан ч учраа нь гэмтлийн улмаас дэвжээнд гарч ирээгүй тул дэлхийн аваргын хүрэл медалийг Монголын эмэгтэй жүдочдоос АНХ хүртсэн билээ.

МӨНХҮҮ ТЭР, 1998 онд Тайландын Бангкок хотноо болсон Азийн зуны спортын XIII наадмаар эхний даваанд хийлж, дараа нь Кыргызстаны Дино Масутова, Туркменистаны Оксана Кокорина, Хятадын Шень Жүн нарыг ялж түрүүлснээр Азийн наадмын алтан медалийг Монголын эмэгтэй жүдочдоос АНХ хүртсэн билээ.

МӨНХҮҮ ТЭР, улсын аваргын алдраа 1993 оноос хойш 16 жил завсаргүй хамгаалж, Монголын жүдо барилдааны түүхэнд дахин тохионо гэхэд бэрх, ховор, дээд амжилтын эзэн болоод буй.
МӨНХҮҮ ТЭР, самбо бөхийн дэлхийн аваргын алтан медалийг тавантаа (1997, 2001, 2002, 2003, 2004) хүртэж, Монголын самбочдын хувьд урьд өмнө нь хэн ч хүрч амжаагүй байсан нэгэн дээд амжилтын оргилд гараад буй.

...Цав цагаанаар тэнгэр “харанхуйлж” зөв зөөлнөөр цасан бударна. Хурмастын “цагаан цэцэг” цасан малгайлан буухын хэрээр модны мөчир бөгтийн бөгтийн тонгойсоор. Тэгснээ бүх цасаа гэнэтхэн гулсгаж шилгээгээд эргээд байрандаа, “жагсаалдаа орох”. Моддын дэргэдүүр ажил руугаа алхаж явсан япон эмчийн тархинд нэгэн торгон санаа тэнгэрийн заадас шиг цагаан гэгээ татуулан орж ирэх нь тэр. Үүнээс улбаалан тэрбээр жүдог үндэслэсэн гэнэм.

“Жүдо бол хөдөлгөөний спорт. Мөчир тонгойж тонгойж цасаа унагаад эргээд хэвдээ орчихдог шиг өрсөлдөгчдөө эхлээд найр тавьж байгаад түүнийг нь дагуулж мэх хийнэ. Өрсөлдөгч чинь илүү байсан ч арга ухаан, уян хатан чанар, ов мэхээрээ чи түүнийг ялах ёстой. Энэ бол жүдогийн алтан зарчим”. Х.Эрдэнэт-Од гавьяат ийн өгүүлсэн.

Өрсөлдөгчийнхөө ухасхийгээд зогтусах зүрх алдалт, цөмрөөд буцах гишгэгдлийн хийг алдалгүй хариу барьдаг гайхалтай мэдрэмжтэй, хурд, хугацаа хоёрыг тэнцүүлж барилддаг өвөрмөц онцлогтой, хоёр зууныг холбон төрж, Монголын спортын түүхийг олонтаа алтан хуудсаар нэмж, чимсэн энэ бүсгүйг Монголын ¹1 эмэгтэй жүдоч, самбоч гэдэгтэй хэн маргах. Хэн…
read more “Цаг хугацааг алтлагч”

Оргилын луу



Хэзээ нэгтээ хэн нэгэн аяар аяархан тогшихыг хаалга ямагт хүлээж байдаг бөлгөө.
ҮҮНИЙ НЭГЭН АДИЛ, хэзээ нэгтээ хэн нэгэн аялгуу цацраан гэгэлзүүлэхийг дуу ямагт хүлээж байдаг сан уу.
ҮҮНИЙ НЭГЭН АДИЛ, хэзээ нэгтээ хэн нэгэн бусдаасаа товойн тодорч, гялалзан гараад ирэхийг амжилтын оргил ямагт хүлээж байдаг сан уу.

...Улсын их баяр наадмын хүүхдийн барилдаанд арван тавтайдаа түрүүлснийхээ дараа жил буюу 1997 онд Японыг зорьж, Коочи мужийн Мэйтокү сургуулийн сүмо бөхийн ангид элсэж, удалгүй бүх Японы аварга шалгаруулах идэрчүүдийн тэмцээнд зодоглон хүрэл медаль хүртэж асан хүүг хожмоо мэргэжлийн сүмогийн дэвжээг, амжилтын оргилыг эзэгнэх ёкозүна болно чинээ хэн мэдээ билээ.

2003.01.25. Японы Токио хотын Кокүгикан ордонд хагас сарын турш үргэлжилсэн хацү башё энэ өдөр үл мартагдах, үл давтагдах онцгой үйл явдлаар дүүрэн өндөрлөж, мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Монголоос АНХ тодорсон буй за.

Тэрхүү хүчтэн бол Монголын хүчит заан Д.Долгорсүрэнгийн хүү, залуу аварга Д.Сумьяабазарын төрсөн дүү, 22 настай шижигнэсэн залуу озэки Асашёорюү ДАГВАДОРЖ байсан бөгөөд арван тав барилдахдаа тэрбээр ганцхан Кайход ялагдан 14 давж, хоёр башё дараалан түрүүлсэн амжилтаараа энэ эрхэм цолыг хүртсэн бөлгөө.

ТҮҮНЧЛЭН, мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд зодоглосон зургаа дахь башёдаа буюу 2001 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд арав давснаар макүүчигийн дээрээсээ гурав дахь цол болох сэкивакэ цолыг Монголын сүмочдоос АНХ хүртэж байв, тэр.

ТҮҮНЧЛЭН, мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд зодоглосон арав дахь башёдаа буюу 2002 оны долдугаар сарын тэмцээнд 12 давснаараа макүүчигийн дээрээсээ хоёр дахь цол болох озэки цолыг Монголын сүмочдоос АНХ хүртэж байв, тэр.

Сүмогийн түүхэнд их аварга Акэбоно 26 башё барилдаж байж озэки болж байсан бол Асашёорюү 22 башё барилдаад озэки болсноор нэгэн дээд амжилтын эзэн болсон билээ.
ТҮҮНЧЛЭН, мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд зодоглосон 12 хоёр дахь башёдаа буюу 2002 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд ганцхан Точинонадад өвдөг шороодож, 14 давснаараа макүүчид Монголын сүмочдоос АНХ түрүүлж байв, тэр.

Сүмогийн дэвжээнд хөл тавьснаасаа хойш ердөө л 24 башё барилдаад түрүүлсэн амжилт нь хамгийн богино хугацаанд Эзэн хааны цом хүртсэн их аварга Таканоханагийн амжилттай эн зэрэгцдэг билээ.

...Асашёорюү макүүчид дэвшин хүч үзсэн эхний хоёр башёдаа буюу 2001 оны нэг, гуравдугаар сарын тэмцээнд дараалан ес давсан амжилтаараа комүсүби цол хүртэж, тавдугаар сарын тэмцээний эхний өдөр л их аварга Мусашимаруг өвдөг шороодуулан шуугиан дэгдээж байсан сан. Комүсүби цол хүртсэн бөх эхний барилдаандаа ёкозүнаг ялсан анхны тохиолын эзэн болсон тэрбээр тэр цагаас хойш дохё дээр тулалдахдаа олон олон дээд амжилт тогтоогоод буй.

2005.11.27. Мэргэжлийн сүмогийн дэвжээнд 14 удаа магнайлсан Ёкозүна Дагвадорж Кюүшюү башёгийн 15 дахь өдөр хүчтэй озэки Чиётайкайг үзэгчдийн оволзсон уухайлалт дор, шуургалсан харцан дор, шуугисан алга ташилтан дор сөхрүүлснээр нэгэн жилийн бүх башёд магнайлж, их аварга Тайхогийн завсаргүй зургаан башё дараалан түрүүлээд байсныг долоо болгон ахиулж, жилд 90 барилдахдаа 82 давсан Китаноүмигийн рекордыг 84 болгон шинэчилж, гурван дээд амжилтыг нэгэн өдөр, нэгэн амьсгаагаар тогтоож, олон зууны турш япончуудын өөрсдийнх нь гарч амжаагүй оргилд хүрсэн л.

Японы мэргэжлийн сүмод хөл тавьсан гадаадын анхны бөх бол Хавайн арлын Жесси Кахаулуа. Тэр 1964 онд Такамияма нэрээр сүмод зодоглох болсон байна. Түүнээс хойш гадаадын олон бөх сүмод хүч түрэн орж ирснээс дөрвөн бөх л оргил цол болох ёкозүна цол хүртсэн байдгийн нэг нь Асашёорюү.

...Үнэндээ үл цуцах, үл шантрах, үл ялагдах ид... ид үедээ байнам, 68 дахь их аварга. Хэн түүнтэй барилдана, тэр бөхийн насны бурхан баярланам буюу. Хэн түүнийг хазайлгаж чадна, тэр бөхийн есөн хүсэл биелнэм буюу. Хэн түүний цолыг авч чадна, тэр бөхийн суу алдар бадарнам буюу.
read more “Оргилын луу”

Sunday, July 5, 2009

ЖОНОНГИЙН ТӨВӨРГӨӨН


Зээглэнхэн алслах бөмбөгөр ягаан толгод нь зээ татсан уянгат говь мину. Тогоо хайрхан, Салаа, Баян, Үнэгэд, Угтаал, Цэций, Шанхын уулс... гэмээнэ монгол газрын чимэг, адууны орон, хурдан, холч морьдын туурайн тамгатай дагшид бөлгөө.

Морь бол монгол эрийн хамгийн дотно анд билээ. Морь бол Монгол Улсын бэлгэ тэмдэг билээ. Монголын ард түмэн зочин гийчнээ урин залахдаа манайд тавтай морилно уу гэлцдэг. Дээрх үгийн уг үндэс нь морь. Говийн айл бүхэн хууртай. Айлд буусан хэн боловч хуурыг нь хөглөж, “жонон”-гоо гэгэлзүүлчихээд морддог. Жонон гэж дуртмал сайхан аялгуу буй. Эрт цагт жонон хар хэмээх гайхамшигт хурдан хүлэг Монголын говь нутагт байжээ хэмээн домогт гардаг.

Гэгээн тунгалаг өдөр өргөн талаар цахилж яваа жонон харыг харсан хүмүүс “хар цахилгаан” цахихыг үзэв хэмээн өөр хоорондоо хэлэлцдэг байв. Жонон хар тулааны морьдын бүх хүч, чин зоригийг биедээ шингээсэн мэт хүчирхэг хүлэг байв. Жонон хар өөрийг нь өсгөж, гайхамшигт ажнай болгосон эзэндээ хязгааргүй үнэнч байв.

Тэр тэнхээ ихт хүлэг морин олон жил цайдам талаар хялгана долгилуулан хөндлөн гулд цахилан давхисан агаад ертөнцийн жамаар нэг л өдөр тэнгэрт хальжээ. Эзэн нь эрэмгий ялгуун хүлэгтээ зориулж туульс зохиож. Гэсэн ч уг туульсыг хөгжмийн зэмсэггүйгээр хайлж болохгүй байсан тул зандан модоор алдарт жонон харынхаа сүр жавхланг дүрсэлсэн морин толгойтой хуур бүтээж, аялгуулан дуурсгажээ. Тэр цагаас армаг хурдан хүлгийн тухай дуун ард олны дунд тархан чин зоригийг нь хөглөж, эрэлхэг агаад нинжин халуун сэтгэлийг тэдэнд шингээж өгдөг болсон гэнэм.

...Улирагч зууны гучин найман онд, Монголын алдарт гучин гурван говийн нэгэн хэсэг, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг Гүн Үнэгэдэд нутаглаж асан Бат-Очирын Банзрагчийнх бүл нэмж отгон хүүгээ боож авсан нь Цэрэндорж байв. Түүнийг ой хүрэхтэй үгүйтэйд ээж нь амирлангийн босго даван одож, эцэг нь олон нялх хүүхэдтэй өнчрөн үлджээ. Тавилангийн ташуурт ороолгуулсан эр отгон хүүгээ хамаатныхаа Дашнямынд өргүүлэв. Чи л хүн болгож ав гэв.

Бударганаар сэвхэтсэн толгодын намраар тэднийд нэгэнтээ алдарт Ролжин хуурч ирсэн юмсанж. Гэр дээр нь ууттай зүйл тавьчихаад орохоор нь Цэрэндорж хүү саваагүйтэн буу юм болов уу гэж бодсон нь биш морин хуур. Идээ ундаан болсны дараа Ролжин гуай хуураа оруулж ирэн тоглож гарч. Ёстой л хүлэг моринг хуураараа алхуулж, ергүүлж, дэргүүлж, хатируулж... нүдэнд харагдтал галигуулж өгөх нь тэр.
Яавал ийм мундаг хуурч болохов, яавал ингэж сайхан хуурдаж сурахав гэсэн ширээ цагаан бодол хүүгийн тархинд үүлгүй шөнийн од шиг үржиж гэрийнхээ хоймор дахь утаа тортогт дарагдсан төмөр цартай хуураа өдөр өнжилгүй “хөрөөдөх” болсон гэнэм. Монголын тал нутагт ирээдүйн нэгэн их хуурч ийн “ургаж” байсан байнам.

Түүнийг найман настайдаа сумынхаа бага сургуульд ордгийн урд жил хувь заяаны нударга дахин ширвээтэж аав нь өөд болсноор ээж Цэенгээрээ овогложээ. Ээжийнх нь дүү “ганган” Сандуй гэж олон адуутайгаараа, морио дандаа ижилсүүлж унадгаараа нутаг нугадаа зартай нэгэн байв.

Хоёр хонгор, хоёр хар, эсвэл хоёр ухаа морьтой л салхи татуулан дэргүүлж явах, тэр.
Урин дулаан цагт нагац ахынхаа адуу малыг хураалцаж, услалцаж явахдаа Цэрэндорж сургуульд багшийнхаа зааж өгсөн элдэв ерөөлийг уншдаг байсан нь нэг л өдөр хэрэг болох юм чинээ яаж санаа билээ.

...Намайг дөрөвдүгээр анги төгсдөг зун олон айл гүүгээ нэг өдөр зэрэг барьсан юмдаг. Ойрхон бууцгаачихсан. Өглөө нь нэгнийхийгээ хэсч унагыг нь уячихаад үрсээ гаргах болцгоов. Манай говь нутагт гүүний үрс гаргах гэж том баяр хийдэг. Үрс гаргах найр ерөөлөөр эхлэх. Тэгтэл Сандуй ах “Манай эгчийн хүү нэг юм уншаад байдгийм” гэснээ хадагтай, аягатай сүүгээ надад барьдаг байгаа. Би ч яахав,
Элдэв учрал бүрдсэн
Эрдэнийн цог заль бадарсан
Эрхэм гайхамшигт
Энэ сайн өдөр... гээд л тууж өгөв. Тэгтэл хүмүүс “Үгүй, энэ Цэенгийн хүү чинь ерөөлч болох нь”, “Их хөөрхөн юм уншчихаж байна шүү” хэмээн өөр хоорондоо шивэр авир гэцгээгээд л.

Уншиж дуусаад хадаг, аягаа эгүүлэн өгтөл “Хүү минь, хадгийг нь ерөөлч өөрөө авдгийм. Ав ав” гэв. Гүүгээ барьсан айлын хүмүүс “Одоо манайд очиж ерөөл хэлнэ ээ” гээд. Тэр өдөр унагаа уясан бүх айлыг хэсч ерөөлөө хэлэв. Хадаг, чихэр, боовоор өвөр дүүрч түнтйисэн л юм боллоо. Үдэш нь гэртээ ирээд нэг дээл дэвсч байгаад бүсээ тайлтал саррр гээд бөөн юм унаж байгаа юм чинь.
Ээж гайхаад “Энэ чинь юун олон хадаг вэ. Арай хүний юм авчихсан юм биш биз” гээд айж байгаа бололтой. “айлуудад үрсний ерөөл хэлсэн чинь өглөө” гэтэл “Ишшш, овоо доо, миний хүү. Хүн л болох гэж байгаа юм байна даа. Хадаг цугласан айлд буян хишиг тогтдог юм” хэмээн баярласандаа уйлж байж билээ. Тэгэхэд есөн айл хадаг өгсөн байсан хэмээн хуурч хуучилсан. Дурсахгүй байх аргагүй, дуусахгүй урт, амтат хуучийн нэгээхэн нь энэ.

Ерөөс Цэрэндорж хуурчийн амьдрал тэр чигээрээ үлгэр мэт, домог мэт эрээн. Хөдөө малчин, сумын төвд морин тэрэгчин, усчин, дараа нь аймагт тоосгочин, барилгачин... ер юу юу ч хийсэн юм бэ дээ. Сүүлдээ аймгийнхаа Соёлын хэлтсийн М.Бадамгарав даргад урлагийн сургуульд явах хүсэлтэйгээ аминчлан хэлсэн байдаг. Мядагмаагийн Бадамгарав гэмээнэ түүний бага ангийн багш нь гэнэм. Өвгөн багш шавиа өрөвдсөн үү, эсвэл ирээдүйг нь зөгнөсөн үү, аймгийнхаа Соёлын ордны жүжигчин болгосноор түүний урлагийн гүнж их зам эхэлжээ.

Хөдөө аглагын Соёлын ордонд өдрөөс өдөрт өсч, авьяас билэг нь асч, жүжигчнээс ордны дарга болтлоо “мандсан” тэрбээр гучин таван нас хүрсэн хойноо Их сургуулийн оюутан болохоор алтан харганатай говьдоо хоргодон хоргодон хотыг зорьж байснаас хойш хагас жарны хугацаа аль хэдийнээ урсан өнгөрсөн ч сэтгэл, зүрхэнд нь өчигдөр, уржигдархан мэт л санагддаг гэсэн.

Зохиолчдын хорооны дэргэд “Үлгэрийн танхим” гэж байв. Ардын урлагийн охь дээжсээс шилж шүүж хүмүүсийн тархи, сэтгэл рүү ховоодон цутгасан энэ газар Цэрэндорж ажиллаж, хуураа татсан шиг, ерөөл, магтаалаа аялгууланхан хэлсэн шиг л явж. Их бүтээлч хүмүүн болой, тэр. Хуур, ерөөл, магтаалтай холбоотой болгонд л хуруу, хушуу оролцуулж ирсэн нь үүнийг илтгэнэ. Одоо ч оролцож буй. Хойшид ч оролцох биз. Нэгэн цагт Морин хуурын төвийг санаачлан шавыг нь тавилцаж байсан бол өдгөө Монголын ерөөлч, магтаалч нарын төвийн жолоо, цулбуурыг атгаж, хумиж, чиг зүгийг нь зааж зурж яваа.

Хуурч Цэенгийн Цэрэндорж вээр Монгол Улсын ерөөлч, магтаалч нарын дундаас төрсөн АНХНЫ соёлын гавьяат зүтгэлтэн бөлгөө. Ардын язгуур урлагийн нандин чухал төрөл ерөөл, магтаалын хөгжлийн галыг өрдөж, илч гэрлээр нь олон түмнийхээ сэтгэлийг бүлээцүүлж, дулаацуулж яваагийнхаа буянаар төрийн өндөр энэ хэргэмийг 1997 онд хүртсэн билээ.

МӨН ТЭРБЭЭР, төрийн хан хуурыг санаачлан 1992 онд Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнөө АНХ залж цэнгүүлсэн буянтан.
МӨН ТЭРБЭЭР, хэлбичгийн шинжлэх ухааны доктор /PhD/, шинжлэх ухааны академийн олон улс судлалын профессор цолыг 2003 онд Монголын ерөөлч магтаалч нараас АНХ хүртсэн эрдэмтэн.

Алдарт хуурчийн сууц бусдынхаас онцгой, өвөрмөц. Гаднаас нь харахад орчин цагийн жирийн л нэг улаан тоосгон байшин. Харин дотроо бол яг л монгол гэр. Дөрвөлжин л болохоос биш. Тооно, унь, ханатай, монгол эсгий дээвэр, туургатай. Ширмэл тойруулгатай. Хананд нь айргийн хөхүүр, хазаар ногт зүүлттэй бол унинд нь хүлэг морьдын хөлс ханхалсан хусуур хавчуулаастай. Цаанаа л нэг дулаан оргисон, сэтгэлд өег монгол ахуй. Энэ бүгдийг Цэрэндорж хуурч өөрөө урласан нь бас нэгэн бахархал гэлтэй. Өөрийн бүтээсэн энэхүү “өргөө харш”-даа тэрбээр орон орны зочин гийчдийг урин залж морин хуурынхаа гайхамшигт тоглолтыг сонирхуулдаг бөлгөө.

Мөнхүү гадаад ч олонтаа аялан тоглоостой. Домогт жонон харын төвөргөөн Цэрэндорж хуурчийн ногоон толгойт хуурын бужигнасан цагаан аялгуугаар дамжин “халх дөрөв, шавь тав”-аас хальж дөрвөн далай, таван тивийн наанатай, цаанатайд дуурсанхан.

Нью-Йоркт НҮБ-ын төв байрнаа эгшиглэж, Японы алдарт Фүжи уулын бэлд уянгалж, Парисын уйлсан нүд шиг ус гүйсэн тэнгэр дор, Лондонгийн хашгичиж зөрөлдсөн шуугиан дунд ч дэргэж, Номхон далайн цаад эргийн моддыг сэрвэлзтэл цахиланхан.

Домгийн “хар цахилгаан”, жонон харынхаа хүчирхэг, нүргээнт төвөргөөнийг монгол хуурч ийнхүү дэлхийд дуурсгаж, тэнхээт жонон хар морь нь ч монгол хуурчаа дэлхийд алдаршуулсаар...
read more “ЖОНОНГИЙН ТӨВӨРГӨӨН”