Sunday, July 5, 2009

ЖОНОНГИЙН ТӨВӨРГӨӨН


Зээглэнхэн алслах бөмбөгөр ягаан толгод нь зээ татсан уянгат говь мину. Тогоо хайрхан, Салаа, Баян, Үнэгэд, Угтаал, Цэций, Шанхын уулс... гэмээнэ монгол газрын чимэг, адууны орон, хурдан, холч морьдын туурайн тамгатай дагшид бөлгөө.

Морь бол монгол эрийн хамгийн дотно анд билээ. Морь бол Монгол Улсын бэлгэ тэмдэг билээ. Монголын ард түмэн зочин гийчнээ урин залахдаа манайд тавтай морилно уу гэлцдэг. Дээрх үгийн уг үндэс нь морь. Говийн айл бүхэн хууртай. Айлд буусан хэн боловч хуурыг нь хөглөж, “жонон”-гоо гэгэлзүүлчихээд морддог. Жонон гэж дуртмал сайхан аялгуу буй. Эрт цагт жонон хар хэмээх гайхамшигт хурдан хүлэг Монголын говь нутагт байжээ хэмээн домогт гардаг.

Гэгээн тунгалаг өдөр өргөн талаар цахилж яваа жонон харыг харсан хүмүүс “хар цахилгаан” цахихыг үзэв хэмээн өөр хоорондоо хэлэлцдэг байв. Жонон хар тулааны морьдын бүх хүч, чин зоригийг биедээ шингээсэн мэт хүчирхэг хүлэг байв. Жонон хар өөрийг нь өсгөж, гайхамшигт ажнай болгосон эзэндээ хязгааргүй үнэнч байв.

Тэр тэнхээ ихт хүлэг морин олон жил цайдам талаар хялгана долгилуулан хөндлөн гулд цахилан давхисан агаад ертөнцийн жамаар нэг л өдөр тэнгэрт хальжээ. Эзэн нь эрэмгий ялгуун хүлэгтээ зориулж туульс зохиож. Гэсэн ч уг туульсыг хөгжмийн зэмсэггүйгээр хайлж болохгүй байсан тул зандан модоор алдарт жонон харынхаа сүр жавхланг дүрсэлсэн морин толгойтой хуур бүтээж, аялгуулан дуурсгажээ. Тэр цагаас армаг хурдан хүлгийн тухай дуун ард олны дунд тархан чин зоригийг нь хөглөж, эрэлхэг агаад нинжин халуун сэтгэлийг тэдэнд шингээж өгдөг болсон гэнэм.

...Улирагч зууны гучин найман онд, Монголын алдарт гучин гурван говийн нэгэн хэсэг, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг Гүн Үнэгэдэд нутаглаж асан Бат-Очирын Банзрагчийнх бүл нэмж отгон хүүгээ боож авсан нь Цэрэндорж байв. Түүнийг ой хүрэхтэй үгүйтэйд ээж нь амирлангийн босго даван одож, эцэг нь олон нялх хүүхэдтэй өнчрөн үлджээ. Тавилангийн ташуурт ороолгуулсан эр отгон хүүгээ хамаатныхаа Дашнямынд өргүүлэв. Чи л хүн болгож ав гэв.

Бударганаар сэвхэтсэн толгодын намраар тэднийд нэгэнтээ алдарт Ролжин хуурч ирсэн юмсанж. Гэр дээр нь ууттай зүйл тавьчихаад орохоор нь Цэрэндорж хүү саваагүйтэн буу юм болов уу гэж бодсон нь биш морин хуур. Идээ ундаан болсны дараа Ролжин гуай хуураа оруулж ирэн тоглож гарч. Ёстой л хүлэг моринг хуураараа алхуулж, ергүүлж, дэргүүлж, хатируулж... нүдэнд харагдтал галигуулж өгөх нь тэр.
Яавал ийм мундаг хуурч болохов, яавал ингэж сайхан хуурдаж сурахав гэсэн ширээ цагаан бодол хүүгийн тархинд үүлгүй шөнийн од шиг үржиж гэрийнхээ хоймор дахь утаа тортогт дарагдсан төмөр цартай хуураа өдөр өнжилгүй “хөрөөдөх” болсон гэнэм. Монголын тал нутагт ирээдүйн нэгэн их хуурч ийн “ургаж” байсан байнам.

Түүнийг найман настайдаа сумынхаа бага сургуульд ордгийн урд жил хувь заяаны нударга дахин ширвээтэж аав нь өөд болсноор ээж Цэенгээрээ овогложээ. Ээжийнх нь дүү “ганган” Сандуй гэж олон адуутайгаараа, морио дандаа ижилсүүлж унадгаараа нутаг нугадаа зартай нэгэн байв.

Хоёр хонгор, хоёр хар, эсвэл хоёр ухаа морьтой л салхи татуулан дэргүүлж явах, тэр.
Урин дулаан цагт нагац ахынхаа адуу малыг хураалцаж, услалцаж явахдаа Цэрэндорж сургуульд багшийнхаа зааж өгсөн элдэв ерөөлийг уншдаг байсан нь нэг л өдөр хэрэг болох юм чинээ яаж санаа билээ.

...Намайг дөрөвдүгээр анги төгсдөг зун олон айл гүүгээ нэг өдөр зэрэг барьсан юмдаг. Ойрхон бууцгаачихсан. Өглөө нь нэгнийхийгээ хэсч унагыг нь уячихаад үрсээ гаргах болцгоов. Манай говь нутагт гүүний үрс гаргах гэж том баяр хийдэг. Үрс гаргах найр ерөөлөөр эхлэх. Тэгтэл Сандуй ах “Манай эгчийн хүү нэг юм уншаад байдгийм” гэснээ хадагтай, аягатай сүүгээ надад барьдаг байгаа. Би ч яахав,
Элдэв учрал бүрдсэн
Эрдэнийн цог заль бадарсан
Эрхэм гайхамшигт
Энэ сайн өдөр... гээд л тууж өгөв. Тэгтэл хүмүүс “Үгүй, энэ Цэенгийн хүү чинь ерөөлч болох нь”, “Их хөөрхөн юм уншчихаж байна шүү” хэмээн өөр хоорондоо шивэр авир гэцгээгээд л.

Уншиж дуусаад хадаг, аягаа эгүүлэн өгтөл “Хүү минь, хадгийг нь ерөөлч өөрөө авдгийм. Ав ав” гэв. Гүүгээ барьсан айлын хүмүүс “Одоо манайд очиж ерөөл хэлнэ ээ” гээд. Тэр өдөр унагаа уясан бүх айлыг хэсч ерөөлөө хэлэв. Хадаг, чихэр, боовоор өвөр дүүрч түнтйисэн л юм боллоо. Үдэш нь гэртээ ирээд нэг дээл дэвсч байгаад бүсээ тайлтал саррр гээд бөөн юм унаж байгаа юм чинь.
Ээж гайхаад “Энэ чинь юун олон хадаг вэ. Арай хүний юм авчихсан юм биш биз” гээд айж байгаа бололтой. “айлуудад үрсний ерөөл хэлсэн чинь өглөө” гэтэл “Ишшш, овоо доо, миний хүү. Хүн л болох гэж байгаа юм байна даа. Хадаг цугласан айлд буян хишиг тогтдог юм” хэмээн баярласандаа уйлж байж билээ. Тэгэхэд есөн айл хадаг өгсөн байсан хэмээн хуурч хуучилсан. Дурсахгүй байх аргагүй, дуусахгүй урт, амтат хуучийн нэгээхэн нь энэ.

Ерөөс Цэрэндорж хуурчийн амьдрал тэр чигээрээ үлгэр мэт, домог мэт эрээн. Хөдөө малчин, сумын төвд морин тэрэгчин, усчин, дараа нь аймагт тоосгочин, барилгачин... ер юу юу ч хийсэн юм бэ дээ. Сүүлдээ аймгийнхаа Соёлын хэлтсийн М.Бадамгарав даргад урлагийн сургуульд явах хүсэлтэйгээ аминчлан хэлсэн байдаг. Мядагмаагийн Бадамгарав гэмээнэ түүний бага ангийн багш нь гэнэм. Өвгөн багш шавиа өрөвдсөн үү, эсвэл ирээдүйг нь зөгнөсөн үү, аймгийнхаа Соёлын ордны жүжигчин болгосноор түүний урлагийн гүнж их зам эхэлжээ.

Хөдөө аглагын Соёлын ордонд өдрөөс өдөрт өсч, авьяас билэг нь асч, жүжигчнээс ордны дарга болтлоо “мандсан” тэрбээр гучин таван нас хүрсэн хойноо Их сургуулийн оюутан болохоор алтан харганатай говьдоо хоргодон хоргодон хотыг зорьж байснаас хойш хагас жарны хугацаа аль хэдийнээ урсан өнгөрсөн ч сэтгэл, зүрхэнд нь өчигдөр, уржигдархан мэт л санагддаг гэсэн.

Зохиолчдын хорооны дэргэд “Үлгэрийн танхим” гэж байв. Ардын урлагийн охь дээжсээс шилж шүүж хүмүүсийн тархи, сэтгэл рүү ховоодон цутгасан энэ газар Цэрэндорж ажиллаж, хуураа татсан шиг, ерөөл, магтаалаа аялгууланхан хэлсэн шиг л явж. Их бүтээлч хүмүүн болой, тэр. Хуур, ерөөл, магтаалтай холбоотой болгонд л хуруу, хушуу оролцуулж ирсэн нь үүнийг илтгэнэ. Одоо ч оролцож буй. Хойшид ч оролцох биз. Нэгэн цагт Морин хуурын төвийг санаачлан шавыг нь тавилцаж байсан бол өдгөө Монголын ерөөлч, магтаалч нарын төвийн жолоо, цулбуурыг атгаж, хумиж, чиг зүгийг нь зааж зурж яваа.

Хуурч Цэенгийн Цэрэндорж вээр Монгол Улсын ерөөлч, магтаалч нарын дундаас төрсөн АНХНЫ соёлын гавьяат зүтгэлтэн бөлгөө. Ардын язгуур урлагийн нандин чухал төрөл ерөөл, магтаалын хөгжлийн галыг өрдөж, илч гэрлээр нь олон түмнийхээ сэтгэлийг бүлээцүүлж, дулаацуулж яваагийнхаа буянаар төрийн өндөр энэ хэргэмийг 1997 онд хүртсэн билээ.

МӨН ТЭРБЭЭР, төрийн хан хуурыг санаачлан 1992 онд Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнөө АНХ залж цэнгүүлсэн буянтан.
МӨН ТЭРБЭЭР, хэлбичгийн шинжлэх ухааны доктор /PhD/, шинжлэх ухааны академийн олон улс судлалын профессор цолыг 2003 онд Монголын ерөөлч магтаалч нараас АНХ хүртсэн эрдэмтэн.

Алдарт хуурчийн сууц бусдынхаас онцгой, өвөрмөц. Гаднаас нь харахад орчин цагийн жирийн л нэг улаан тоосгон байшин. Харин дотроо бол яг л монгол гэр. Дөрвөлжин л болохоос биш. Тооно, унь, ханатай, монгол эсгий дээвэр, туургатай. Ширмэл тойруулгатай. Хананд нь айргийн хөхүүр, хазаар ногт зүүлттэй бол унинд нь хүлэг морьдын хөлс ханхалсан хусуур хавчуулаастай. Цаанаа л нэг дулаан оргисон, сэтгэлд өег монгол ахуй. Энэ бүгдийг Цэрэндорж хуурч өөрөө урласан нь бас нэгэн бахархал гэлтэй. Өөрийн бүтээсэн энэхүү “өргөө харш”-даа тэрбээр орон орны зочин гийчдийг урин залж морин хуурынхаа гайхамшигт тоглолтыг сонирхуулдаг бөлгөө.

Мөнхүү гадаад ч олонтаа аялан тоглоостой. Домогт жонон харын төвөргөөн Цэрэндорж хуурчийн ногоон толгойт хуурын бужигнасан цагаан аялгуугаар дамжин “халх дөрөв, шавь тав”-аас хальж дөрвөн далай, таван тивийн наанатай, цаанатайд дуурсанхан.

Нью-Йоркт НҮБ-ын төв байрнаа эгшиглэж, Японы алдарт Фүжи уулын бэлд уянгалж, Парисын уйлсан нүд шиг ус гүйсэн тэнгэр дор, Лондонгийн хашгичиж зөрөлдсөн шуугиан дунд ч дэргэж, Номхон далайн цаад эргийн моддыг сэрвэлзтэл цахиланхан.

Домгийн “хар цахилгаан”, жонон харынхаа хүчирхэг, нүргээнт төвөргөөнийг монгол хуурч ийнхүү дэлхийд дуурсгаж, тэнхээт жонон хар морь нь ч монгол хуурчаа дэлхийд алдаршуулсаар...

No comments: