Showing posts with label ТАТАЛБАР. Show all posts
Showing posts with label ТАТАЛБАР. Show all posts

Wednesday, February 29, 2012

Цойллого

Цагаан сараар цагаалж золгохоос илүүтэй цагаан сард зориулсан бөхийн барилдаан харах гэж тэсч ядан хүлээдэг хүн олон буй.


Улирагч зууны жаран гурван оноос улбаатай энэхүү наадмын түрүүг бараг хагас жарны туршид зөвхөн аваргууд ээлж дараалан хүртэж ирсэн бол шинэ мянганы эхний он жилүүдэд “зургаан залуу заан”-ы үеийнхэн хүч түрэн орж ирж магнайлах болсон билээ. Үзүүр түрүү, шөвгийн дөрөв бүү хэл их шөвөг буюу шөвгийн наймд улсын цолгүй бөх үлдэх нь өдрийн од, шөнийн солонго шиг ховор байсан “уламжлал”-ыг эвдэж, сүүлийн хоёр жил дараалан аймаг, цэргийн цолтой бөх түрүүг нь хамсан нь улсын цолтнуудыг “ичээж” байгаа.


“Бага наадам”-аар улсын цолгүй бөх дээш цойлон гарч ирж дунд шөвөгт анх удаа шалгарч үлдсэн нь 1970 он буюу нохой жилийн сар шинийн нэгэнд зориулсан барилдаанд хамааралтай.


Тэр жил зүүн, барууны жигүүрийг дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат нар магнайлж, улсын залуу аварга Х.Баянмөнх /хожмын дархан аварга/, улсын арслан Ч.Бээжин /хожмын улсын аварга/, Д.Жамц, У.Мижиддорж, Л.Сосорбарам нар удаалж гарсан бөгөөд жаран есөн оны идэрчүүдийн улсын аварга, арван наймхан настай залуу бөх Биндэряагийн Батхуяг аймгийн арслан Ц.Волоож, улсын заан Д.Барамсай, улсын арслан Д.Жамц нарыг өвдөг шороодуулан дөрөв давж шөвгийн наймд шалгарсан нь ёстой л дуулиан шуугиан дагуулсан байдаг бөлгөө.


Б.Түвдэндорж аваргын шавь, багадаа эцэг эхээсээ хагацаж өнчирсөн, Пионерийн ордны бөхийн дугуйлангийн сурагч хүү Батхуяг том барилдаанд улсын цолгүй бөх дунд шөвөгт, ханхайсан аварга, арслан, заан, начингуудын дунд зогсоод үлдэж болдгийм байна гэдгийг харуулсан, олон залууст итгэл үнэмшил төрүүлсэн гавьяатан билээ. Тэрбээр тэр жилийнхээ улсын наадмаар дөрөв, дараа жил нь тав давж арван есөн насандаа улсын начин цол хүртсэн байдаг.


Батхуяг начны амжилтыг 1973 онд Говь-Алтай аймгийн арслан С.Буянт улсын начин Ц.Юүвээ, Д.Одсүрэн, Д.Мягмар /улсын заан/ нарыг, 1974 онд Булган аймгийн арслан Р.Лхагвасүрэн улсын начин Ц.Юүвээ, улсын арслан Л.Сосорбарам, улсын аварга Ч.Бээжин нарыг, 1976 онд Төв аймгийн арслан М.Загдсүрэн улсын заан Д.Барамсай, даян аварга С.Цэрэн нарыг, 1980 онд Баян-Өлгий аймгийн арслан О.Бахыт улсын начин Ч.Амартүвшин /хожмын улсын заан/, улсын начин Д.Амгаа /хожмын улсын заан/, улсын начин Ё.Ишгэн /хожмын улсын заан/ нарыг, 1981 онд Өмнөговь аймгийн арслан Д.Багахүү улсын заан Д.Лхагвасүрэн, улсын заан М.Мөнгөн /одоогийн улсын арслан/, улсын начин А.Баатархүү нарыг өвдөг шороодуулан дөрөв давж дунд шөвөгт шалгарснаар давтсан ч эвдэж чадаагүй.


Тэд тавын даваанд ердөө “хоёр Мөнх”-д л “даруулсан” байдаг. Тухайлах юм бол, Б.Батхуяг, С.Буянт, Р.Лхагвасүрэн, М.Загдсүрэн нар Мөөеө аваргад, О.Бахыт, Д.Багахүү нар Баянаа аваргад тахимаа өгсөн байдаг агаад дараа, дараагийн жилүүдэд бүгд улсын цолд хүрчээ.


Жил жилийн цагаан сараас 1981 оны тахиа жилийн цагаан сарын барилдаан тун “халуун” болсон тухай бөхчүүд, бөхийн хорхойтнууд ам дамжуулан өгүүлэх нь бий. Цагаан сараас хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бөхчүүд, тэр дундаа хөдөө, орон нутагт ажиллаж амьдардаг хүчитнүүд бараг бүгд зодоглосон нь барилдааныг амттай, чимэгтэй болгож орхисон хэрэг. Улсын аваргын “уран барилдааны тусгай шагналт” Өмнөговийн Д.Багахүү, Сүхбаатарын Ж.Чулуун начин, Увсын Ө.Тулгаа начин, Булганы Ж.Бор, Баян-Өлгийн О.Бахыт, Хөвсгөлийн Д.Дамдинсүрэн, Өвөрхангайн Б.Пүрэвтогоо, С.Сосорбарам... нарын дунд Говь-Алтай аймгийн арслан Д.Нэмэхбаяр байсан бөлгөө.


Тэр өдөр Д.Нэмэхбаяр арслангийн од гийж, улсын начин С.Жамц, улсын арслан Ж.Хайдав, улсын заан Д.Долгорсүрэн, улсын начин Д.Галдандагва нарыг дараалан хаяж тав давсан нь цагаан сарын барилдааны их шөвөг буюу дөрөвт улсын цолгүй бөх шалгарсан анхны тохиолын эзэн болох хувьтай байж. Аймгаа төлөөлөн улсын аваргын тэмцээнд оролцчихоод нутаг буцахын зуурт бага наадамд барилдаад шуугиулчихсан түүний салхинд Спортын төв ордон хуйгаараа долгилж байсан гэдэг ээ.


Хожим нь 1986 онд улсын начин болсон Д.Нэмэхбаярын цагаан сараар гаргасан дээрх амжилт 1998 оны шороон бар жилийг хүртэл дархлагдан хадгалагдсан билээ. Өөрөөр хэлбэл, улсын цолтнууд аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдэд цагаан сараар шөвгийн дөрөвт хүртэл дээш арсаж барилдах боломжийг арван долоон жилийн турш олгоогүй гэсэн үг.


Ерээд оны дундуураас нэр нь дуулдаж, ордонд “том” Сүхбатыг доогуур даваанд “хугацаанаас нь өмнө” өвдөг шороодуулан шуугиан дэгдээж гарч ирсэн Увс аймгийн залуу арслан Б.Ганбатыг бар жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанаар Б.Бат-Эрдэнэ аваргаас бусад нь тогтоож хүчрээгүй. Улсын начин Н.Алтансүх, Г.Бат-Амгалан, Ч.Батзориг /одоогийн улсын заан/, цэргийн арслан Ц.Мягмарсүрэн /одоогийн улсын заан/, улсын заан Г.Өсөхбаяр /одоогийн даян аварга/, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ... бүгд л түүний гарын үзүүрт түүдэг шиг өнхрөөд өгсөн. Улсын цолгүй бөх цагаан сарын барилдаанд үзүүрлэж болдгийг тэр ингэж харуулсан. Энэ нь уламжлалт бага наадмын түүхэнд байгаагүй үзүүлэлт, гараагүй амжилт байв.


Түүний энэ амжилтыг хоёр жилийн дараа давтсан нь Сүхбаатар аймгийн арслан Ц.Магалжав. Ц.Магалжав улсын начин Д.Сэржбүдээ, О.Одгэрэл /одоогийн улсын заан/, И.Доржсамбуу /одоогийн улсын гарьд/, улсын заан Ц.Баярсайхан, улсын аварга О.Балжинням, улсын заан А.Сүхбат /одоогийн даян аварга/ нарыг даваад мөн л Б.Бат-Эрдэнэ аваргад унаж үзүүрлэсэн билээ.


Хэрвээ, 2010 оны бар жилийн цагаан сараар Архангай аймгийн уугуул, цэргийн арслан Ч.Санжаадамба барилдаагүй бол Б.Ганбатын арван хоёр жилийн өмнөх үзүүрлэсэн амжилт эвдэгдэхгүй байхсан биз. Арван он гаруут болсон гурав, дөрвөн том барилдаанд босоо үлдсэн Санжаадамбыг цагаан сараар “юм” дуулгах нь гэж хэн хүнгүй л хэлцэн шагшиж байсан. Тэр ерөөлөөр болж “юм” дуулгасан. Дуулгах дуулгахдаа бүр өвдөг шороодолгүй магнайлснаараа сар шинийн баярт зориулсан уламжлалт бага наадамд түрүүлсэн улсын цолгүй анхны бөх болон тодорсон бөлгөө.


Ид хавыг гайхуулан аймгийн начин П.Бүрэнтөгс /одоогийн аймгийн арслан/, улсын харцага Ө.Бат-Орших, улсын харцага Г.Элбэг, улсын заан Б.Ганбат /одоогийн улсын арслан/, улсын арслан Д.Ганхуяг, даян аварга Г.Өсөхбаяр нартай хийсэн түүний тулаан болгон нь үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байсан бөлгөө. Түүний амжилтыг өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар давтаж, улсын цолтнуудад боломж олгоогүй түрүүлсэн.


Улсын цолгүй байхдаа “дээш” цойлсон бөхчүүдээс өдгөө Б.Ганбат улсын арслан, Ц.Магалжав улсын харцага, Ч.Санжаадамба улсын заан цол хүртээд байна. Ш.Мөнгөнбаатар мөн удахгүй улсын өндөр цолд хүрэх биз ээ. Цагаан сарын барилдаан цаанаа л нэг бөхчүүдийн айсуй цагийнх нь өнгийг шинжсэн, тодруулсан, товойлгосон, “давааны цаадах даваа”-г харуулсан сорилго болдог нь эндээс харахад илэрхий.
read more “Цойллого”

Thursday, October 27, 2011

Бавуугийн Лхагвасүрэн зүрх, тархиа их чагнаж бичдэг


Зохиолч зохиолчийнхоо тухай:

Нуурын захад толгой зөрүүлэн

Дэлээ үнгэлцэх хоёр адуу

Салаад холдохын цагтаа

Үүлс бужигнатал янцгааж

Самсаа бүрээдэн учрахдаа

Үг хэлэлцэх шиг тургилна

Хуйв, тохом хоёр

Түр хагацаана уу гэхээс

Хувь заяа салгах нь үгүй ижил адгуус

Манант үүрийн зогсоолд

Магнай түшилцэн наадам зүүдлэх хоёр морь

Уулсын торгон салхинд сүүлэн ширэлдээ задалж

Усанд буусан сарыг тэнцүү хуваан залгилж

Одоо ингэж нэгэн гүүний унага мэт байвч

Овоон дээр тавьсан хэнийхээ яснаас үргэж явах бол доо, хөөрхий...

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн ийм нэгэн ялгуун туурвил бий.

“Нэгэн гүүний унага” мэт олон жил ойр дотно шадарлаж яваа гэрэлт андынхаа тухай соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, орчуулагч Лувсандамбын Дашням ийн өгүүлэх авай.

-“Бавуугийн хүүтэй хамааралтай элдэв юм яривал алуулна шүү” гэдэг үг сонсдог л юм. Гэвч би л лав “Лхагвасүрэнгийн тухай тэгж ингэж яриад, тийм ийм нөхөр алуулж гэнээ” гэж ер сонсоогүй. Хатуу хөтүү элдвийг хэлдэг ч намайг л лав ална, энэ тэр гэж элдэвлэсэн нь хэзээ ч байсангүй. Тийм болохоор түүний тухайд мэдэх юмаа ярихад эмээж ичих юм алга. Бид хоёр бол сүүлийн үед энд тэнд олон арав яригдаж, бичигдсэнээр “гарын таван хуруу”-ны хоёр нь, бас дуу шуунд ч байдаг бил үү “ойрхон мөртлөө хол”, тэгсэн хэрнээ “хол мөртлөө ойр” яваад байгаа хоёр л доо.

Эхэлж уулзсанаа яривал эртний юм болно. Эхлэн бичигчид гэгчид нь байснаа эртнийх гэх гээд байна шүү дээ. Зохиолчдын хорооны дэргэд “Үлгэрийн танхим” гэдэг утга зохиол сурталчилдаг гэхээсээ илүү хороондоо мөнгө олж өгдөг нэг газар байлаа. Тэр байгууллагыг би хэдийд нь ч мэддэг болсон юм бүү мэд. Бодвол, бараг л үүсгэл хавиас нь анзаарсан юм бол уу. Мэддэг болсон шалтгаан нь Лхагвасүрэнтэй л холбоотой. Мань хүн тэндхийн жүжигчин.

“Манин тогооч” гээд хэржигнэсэн төмстэй хоол хийдэг нэг сүрхий хүний тухай тайзан дээрээс жүжиглэж үзүүлдэг, бас үсээ туузаар боолгож байгаад гарч ирдэг, тэгээд Цэрэндарьзавын нөгөө алдарт “яриа”-нуудархуу хүүхдийн нэг шог яриаг хоолой бөжигнүүлж ирээд л ярьдаг хүн байсан. “Авъяастай лүд юм” гэгч нь нэг мэдсэн гараад ирсэн дээ. Тэгсэн тэр нөхөр жүжигчнээр барахгүй Д.Гармаагийн нэг номны чимэг зургийг (тэр үед ихэнхдээ номын хавтсыг нь бүтээдэг байлаа) зуржээ. Тэр нь өнгө аясыг олсон, донжтой гэж жигтэйхэн. Номтой болох гэж байгаа болгон Лхагвасүрэнгээр хавтсыг нь зуруулах юм болцгоож байсан шиг санагдана.

Хүзүү гэхээр юм байна уу, үгүй юу гэмээр бэгцгэрдүү, илхнээр инээмсэглэх хэр нь “энэ нөхөр цаанаа бол юу л гээд байгаа бол доо” гэмээр жоготой, онигоо, энэ тэр ярих үед заавал цааш нь “эвгүй хорлонтой”-гоор гүнзгийрүүлдэг намхан бор эр бол тэр байлаа. Одоогийнхоосоо туранхай байсаан.

Тэр үед манай томчууд “Уран үгсийн чуулга” гэж нэг гоё юм хийдэг, түүгээрээ дамжуулж утга зохиолоо ард түмэндээ хүргэх, түүний цаана түмэнтэй нүүр учирч гол нь өөрсдийгөө таниулах ажил хийдэг байв. Бид бас тэгмээр, тэгэхдээ томчуудаас тусдаа бие дааж явмаар байдаг, тэгье ч гэж ярьцгаадаг байлаа.

“Зохиолчдын хорооны санд таван төгрөг оруулсан” хэмээх алдарт шог ярианы бай болсон “Уран үгсийн чуулга”-аа бид Дархан хотод хийсэн юм. Тэр ажлыг би санаачилж, голцуу “Дөмөн”-гийнхнөөс бүрдсэн баг зохион байгуулж байв. “Үлгэрийн танхим”-аас Лхагвасүрэн бидэнтэй цуг явлаа. Амьдрал мэдэхгүй амьтад чинь хүн хар хотдоо байдаггүй, хадлан тариалангийн үед нь оччихож. За тэгээд бид ямар Явуу, Эрдэнэ, Пүрэвдорж нь биш дээ, хэн тоохов. Баларлаа. Олуулаа явсныг хэлэх үү. Зардлаа яаж нөхөхөв. Бөөн толгойн өвчин боллоо. Тэгэхэд Лхагвасүрэн ёстой нэг авралын бурхан болсон. Цэргийн анги гэж арай олон хүнтэй газрыг бодож олоод очсон чинь цэрэг, эх орны сэдэвтэй зохиол гэдэг нь хэнд нь ч байсангүй.

Лхагвасүрэн “одоохон, одоохон” гээд л тайзны ард нэг жаахан зайд, цонхны тавиур янз манз ч биш байсан шиг санагдана, эрхгүй л нэг юман дээр, цаасны тасархай дээр нэг юм бичээд байна. Тэгээд л бичсэнээ уншлаа. Тав дахиулсан. Зарим цэрэг уйлж харагдана. Цэрэгт явсан нөхөртөө бичиж байгаа хариу захидал юм. Жаахан хүү нь бичүүлэхгүй сандаргаад л болцгор хурууных нь хээ захиан дээр энд тэндгүй үлдээд л кино үзэж байгаа юм шиг л юм болсоон. Ямар ч гоё уншдаг юм бэ. Тэгж л Лхагвасүрэн “Дөмөн” нэгдлийнхэнд яруу найрагчаа зарласан. Бас согтуу хонодог сарны тухай шүлэг ч түүнд байсан юм билээ. Түүнээ ч уншсан.

Жүжигчин, зураач, шүлэгч, чадахгүй юмгүй арван хуруу тэгш нөхөр маань удаж төдөлгүй л бидний “гал хам” болсон доо.

Бид “Дөмөн” дотроо бойжин, хоёр нэг жилийн дараа анхны номоо гаргацгаалаа. Зарим нь ч Лхагвсүрэнгээр нөгөө эртний төлөвлөсөн хавтсаа зуруулсан байх. Хөөрхөн хөөрхөн номнууд гараад байсан шиг санагдана. Лхагвасүрэн маань харин өөрөө ганцаараа номгүй үлдлээ. Би одоо болтол учрыг нь сайн мэддэггүй юм. Тийм их тэвчээртэй, уран бүтээлдээ нягт нямбай хандан, анхнаасаа л өөрийгөө “бараклаж” чаддаг нөхөр байсан юм уу, аль эсвэл Лхагвасүрэнгийн өвөрмөц илэрхийлэл дарга турхыг нь цочоогоод, хаалт боолтонд нь тороод байсан юм уу, номын хувьд л лав үеийнхнээсээ хоцорсон. Магадгүй илүү тод гарч ирж, илүү хол явахаа мэдээд байсан юм байлгүй дээ, тэр. За тэр ч яахав. Хэдийд номоо гаргасан нь хэнд хэрэгтэй байв гэж.

Миний хувьд Лхагвасүрэнд “сургууль соёлд орж, боловсролоо нэмэх” тухай л юм ярьдаг байсан. Тийм боломж их байгааг үе үе зөвлөдөг байсан. Ашгүй Лхагвасүрэн сургуульд явлаа. Эрхүүд бэлтгэлд орж гэнэ л болсон. Өвөл ирэхэд нь уулзвал гоё сайхан оюутан болчихсон, миний гоё номыг оюутнууд хэрхэн уншиж байгаа тухай (“Бурхантын цэцэг” нэртэй ном маань гоё хавтастайгаасаа болоод ийм тийм яриа хэлэнд өртдөг байв) намайг явуулж, цаашлуулсан үг шидээд л, нөгөө цаанаа жоготой инээдгээрээ инээгээд л баяр хөөртэй, сэтгэл хангалуун додигор амьтан, ер нь нэг их өөрийнх нь цаг үе эхэлсэн шиг харагдсан шүү.

Эрдэм номын мөр хөөж боловсрох эрмэлзлэл шулуудаж байгаад нь бид ч баяртай байлаа.

Дараа нь Москвад Киноны дээд гэгчид нь очиж гэнээ л болсон. Хоёр ч мэргэжлээр зэрэг сурч байна гэж дуулдлаа. Тэгсэн давхар ухаан зааж илүүчлэн сурч асан кино зураачийнхаа мэргэжлээс болоод болохоо болих нь тэр ээ. Нэг бүтээл нь баруунд хэвлэгдчихэж. Цуг сурч байсан нэг оюутан найз нь бас л бидэн шигээ Лхагвасүрэнгээрээ бахархаж дээ. Бодвол, “ийм нэг монгол байна” гэж үзүүлж харуулмаар байсан биз.

Тэр үед чинь баруунд бүтээлээ гаргах нь битгий хэл, барууны маягтай хүнтэй хоёр нэг үг сольчихвол буруутдаг цаг үе байсан юм чинь. Тэр тусмаа Оросод сурч буй муу монгол оюутан уу!

Буруутаад буцаад ирснээ бидэнд хэлэлгүй удсаан. Ийм тийм цуу яриа цуглуулсаар байгаад бид нэг юмны үзүүртэй болж, нэг өдөр гэрт нь яваад очицгоолоо. Яахав юм ил тод болж, тэр дороо л цөмөөрөө урд өмнө хийж заншсан анд нөхдийн хурлаа хийхгүй юу. Арай ч бүрмөсөн буцаачихсан юм биш бололтой байна. Буцаж очоод бидний захиж гуйж байгаачлан түмэнтээ уучлал гуйвал сургуульд нь буцаагаад авчихмаар ч юм шиг санагдаж байна. Түүнийг ярьцгаагаад нөгөө нөхрөө яаж ийгээд буцаах боллоо.

Хоёр том даваа байв. Нэг нь Соёлын яамын коллегийн хурлыг давах, нөгөө нь паспортоо Гадаад яамнаас эгүүлэн олж авах. Хоёуланд нь би голлох үүрэг гүйцэтгэх болчихлоо. Коллегийн хурлыг Чойжилын Чимид гуайн тусламжтайгаар давах цорын ганц “арга” байна гэж үзлээ. Чимид гуайд түүнийг ойлгуулж чадах “баруун гар” нь би болж таарлаа. Олон улсын харилцаа төгссөн болохоор Гадаад яаманд танил тал, хаалга байх учиртай нь бас л би болов. Тэр нь ч үнэхээр тийм байлаа. Би ч хийдгээ хийлээ. Азаар хийсэн шиг хийлээ.

Лхагвасүрэн маань цайтай цүйтэй, дуутай хууртай буцаад явлаа. Бид хэллээ. “За нөхөр минь юм өөрөөр эргээд буцаад ирэх болвол түрүүнийх шигээ таг чиг болохгүй шүү. Яадгийм, Москвагаа нэг эргэчихээд хэдэн муу хувцсаа авчихаад цохиод ирнэ биз. Ямар хийх ажил, хэвтэх газаргүй амьтан биш” гэцгээв.

Зөрүүд орос профессор, хатуу чанд Элчин сайдын яамаа нөгөөх чинь давж чадсангүй ээ, буцаад ирчих нь тэр. Харин аз болоход их утга зохиолдоо эгнэгт буцаад ирчихсэн дээ.

Нэгэнт заяасан авьяасыг юу ч хааж боож чаддаггүй шүү дээ. Уран бүтээлч хүн ямар мэдлэг, боловсрол, дипломоо хүнд харуулах албатай амьтан биш, гол нь авьяасаа л харуулах хэрэгтэй байдаг шүү дээ. Мань хүн удалгүй жинхэнэ яруу найрагч, билэг танхай гэдэг тодотголын эзэн болж тодорсон. Жишээ нь, сар туссан уснаас адуу ундлахдаа усыг цалгиулах биш хэмхчиж тасчиж байгааг л үзүүлж гарсан даа. Дараа нь аяндаа кино, жүжиг рүү орсон. “Үлгэрийн танхим”-д ажилласан нь зохиолч нартай ч нэлээн ойртуулсан байх. Өөрөө жүжигчин хүн учраас тайз, дэлгэцийн бүтээл хийхэд маш их дөхөмтэй байсан байх. Жүжигчдийг сайн таньдаг мэддэг байсан нь ч нөлөөлсөн байх. Бичиж суухдаа хэн гэдэг хүнээр дүрээ бүтээлгэх, ямар жүжигчин яаж жүжиглэхийг дүрслэн харж, хэлэх ярих аяг маягийг нь хүртэл нүдээрээ төдийгүй зүрх, тархиараа мэдэрч, мэдэж бичдэг байсан болов уу. Тэгж эрхгүй бодогддог юм.

Яруу найргаа ч тэр, жүжиг, киноны зохиолоо ч тэр онцгой өөрөөр урлана. Ардын нарийн ухаан шингээж, далд холын санаа шигтгэж өгдөг нь гайхамшигтай.

Жүжгүүд нь түүхэн том сэдэвтэй шүү дээ. Хэдийгээр зарим нь дэлхийн утга зохиолд байдаг л сэдэв ч Монголынхоо хөрсөн дээр буулгаж, монгол оюунаар амилуулж, ухаантай хүн бол юм бодохоор урлаж чаддаг нь бахархмаар. “Тамгагүй төр”, “Сарны цагаан цус”, “Хүйтэн сэнтий”, “Атга нөж” гээд олон сайхан жүжиг бий дээ. Жүжгээ их цэцтэй, билгүүн үгээр шүлэглэж, цомхон, агуулга, санаагаа яруу шингээж илэрхийлдэг болохоор тайзнаас сонсоход их урамтай. Санаж байна уу. “Тамгагүй төр” жүжиг дотор хатнаа хардаж буй хаан:

Бие нь загатнасан эм хүн гэдэгт

Битүү нүх гэж үлддэггүй юм

Би мэдэж байна...

гэж шазруун хэлээд

Хавирган завсараараа гараа оруулж

Халуун зүрхээ базлаа ч

Худлаагийн усан шүүс гарч

Хурууны үзүүрт үнэн юм тодорхойгүй байна...

Өөрөө яаж аагиж уугиж бичдэг нь тодорхой, тэрхүү бичсэн нь жүжигчин хүнд шууд л “шигдчихмээр” байгаа биз.

Манай галаас Жагдалын Лхагваа, Лхагвасүрэн хоёр их нийлнэ. Амьдралын янз бүрийн өнгө хэмнэлтэй яриа хөөрөө өрнүүлнэ. Сүүлийн үед Урианхайг дэргэдээ байлгаж, нарийндаа “авч яваа”. Дарга цэргийн ярианых нь ард найз нөхдийн наргиантай, нэг нэгнээ “явуулсан”, “мэрсэн”... яриа өрнөнө. Тэр хоёрын харилцааны өнгө аяс сонин л доо.

Миний “Зуны цас” номонд нөхрийн үг хэлсэнд нь би баярлаж явдаг. Дээр үед бид номоо гаргахын өмнө бие биедээ уншуулдаг байсаан. Лхагвасүрэн хоёр нэг үг сольчиход л минийхээс жигтэйхэн сондгой болоод явчихдаг юм. “Энэ бол Лхагвасүрэнгийн л үг юм байна, минийх биш” гэж бодогдоод үлдээх ч арга байдаггүй юм. Энэ нь хүн хүний дотоод “өгөгдөхүүн” өөр болохын л жишээ.

Миний номд Лхагвасүрэнгийн зассан “сэтгэл шадарлаж” гэдэг үг бий. Гайхамшигтай сайхан хэлсэн шүү. Биеэрээ биш сэтгэлээрээ шадарлана гэдэг их сайхан. Нас яваад ойр ойрхон уулзах нь ховордсон ч холоос бие биеэ харж, дотроо л даллаж дуудаж явдаг болж дээ, бид. Лхагвасүрэн хааяа тийм жүжиг, ийм кино бичиж байгаагаа мэдээлнэ ээ. Тэр байтугаа “хаана ч байхгүй, хэн ч дөнгөхгүй юм” хийж байгаагаа ч хэлчихнэ. Өөрийгөө асар ихээр ирлэж бичдэг хүн. Аатай.

Аав ээж, нутаг ус, үр хүүхэддээ халуун хайртай нь сэтгэл хөдөлмөөр. Хүүхдүүдээ эрхлүүлнэ, нялхамсуулна. Өөрийн гэсэн амьдралын үзэл, онолтой уран бүтээлч дээ, манай Лхагвасүрэн.

Лхагвасүрэнгийн тухай ярихад, бодоход сайхан байна.

Л.Дашнямтай хөөрөлдсөн сэтгүүлч Цээнзэнгийн ГАЛБАДРАХ

2011.10.21.

read more “Бавуугийн Лхагвасүрэн зүрх, тархиа их чагнаж бичдэг”

Monday, October 3, 2011

Зохиолч зохиолчийнхоо тухай



Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Дарамын Батбаярын тухай соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Л.Дашням ийн өгүүлэх авай.

-Дарамын Батбаяр бид хоёрын нөхөрлөл далан найм, есөн оноос эхтэй юм. Би хойно оюутан байхдаа анх сураг сонсон уулзах, танилцах гэж эрж хайж байсан түүхтэй. Геологийн сургуульд очсон, миний дунд сургуулийн анд, өөрөө ч бас юм оролддог Б.Пүрэвсүрэн маань “Надтай нэг өрөөнд ёстой мундаг зохиолч байна аа. Чамтай танилцуулбал та хоёр нэлээн гар нийлэх байх” гэж хэлж байна. Очлоо. Эзгүй байгаад таарсангүй. Хорхой хүрээд хэд хоногийн дараа дахиад очлоо. Тэгтэл нөгөө нөхөр Монгол руу явчихсан гэнэ. Геологийн сургуулиасаа Горькийн сургууль руу шилжих гэж баахан хөөцөлдөөд тэр нь бүтээгүй болохоор буцчихсан юм байх.

Хожим төгсч ирсэн хойноо би хүнээр заалгаад зүс таних болсон. Батбаяр ч энд их сургууль төгсчихсөн, богино үгүүллэгүүдээ хэвлүүлээд эхэлчихсэн байв. Нэг өдөр Төв шуудангийн тэнд явж байхаар нь уулзлаа. Танилцлаа. Үерхэл тэгж л эхэлсэн. Зохиолч П.Лувсанцэрэн бид эртний танил. Тэр надаар элдэв юм орчуулуулж “Цог” сэтгүүлдээ тавьдаг байв. Амихандаа би түүгээр дамжаад зохиолчид руу, зохиолчдын хороо руу дөхөх дотор бодолтой байлаа л даа. Тэгсэн нэг өдөр Лувсанцэрэн “Чамд хачин гоё юм үзүүлье. Сэлэнгээс Лхагваа гэж цахилгааны инженер бололтой нэг нөхөр тун хөөрхөн юм ирүүлээд байна” гэв. Жигтэйхэн часхийсэн үгүүллэгүүд байна. Лууяа:

-Үүнийг ханьтай болгоё. Ийм жанр хэрэгтэй. Чи бол биччихнэ дээ гэж байна. Шууд л:

-Тэгье гэлээ.

Тэгээд би анх “Зурагны ард” гэж нэг юм бичээд Лууяад үзүүллээ.

-Чи ямар хэмжээтэй зурагны ард үүнийгээ бичсэн гэж бодож байна гэж байна. Би уг нь зурагны ард л бичсэн үг маягтайгаар үгүүлсэн юм л даа.

-Мэдэхгүй. Түүнийг бодоогүй шүү! гэлээ.

-Нэг их том зураг хүнд дурсгаад байх уу даа.

-Хаанаас.

-Тэгвэл чиний энэ бичсэн чинь жижиг зургийн ард багтах болов уу?

-Зураг ямар байхыг би огт бодоогүй...

-Тэгээд чи яах гэж “Зурагны ард” гэж бичсэн юм. Яг л нэг зурагны ард багтахаар хэмжээтэй байх юм биш үү? Санаа нь хөөрхөн юм гэж байна. Удалгүй Ж.Лхагваа бид хоёрын хэдэн богино үгүүллэгийг “Яргуй” сэтгүүлийн анхны дугаарт гаргаж байв.

Түүнээс хойш Лхагваагийн эрэлд гарав аа. Нэг өдөр дэлгүүрээс гарч яваа нөхрийг манайхны хэн нь ч билээ нэг нь “Өнөө чиний хайгаад байгаа Лхагваа чинь энэ” гэдэг юм. Томоо цүнхэнд пиво л бололтой баахан юм хийчихсэн, оготор хамартай, монтёр маягтай, миний бодсоноос шал өөр нөхөр аахилчихсан цохиж явна. Би түүнийг үгүүллэг шигээ цэмцгэр, Цоодолорхуу амьтан байгаа гэж төсөөлж байсан байхгүй юу. Танилцлаа. “Өө хоёулаа манайд очьё” гэж байна. Гуравдугаар сургуулийн тэр хавь руу... Тэр өдрөөс л бидний нөхөрлөлийн урт аян эхэлсэн дээ.

Урианхай бид хоёр бол угийн танил. Мань эр Төлөвлөгөөний комисст, би Эдийн засгийн хороонд ажилладаг байв. Ордны хоёр. Нэгэн удаа Зохиолчдын хороон дээр санаандгүй таардаг юм.

-Чи хаа хүрч явна?

-Өө найз нь Байроны хоёр шүлэг орчуулаад, “Утга зохиол урлаг” сонинд өгчихөөд явж байна гэж байна. Ордон орох замдаа ярьж байхнаа орчуулга хийхээс гадна шүлэг бичдэг нөхөр болж байнаа.

Тэр үед Зохиолчдын хороон дээр олон нэгдэл ажилладаг байсан юм. Д.Гармаагийн нэг номын зургийг Лхагвасүрэн гээд нэг хүзүү багатай нөхөр хийсэн байна. Тэгэхнээ “Үлгэрийн танхим”-ын жүжигчин гэнээ. Жигтэйхэн жүжигчээн. “Манин тогооч” энэ тэр гээд авч өгнө. Дархан руу бидний хэдэн уран бүтээлч залуус “Уран үгсийн чуулган” хийхээр явав аа. “Үлгэрийн танхим”-аас ч хүмүүс явсан. Тэгтэл нөгөө Лхагвасүрэн чинь шүлэг бичдэг юм байна. “Согтуу хоносон сар”-ны тухай нэг шүлэг уншаад хэд ч дахиулав даа, ер. Энэ цагаас л бас бидний нөхөрлөл эхэлсэн. Ажлынхаа завсар чөлөөгөөр нөгөө хэдтэйгээ уулзана. Санаагаа ярина. Бичсэнээ уншина. Бие биеэ хөөрхөн дооглож явуулна. Д.Батбаяр, Д.Урианхай хоёр чацуу ч Батбаяр нэг сараар ах. Би тэр хоёроос хоёр, Ж.Лхагваагаас нэг дүү, Б.Лхагвасүрэнгээс нэг ах юм.

Батбаяр маань дунд үедээ жүжгийн зохиол руу орчихсон. Намдаг гуайн санаачилсан жүжгийн зохиолчдын дугуйланд явдаг болсон. Намайг тэнд яв гэж Батбаяр их чангаасан ч ажил төрлийн боломж таараагүй. Батбаяр маань тэнд явж байхдаа л жүжгийн зохиолын учрыг олж анхныхаа жүжгийг бичсэн. “Дөшинжирмийнхэн” гэж. Их ч урам орсон байх. Гаршсан ч байх. Түүнээс хойш олон сайхан жүжиг туурвисан даа. Аливаа нэгэн үйл явдлын ээдрээ, оньс, зөрчлийн зангилаа л олж авч чадвал түүнийгээ тойруулаад л бичдэг юм гэж ярьдаг юм. Эхлэл, төгсгөл, зангидлага, оргил ч гэх шиг олон нарийн ухаан яринаа.

-Маш гоё алчуур байлаа гэхэд түүнийг үзэгчдийн өмнө мөд гаргаж ирэхгүй. Гол нь тэр алчууртаа хайр сэтгэлийн ч юм уу ямар нэгэн зүйлийн учир шалтгааныг шингээж өгнө. Алчуур хэнд байгаа нь ч мэдэгдэхгүй. Түүнийгээ тойруулаад л үйл явдал өрнүүлээд хэлэх гэсэн, гаргах гэсэн санаа, нууцаа шигтгэж, шингээж үзэгчдээ татна гэх мэтчилэн ярина.

Шинэ жүжгийнх нь нээлтэд тогтмол очдог. Жүжгийн нээлтийн дараа тодорхой хүрээнийхэн үлдээд жүжиг тойрсон яриа хөөрөө өрнүүлдэг уламжлалтай байв. “Дөшинжирмийнхэн” анхных нь бүтээл гэхэд тун давгүй жүжиг. Надад бас “Хөхөлдэй хүүгийн үлгэр” их таалагдсан.

Батбаяр бол тайзаа маш сайн мэдэрч бичдэг зохиолч. Бүтээлийнх нь бодит хөрс их амьдралтай. Мань хүн аливаа бүтээлийнхээ санааг тэр болгон ярихгүй, тас нууна. Гараас гаргасан хойноо л дэлгэнэ. Бид хоёрын дунд бараг тогтсон нэг уламжлал бий. Түүний шинэ номын тухай санаа оноогоо би захиа маягаар бичдэг юм. Голцуу гадагшаа явахдаа шинэ номыг нь авч яваад айван тайван уншина. Яагаад ч юм бэ, тийм нэг хэвшил миний хувьд тогтчихсон. Урьд нь уншсан байсан ч хамаагүй, аваад явна шүү. Тэгээд төрсөн сэтгэгдлээ гадаадаас бичиж байгаа юм шиг бичнэ. Түүнийгээ шуудангаар явуулахгүй, өөрөө сүүлд нь гардуулж өгнө. Тийм захиа Батбаярт нэлээн хэд бий байх аа.

Батбаяр нэг зохиол бичиж байгаа гэвэл хэд хоног ямар ч чимээ аниргүй болчихно. “Цаадах чинь одоо түмпэнтэй усанд хөлөө дүрчихсэн, чийгтэй алчуур мөрөн дээрээ тохчихсон л сууж байгаа” гэж Лхагвасүрэн хэлдэг юм. Түүнийг нэг очиход л тэгээд сууж байсан юм байгаа биз.

Өөрөө өөртэйгээ их ажиллаж бичдэг хүн дээ...

read more “Зохиолч зохиолчийнхоо тухай”