Tuesday, November 24, 2009

Бүсгүй ээл



2009.11.25.

Нэгэн татлага.
2008 оны Бээжингийн олимпийн жүдо барилдааны -100 кг-ын жингийн аваргын төлөөх тулааныг татами дээр япон бүсгүй Амано Акико шүүн дэнсэлсэн бөлгөө. Тэрбээр барилдааны төгсгөлд Монголын бөх Найдангийн Түвшинбаяр Казахстаны Асхат Жеткеевыг нэг вазари, хоёр юкогоор буулган авсныг, монголчууд түүхэндээ анх удаа олимпийн аваргатай болж буйг бататган манай бөхийг заан гараа өргөсөн түүхтэй.

Нэгэн татлага.
Голландын Роттердам хотноо болсон 2009 оны дэлхийн аварга шалгаруулах жүдогийн тэмцээний 66 кгын жингийн алтан медалийн төлөөх тэмцэлдээнийг дэвжээн дээр тайвань бүсгүй Шиау Шву Хуэй шүүн явуулсан бөлгөө. Тэрбээр барилдааны төгсгөлд Монголын тамирчин Хашбаатарын Цагаанбаатар Испанийн Сүгои Уриартег юкогоор ялж түрүүлснийг, монголчууд түүхэндээ анх удаа жүдогийн төрлөөр дэлхийн аваргатай болж буйг бататган манай бөхийг заан гар өргөсөн түүхтэй.

Он цагийн хувьд, агуулгын хувьд, жин бангийн хувьд өөр өөр ч гэлээ жүдогоор монголчуудын үзүүлсэн түүчээ дээд энэхүү хоёр амжилтын шийдвэрлэх барилдааныг эмэгтэй, тэр дундаа Ази шүүгчид дэнсэлсэн нь сонин санагддаг.

Монголчуудад, монгол жүдочдод бүсгүйчүүд ийм ээлтэй юу, эсвэл бүсгүйчүүд Монголын жүдочдод ийм элэгсэг ханддаг юм болов уу...
read more “Бүсгүй ээл”

Monday, October 26, 2009

Яндашгүй сайхны цоморлиг

...Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон...











read more “Яндашгүй сайхны цоморлиг”

Friday, October 2, 2009

Чи монгол хүн биш...



Улирагч зун Польшийн Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, доктор профессор Кишмовский Таденц өөрийн гэргийн хамт манайд ирээд буцсан бөлгөө. Дэлхийн 74 орноор аялсан буурал эрдэмтний олон жилийн мөрөөдөл биелсэн нь энэ, Монголд ирснээр.

Ная хол гарсан ч аанай л манайхны тавь, жараад насныхан лугаа хөнгөн гавшгай польш эрдэмтэн Хустайн нурууг зорих замдаа Элсэн тасархайгаар дайрсан л.

Нэгэнтээ түүний түр зогсоно уу гэсэн хүсэлтээс жолооч татгалзсангүй. Шаргалтан манхайх элсэн нуруу, явган загийн шугуй...”үүнийг гайхан түүнийг шохоорхон” зураг хөрөг авч яваад ирэхдээ тэр зам зуур амны цангаа гаргаж явсан хуванцар савтай усаа хаа нэгтээ тавиад мартчихаж. Машин хөдлөх гэтэл өвгөн суудаггүй.

“Түүнийг заавал олохгүй бол болохгүй. Ийм сайхан онгон байгалийг чигээр нь л үлдээх ёстой. Тэр хуванцар сав хэдэн зуун жилийн дараа газрын хөрсөнд шингэнэ шүү дээ” гэж эхнэрээ “зэмлэн” буулгаж эрсээр олж ирээд санаа нь амарсан байдалтай цааш хөдөлж билээ. Тэрүүхэн хооронд жолооч л баахан үглэсэн дээ. Харийн хүн бидний нутгийг ингэж хайрлаж байхад...

Бас нэгэн дурсамж.
Буурал эрдэмтэн Тэрэлжид очиж хоносныхоо маргааш өглөө дасгал хийж, хүйтэн усаар цээжээ арчиж зогсохыг харсан хэдэн япон жуулчны нүд ёстой л духан дээрээ үсрэн гарч ирсэн дээ. Куртик, малгай болсон тэд уулга алдан өвгөний гарын булчинг барьж үзэн ная гаран настай гэдгийг нь сонсоод гайхахдаа толгойгоо мөрөн дээрээсээ золтой л салгачихаагүй сэгсэрцгээж билээ.

Тэрбээр моринд үйлийн үргүй дуртай нэгэн юмсанж. Малчин айлд зочилж, уяан дээр нь очин морьдын омруу хүзүүг маажлан амандаа яриад л. Өдөржин жуулчид ээлжлэн мордож буусаар нурууг нь авчихсан нэгэн морины шархыг хараад эзнийг нь дуудан "бууж" гардаг байгаа.
“Чи муу хүн байна. Монголчууд мориндоо хайртай гэж би олон удаа сонссон. Чи монгол хүн биш байх. Энэ олон морь танайхыг тэжээж байна. Гэтэл чи яагаад эднийгээ хайрладаггүй юм. Энэ морины нүд рүү хараач, чи” гээд л. Нээрээ л нуруугүй болсон хөөрхий тэр морин эзэндээ гомдсон, харууссан харцаар харж байсан даа...
2009.10.02.
read more “Чи монгол хүн биш...”

Thursday, September 17, 2009

Нэгэн бодлын шүлэг





Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Харагдахгүй урсах салхи байх минь яав
Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Баригдахгүй хөөрөх будан байх минь яав

Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Өнжин хонон будрах цас байх минь яав
Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Өндөр тэнгэрт жиргэх жигүүртэн байх минь яав

Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Хайрын
Амтат халуун зүүд байх минь яав
Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Хан тэнгэрийн
Аясыг дагаж нүүх үүл байх минь яав

Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Молцог манхны
Алдуул шарга нүүдэл байх минь яав
Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Морьтой л хүн давах
Бартаа ихт уулын эрмэг цуурай байх минь яав

Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Хотны сайхан банхар болж төрөх минь яав.
read more “Нэгэн бодлын шүлэг”

Миланд цахиур хагалсан "шадар гурав"



“Милан-2009”-өөс Монголын гурван боксчин алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн дуулианы хөлийн чимээ намдаж амжаагүй байна. Тэднийг Дюмагийн "Шадар гурван цэрэг"-ийн баатруудаар төсөөлөх юм бол У.Мөнх-Эрдэнэ Атос, П.Сэрдамба Портос, Н.Төгсцогт Арамис шиг л санагдах.

Оролцсон тэмцээн, гаргасан амжилт, авсан медаль, дадал туршлага, нас, зүсээрээ өөр хоорондоо адил төсгүй энэ гурав дэлхийн аваргын медалийг нэг жил, нэг рингэн дээр авснаараа онцлог холбоотой.

Гурван “ширэн бээлийтэн” маань медаль авснаар Монголын боксын түүхнээ шинэ шинэ амжилт тогтоож буй.

Олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин 24 настай Сэрдамбын хувьд олимпийн төрлийн спортоор дэлхийн аварга цолыг хамгийн залуудаа хүртэж буй монгол болов. Урьд нь манайхаас байт харваагаар Д.Дэмбэрэл 1971 онд 33, чөлөөт бөхөөр З.Ойдов 1974 онд 25, мөн чөлөөт бөхөөр Х.Баянмөнх 1975 онд 31, буудлагаар Д.Мөнхбаяр 1998 онд 30, жүдогоор Х.Цагаанбаатар 2009 онд 25 настайдаа дэлхийн аварга болсон бөлгөө.

Харин залуу тамирчин Төгсцогт Монголдоо нэгэн өвөрмөц содон амжилтын эзнээр тодрох нь хэн хүнд тодорхой болж байх шиг. Манай спортын түүхэнд хамгийн залуудаа гавьяат тамирчин цол хүртсэн хүн бол жүдоч Хашбаатарын Цагаанбаатар. Тэрбээр “Афин-2004” олимпоос хүрэл медаль хүртсэнээрээ 20 настайдаа энэ эрхэм цолоор шагнуулсан билээ. Ерөнхийлөгч тун удахгүй зарлиг буулгаж дэлхийн аваргын мөнгөн медальт Төгсцогтод гавьяат өгөх нь дамжиггүй. Ингэснээр тэр энэ цолыг хамгийн залуу буюу 17 насандаа хүртэх нь.

Монгол түмэн бор бандитайг, бор банди нь нударгатайг дэлхий дахин мэддэг болсоор бас чиг цөөнгүй оныг үдсэн. Олон улсын болоод тивдээ тэр л Монголынхоо нүүрийг өнөөг хүртэл тахалж ирснийг мэдэх хүн олон. Мөнх-Эрдэнэ гавьяатаас дөлж, тойрсоор ирсэн дэлхийн аваргын медаль энэ жил л түүний энгэрт гялалзах ерөөлтэй байж.

Түүний энэ амжилт Монголын боксчдын “хамгийн, хамгийн”-д бас л нэг шинэ хуудас нэмэв. Манайд боксын спорт үүсч хөгжсөн жар гаруй жилийн түүхэнд одоогоор долоон тамирчин дэлхийн аваргаас медаль хүртээд буй. Тэд 17-26 насандаа дээрх амжилтыг гаргажээ. Харин хамгийн ах буюу 26 настайдаа медальд хүрсэн нь У.Мөнх-Эрдэнэ гавьяат.
2009.09.17.
read more “Миланд цахиур хагалсан "шадар гурав"”

Wednesday, September 2, 2009

Ерөөлтэй намар



Намар ерөөлтэй улирал. Байгалийн дэлэн чинэж, сэтгэл бүхэн дэлгэрч арвижих, дэвжиж дээшлэхийн билгээр саамшин ивлэх бөлгөө. Адууны салхи, агь таанын хонгор салхитай ширэлдэж хатирсан ерөөлт намраар ерөөлт хувь заяаны мөнгөлөг утсыг бодлынхоо ээрүүлд нийтгэж суунам, би.

Нэгэн шигтгээ. “Афин-2004″ олимп ид дундаа үргэлжилж байсан үе. Жүдогийн барилдаан эхлэхийн өмнөхөн, бөхчүүд жингээ үзүүлж хэмжүүлсэн шиг. Наймдугаар сарын 14-ний нартай, жаргалтай өглөө Чимэдбазарын Насантогтох багштай Америкаас нэгэн эрхэм утсаар холбогдсон нь боксчин Нэргүйн Энхбат гавьяат. Тэрбээр олимпийн “халуун тогоо”-ны элдэв хачнаас сонирхонгоо Монголынхоо тамирчдыг түүчээлэн дэвжээнд гарах болсон залуу жүдоч Цагаанбаатарт амжилт хүсч буйг дамжуулж өгөхийг алдарт дасгалжуулагчид санал болгоод утсаа салгажээ.
1988 оны Сөүлийн олимпоос монголчуудын хүртсэн цор ганц хүрэл медалийн эзний билэг ерөөл хэдхээн цагийн дараа төгс биелж, Цагаанаа тэр өдөр хүрэл медаль хүзүүндээ зүүсэн билээ.
Бодоход, “том” гавьяат зүгээр л нэг тохиолдлоор бөхчүүдийг жингээ үзүүлж байх үеэр утасдаж таараад, дэвжээнд анхлан гарах болсон тамирчинд амжилт хүсээд, мөнөөх нь медаль аваа л биз гээд холуур даялаад өнгөрч болох ч цаанаа ямар нэгэн нарийн учир, нандин утга оршин буй мэт санагддаг.
Тэгэхнээ нь Нэргүйн Энхбат, Хашбаатарын Цагаанбаатар хоёр нэг өдөр буюу гуравдугаар сарын 19-нд төрсөн байдаг. Мөн спортын төрөл нь өөр ч гэлээ олимпоос хоёулаа адилхан 60 кг-ын жинд медаль авсан байдаг.

Нэгэн шигтгээ. Биелсэн үлгэрийн “төмөр шувуу” нисч, буух буудал газар Буянт-Ухаа хүнээр чигжүү. Эрхэм зочдын “VIP” хаалга алгуурхан нээгдэж мэргэн бууч Доржсүрэнгийн Мөнхбаяр гарч ирэв. Багтаж ядсан их хөөр баяр нүүрэнд нь гэрэлтэж, Барселоны олимпийн хүрэл медаль энгэрт нь гялалзаад л. Хадагтай сүү, цэцгийн баглаа, тоссон олны тос даасан бал бурам, талархлын үгс… Гайхалтай. Яасан сайхан аз жаргалтай мөч, ямархан, ховорхон хувь тавилан гэгч нь энэ вэ… Бичлэг хөвөрсөөр л…

Цэнхэр дэлгэц ширтэн суусан дунд сургуулийн жаахан охины сэтгэл ер бишийн уран сайхны агаарт умбаад явчихав. Бахархах, шүтэн бишрэхийн хураар хөлөрсөн бодлынх нь алганд “Ийм мундаг тамирчин болох сон” гэсэн нууц хүсэл, далд мөрөөдөл хар аяндаа л соёолов. Ирээдүй, их амжилт түүнийг даллан дуудав…
Тэр цагаас хойш арван зургаан жил алслан одоод, 2008 оны наймдугаар сарын 13-ны өдөр урган гарав аа. Энэ өдөр, Монголын залуу мэргэн бууч Отрядын Гүндэгмаа олимпийн мөнгөн медалийг Бээжин хотноо Монголын эмэгтэй тамирчдаас анх хүртсэн бөлгөө.
Тээр жил Доржсүрэнгийн Мөнхбаярыг Буянт-Ухаад буух үеэр аавынхаа хийсэн бичлэгийг үзээд “Ийм мундаг тамирчин болох сон” гэсэн билгийн цагаан солонго сэтгэлийнх нь тэнгэрт татсан жаахан охины мөрөөдөл ийн биелэв. Биелэх биелэхдээ бүүр мөнөөхөн Д.Мөнхбаяр эгчтэйгзэ шагналын тавцанд зэрэгцэн зогсч, олимпийн мөнгө, хүрэл медалийг хамтдаа хүртэв. Юутай баяртай, юутай бахархалтай мөч, хором бэ. Нэг тийм эртний сайхан хувь ерөөл энэ хоёр монгол бүсгүйг спортын тэнгэрт од болгон гялалзуулахаар нэгэн цаг үед илгээсэн ч юмсан уу даа.

Нэгэн шигтгээ. Монголд гавьяат тамирчин гэр бүл /эхнэр, нөхөр/ цор ганцхан буй нь Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар бөлгөө. Гайхамшигтай нь тэд хоёулаа олимпийн медальтай. Харин энэ, элбэг баян намар хоёулаа дэлхийн аваргын медальтай, хоёулаа хөдөлмөрийн баатар болов.
Гүндгээ гавьяат одоогоос гурван жилийн өмнө Хорватын Загреб хотоос дэлхийн аваргын хүрэл медалийг спортын гар буудлагын төрлөөр эх орондоо авчирч, улирагч 2008 оны Бээжингийн олимпийн дараахан хөдөлмөрийн баатар болсон бол Цагаанаа гавьяат тун саяхан, нуур ногоо хальсан намрын тэргүүн сарын шинийн зургаанд Голландын Роттердам хотдоо дэлхийн аваргын алтан медалийг Монголын жүдочдоос анх хүртэж, өнөөдөр Ерөнхийлөгчөөс хөдөлмөрийн баатар цол гардав. Ихэрлэсэн алдар ижилсэхийн ерөөлт хосыг чимэв.

МОНГОЛЫН ГАЙХАМШИГ дуусах болоогүйн алтан жишээ энэ буюу.

Дэлхийн цоо шинэхэн аваргынх маань саяхан нуган үртэй болсон билээ. Хүүдээ тэд Ховор-Эрдэнэ гэж нэр хайрласан гэсэн. Хүү минь аавдаа аваргын алдрыг зөгнөж ирсэн байна гэж аварга эрийн сэтгэл хайлмагтан дэвэрч харагдана лээ, зурагтаар.

Монголын түүхийн, Монголын спортын түүхийн алтан шигтгээ болсон, ховорхон хувь заяат гэр бүлдээ цаглашгүй их аз жаргал ерөөе. Хүсэх нь, муу зүгийн эрээн бараан бүхий сүүдэр тэднийхээс үргэлж дайжиг.
2009.09.02.
read more “Ерөөлтэй намар”

Friday, August 28, 2009

Цаг хугацааг алтлагч


Дамбын ногоон автобус замын энхэл донхолд түгдчин довтолгоно. Хичээл ном, бэлтгэлийн ачаалалд ядарсан жаахан охин хаалгыг нь дэрлээд зогсоогоороо унтчихна. Буудал…Хаалга онгойнгуут сэрнэ. Хаагдангуут буцаад л унтана, дараагийн буудал хүртэл. Дунд сургуулийн сурагч Хишигбатын Эрдэнэт-Од хичээлээсээ ирж цайгаа “гялс” уучихаад буцаж Спортын төв ордон орж бэлтгэлээ хийж дуусаад гэр рүүгээ явж байгаа нь энэ…

Дарханд төрж, Улаанбаатарт өссөн тэрбээр тавдугаар анги төгссөн жилийнхээ зуны амралтаар Хүүхдийн паркад зугаалж явтал цагаан өмсгөлтэй хэсэг хүн нэгэн “сонин юм” үзүүлээд, олон түмэн түүнийг нь сонирхоод байх юм гэнэ. Охины харц тэрхүү “сонин юм”-н дээр хэсэг тогтов. Барилдаад ч байх шиг, зодолдоод ч байх шиг.
Дэргэдэх хүнээсээ асуувал “Жүдогийн үзүүлэх тоглолт” гэнэ. Жүдо… жүдо. Паркад үзсэн тоглолтын тухай эрдэнийн гэрэлт бодол охины толгойд үржиж, Спортын төв ордноор эргэлдсээр дасгалжуулагч Ч.Машбаттай уулзан багш шавийн барилдлага тогтоож, самбо, жүдогийн секцэнд орж явчихаж.

Нар, саран унаж, ургаж, өдөр хоногууд увж цуван өнгөрөхийн хэрээр түүний амжилт атга атгаар ахисаар…
1992 оны Барселоны олимпийн дэвжээнд хүч үзэхээр хилийн дээс алхав. Москва… Мадрид… урд нь тосч, ард нь үлдсээр далайн хөвөөний Барселона хот алга дэлгэн тосов. Байгалийн сайханд нүд, сэтгэл хөвөх. Далайн хөвөөнд зогсоод л, салхинд хөөгдөн цахилан ирж эргээ долоон буцах хөөстэй давалгааг нь хараад л баймаар.
Олимпийн барилдаан ч эхлэв. Эхлээд гоц мөргөж, дараа нь Их Британийн К.Бриггс, Канадын Б.Ластрей нартай барилдаад л дэвжээгээ орхисон 17-хон настай Эрдэнэт-Од даанч нэг бодсон санасан юмгүй зайрмаг идсэн шиг, энд тэндхийн элдэв зүйлийг сонирхсон шиг өөрийгөө зугаацуулж явав. Тэндээс ирэхдээ тэр гэрийнхэндээ юу авчирсан гэж санана. Зөндөө “Maрс”, “Сникерс”.

Барселонад “дайны утаа” үнэрлэж ирснээсээ есөн жилийн дараа Азийн аваргын алтан медалийг Монголын эмэгтэй жүдочдоос АНХ хүртсэн алдартан бол гавьяат тамирчин Хишигбатын ЭРДЭНЭТ-ОД бөлгөө.

2001 онд Улаанбаатар хотноо болсон тивийн аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ын жинд зодоглохдоо тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, дараа нь БНСУ-ын Мин Кьюн Сүнд зай өгөлгүй, боломж олголгүй довтолж, эцэст нь хөмөрч иппон үнэлгээгээр цэвэр ялсан бол хэсгийн аваргын төлөө Японы Маяоми Ямадатай хүч үзэхдээ алдаа гаргалгүй нягт барилдсаар оноогоор буулган авч, шувтаргын барилдаанд БНАСАУ-ын бөх, 2000 оны Ази тивийн аваргын хүрэл медальт Ри Мьюн Хватай хүч үзэхээр дэвжээнд гарч ирсэн л.

Тэмцээний сүүлчийн өдрийг хэлэх үү, Монголоос аварга хараахан төрөөгүй байсныг хэлэх үү ганц найдвар болсон тамирчнаа дэмжихээр Бөхийн өргөөнд цугласан мянга мянган үзэгч зүүн дээр суусан лугаа өндөлзөж, уухайлан хашгиралдаж, орилолдон шуугилдаж, өргөө хөдөлгөөнт ханаар хүрээлүүлсэн мэт чичигнэн хөдөлж байсан даа, ёстой л...
Үнэндээ Ри Мьюн Хва манай гавьяатын довтолгоо, хурд, угсраа олон мэхийг хорьж дийлэхээ болиод хүчин мөхөсдөж ялагдсан л.

МӨНХҮҮ ТЭР, 2005 онд Египетийн Каир хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр Азербайжений К.Гасимоваг “нурааж”, дараа нь Испанийн бөх, олимп, дэлхийн аварга Р.И.Фернандест ялагдсан ч дагах барилдаанд Макаогийн Тоу Си Ман, Украины Т.Чык, Францын Ф.Риабофф нарыг ялж, Кубын Ю.Люпетейтэй барилдах байсан ч учраа нь гэмтлийн улмаас дэвжээнд гарч ирээгүй тул дэлхийн аваргын хүрэл медалийг Монголын эмэгтэй жүдочдоос АНХ хүртсэн билээ.

МӨНХҮҮ ТЭР, 1998 онд Тайландын Бангкок хотноо болсон Азийн зуны спортын XIII наадмаар эхний даваанд хийлж, дараа нь Кыргызстаны Дино Масутова, Туркменистаны Оксана Кокорина, Хятадын Шень Жүн нарыг ялж түрүүлснээр Азийн наадмын алтан медалийг Монголын эмэгтэй жүдочдоос АНХ хүртсэн билээ.

МӨНХҮҮ ТЭР, улсын аваргын алдраа 1993 оноос хойш 16 жил завсаргүй хамгаалж, Монголын жүдо барилдааны түүхэнд дахин тохионо гэхэд бэрх, ховор, дээд амжилтын эзэн болоод буй.
МӨНХҮҮ ТЭР, самбо бөхийн дэлхийн аваргын алтан медалийг тавантаа (1997, 2001, 2002, 2003, 2004) хүртэж, Монголын самбочдын хувьд урьд өмнө нь хэн ч хүрч амжаагүй байсан нэгэн дээд амжилтын оргилд гараад буй.

...Цав цагаанаар тэнгэр “харанхуйлж” зөв зөөлнөөр цасан бударна. Хурмастын “цагаан цэцэг” цасан малгайлан буухын хэрээр модны мөчир бөгтийн бөгтийн тонгойсоор. Тэгснээ бүх цасаа гэнэтхэн гулсгаж шилгээгээд эргээд байрандаа, “жагсаалдаа орох”. Моддын дэргэдүүр ажил руугаа алхаж явсан япон эмчийн тархинд нэгэн торгон санаа тэнгэрийн заадас шиг цагаан гэгээ татуулан орж ирэх нь тэр. Үүнээс улбаалан тэрбээр жүдог үндэслэсэн гэнэм.

“Жүдо бол хөдөлгөөний спорт. Мөчир тонгойж тонгойж цасаа унагаад эргээд хэвдээ орчихдог шиг өрсөлдөгчдөө эхлээд найр тавьж байгаад түүнийг нь дагуулж мэх хийнэ. Өрсөлдөгч чинь илүү байсан ч арга ухаан, уян хатан чанар, ов мэхээрээ чи түүнийг ялах ёстой. Энэ бол жүдогийн алтан зарчим”. Х.Эрдэнэт-Од гавьяат ийн өгүүлсэн.

Өрсөлдөгчийнхөө ухасхийгээд зогтусах зүрх алдалт, цөмрөөд буцах гишгэгдлийн хийг алдалгүй хариу барьдаг гайхалтай мэдрэмжтэй, хурд, хугацаа хоёрыг тэнцүүлж барилддаг өвөрмөц онцлогтой, хоёр зууныг холбон төрж, Монголын спортын түүхийг олонтаа алтан хуудсаар нэмж, чимсэн энэ бүсгүйг Монголын ¹1 эмэгтэй жүдоч, самбоч гэдэгтэй хэн маргах. Хэн…
read more “Цаг хугацааг алтлагч”