Хэзээ нэгтээ хэн нэгэн аяар аяархан тогшихыг хаалга ямагт хүлээж байдаг бөлгөө.
ҮҮНИЙ НЭГЭН АДИЛ, хэзээ нэгтээ хэн нэгэн аялгуу цацраан гэгэлзүүлэхийг дуу ямагт хүлээж байдаг сан уу.
ҮҮНИЙ НЭГЭН АДИЛ, хэзээ нэгтээ хэн нэгэн бусдаасаа товойн тодорч, гялалзан гараад ирэхийг амжилтын оргил ямагт хүлээж байдаг сан уу.
...Улсын их баяр наадмын хүүхдийн барилдаанд арван тавтайдаа түрүүлснийхээ дараа жил буюу 1997 онд Японыг зорьж, Коочи мужийн Мэйтокү сургуулийн сүмо бөхийн ангид элсэж, удалгүй бүх Японы аварга шалгаруулах идэрчүүдийн тэмцээнд зодоглон хүрэл медаль хүртэж асан хүүг хожмоо мэргэжлийн сүмогийн дэвжээг, амжилтын оргилыг эзэгнэх ёкозүна болно чинээ хэн мэдээ билээ.
2003.01.25. Японы Токио хотын Кокүгикан ордонд хагас сарын турш үргэлжилсэн хацү башё энэ өдөр үл мартагдах, үл давтагдах онцгой үйл явдлаар дүүрэн өндөрлөж, мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Монголоос АНХ тодорсон буй за.
Тэрхүү хүчтэн бол Монголын хүчит заан Д.Долгорсүрэнгийн хүү, залуу аварга Д.Сумьяабазарын төрсөн дүү, 22 настай шижигнэсэн залуу озэки Асашёорюү ДАГВАДОРЖ байсан бөгөөд арван тав барилдахдаа тэрбээр ганцхан Кайход ялагдан 14 давж, хоёр башё дараалан түрүүлсэн амжилтаараа энэ эрхэм цолыг хүртсэн бөлгөө.
ТҮҮНЧЛЭН, мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд зодоглосон зургаа дахь башёдаа буюу 2001 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд арав давснаар макүүчигийн дээрээсээ гурав дахь цол болох сэкивакэ цолыг Монголын сүмочдоос АНХ хүртэж байв, тэр.
ТҮҮНЧЛЭН, мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд зодоглосон арав дахь башёдаа буюу 2002 оны долдугаар сарын тэмцээнд 12 давснаараа макүүчигийн дээрээсээ хоёр дахь цол болох озэки цолыг Монголын сүмочдоос АНХ хүртэж байв, тэр.
Сүмогийн түүхэнд их аварга Акэбоно 26 башё барилдаж байж озэки болж байсан бол Асашёорюү 22 башё барилдаад озэки болсноор нэгэн дээд амжилтын эзэн болсон билээ.
ТҮҮНЧЛЭН, мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд зодоглосон 12 хоёр дахь башёдаа буюу 2002 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд ганцхан Точинонадад өвдөг шороодож, 14 давснаараа макүүчид Монголын сүмочдоос АНХ түрүүлж байв, тэр.
Сүмогийн дэвжээнд хөл тавьснаасаа хойш ердөө л 24 башё барилдаад түрүүлсэн амжилт нь хамгийн богино хугацаанд Эзэн хааны цом хүртсэн их аварга Таканоханагийн амжилттай эн зэрэгцдэг билээ.
...Асашёорюү макүүчид дэвшин хүч үзсэн эхний хоёр башёдаа буюу 2001 оны нэг, гуравдугаар сарын тэмцээнд дараалан ес давсан амжилтаараа комүсүби цол хүртэж, тавдугаар сарын тэмцээний эхний өдөр л их аварга Мусашимаруг өвдөг шороодуулан шуугиан дэгдээж байсан сан. Комүсүби цол хүртсэн бөх эхний барилдаандаа ёкозүнаг ялсан анхны тохиолын эзэн болсон тэрбээр тэр цагаас хойш дохё дээр тулалдахдаа олон олон дээд амжилт тогтоогоод буй.
2005.11.27. Мэргэжлийн сүмогийн дэвжээнд 14 удаа магнайлсан Ёкозүна Дагвадорж Кюүшюү башёгийн 15 дахь өдөр хүчтэй озэки Чиётайкайг үзэгчдийн оволзсон уухайлалт дор, шуургалсан харцан дор, шуугисан алга ташилтан дор сөхрүүлснээр нэгэн жилийн бүх башёд магнайлж, их аварга Тайхогийн завсаргүй зургаан башё дараалан түрүүлээд байсныг долоо болгон ахиулж, жилд 90 барилдахдаа 82 давсан Китаноүмигийн рекордыг 84 болгон шинэчилж, гурван дээд амжилтыг нэгэн өдөр, нэгэн амьсгаагаар тогтоож, олон зууны турш япончуудын өөрсдийнх нь гарч амжаагүй оргилд хүрсэн л.
Японы мэргэжлийн сүмод хөл тавьсан гадаадын анхны бөх бол Хавайн арлын Жесси Кахаулуа. Тэр 1964 онд Такамияма нэрээр сүмод зодоглох болсон байна. Түүнээс хойш гадаадын олон бөх сүмод хүч түрэн орж ирснээс дөрвөн бөх л оргил цол болох ёкозүна цол хүртсэн байдгийн нэг нь Асашёорюү.
...Үнэндээ үл цуцах, үл шантрах, үл ялагдах ид... ид үедээ байнам, 68 дахь их аварга. Хэн түүнтэй барилдана, тэр бөхийн насны бурхан баярланам буюу. Хэн түүнийг хазайлгаж чадна, тэр бөхийн есөн хүсэл биелнэм буюу. Хэн түүний цолыг авч чадна, тэр бөхийн суу алдар бадарнам буюу.
No comments:
Post a Comment