Дөнгөтийн ЦООДОЛ багшдаа зориулав, би
Талын чоно би
Талынхаараа л байя
Нэгэнт
Уулынх болж төрөөгүй намайг
Уулын чонотой адилтгаж өөлөөд яанам
Нэгэнт
Хөвчийнх болж төрөөгүй намайг
Хөвчийн чонотой адилтгаж өөлөөд яанам
Улих,
асч дүрэлзэх минь ч тэднээс ондоо
Ухаан гүйлгэж
амь залгуулах минь ч тэднээс ондоо
Айдсаа мартаж,
талдаа эрхлэн тоглох минь ч тэднээс ондоо
Алаг тавилангийн ханцуй дор нууж
бэлтрэгээ өсгөх минь ч тэднээс ондоо
Тал хаана эхэлж, хаана дуусдгийг би мэднэ
Тамир барагдахад амрах газар, бартаа саад
хэчнээн байдгийг бүгдийг нь би мэднэ
Аясын салхи, тэнгэрийн өнгөнөөс
идэх хоолныхоо хол ойрыг
Зөнгөөрөө би мэднэ
Анчны нүд, цэцэн бууны овоо
хаанаас ширтэж буйг
Совингоороо би мэднэ...
Нар хиртэх
миний айдас тэр...
Нас залуу нөхөр үхлийн өвдөг тэврэх
миний айдас тэр...
Монгол өвсөнд гал авалцаж түймэр дэгдэх
миний айдас тэр...
Морьтой биш тэрэгтэй хүмүүс ангаалж хөөх
миний айдас тэр...
Зоргоороо
Талын уудмыг туулж амьдарсан
Зоригоороо
Зовлонгийн хатууг цуулж амьдарсан
Алд биеэ хөл минь даахаа больж
Амь тасран унаж гэмээнэ
Сүнс минь
Тайга хөвч,
Там, диваажингийн алийг нь ч зорихгүй
Талдаа л шигдэж
Талдаа шингэнэ
Өвсний салхи болно
Өнгийн солонго болно
Алдуул зэрэглээ болно
Анир чимээгүй униар болно
Талдаа үнэнч
Талдаа үлдэнэ
Талын чоно би
Талынхаараа үлдэнэ.
Гэсэлт
6 years ago
No comments:
Post a Comment