Одот тэнгэр
Модот газар бадрангуй
Олон олон эрсийн уухайн түрлэг бадрангуй
Холыг бодсон эрдэмт хүний
мөрөөдөлт харц бадрангуй
Хоног өдрүүдийг сүвлэж гүйх
хүлэг морин бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...
Гал дээр сүү дэврэх бадрангуй
Гараанаас морьд
дүрэлзэн эргэх бадрангуй
Ян үдэд гэнэт үүл толгойлох бадрангуй
Ядуу хүү баатар болоод
үлгэр жаргах бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...
Гүнж хатдын гэрэлт царай бадрангуй
Гүвээ толгод зэрэглээ болох
үдийн говь бадрангуй
Гүйгүүл адуу тэмцэн тэмцэн ирж хөрвөөх
Тэр дагшин газар бадрангуй
Гүү зогсоогооро унагалах
Тэр торгон агшин бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...
Цагийн аяс нааш эргэх бадрангуй
Цасанд дарагдсан
уулс сэрэх бадрангуй
Намрын талд агь хэнзлэх бадрангуй
Намайг түлхэлж
хүүхдүүд өсөх бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...
Үдлэх харгуй
Туулах зам бадрангуй
Үүрээр татах хурын солонго бадрангуй
Бийрийн үзүүрт амилах
гоо үзэсгэлэн бадрангуй
Бие бие рүүгээ гэгээ зөөх
амраг хос бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...
Өндрөөс ус цовхчин буух бадрангуй
Өвс ногоо наранд гялтагнан хариулах бадрангуй
Өнө холын баярт учрал
гэнэт санагдах бадрангуй
Өвгөд идэр цагийнхаа тухай
давслан ярих бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...
Таанын айрагны сэнгэнэсэн үнэр
гэр дүүрэх бадрангуй
Тахилт овоонд
эрдэнийн чулуу нэмэгдэх бадрангуй
Ижий, нутаг хоёр зүүдэнд эргэх бадрангуй
Ирж яваа шувуудын эгшиглэнт дуу
тэнгэрт үржих бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...
Асч, дөнгөж өнөөдөр мандаж буй мэт
наран бадрангуй
Адууны сувдан хөлстэй наадмын салхи бадрангуй
Холын уулын танан оргил,
эрмэг цуурай бадрангуй
Хотолд бүл нэмсэн ижийн
нялх сэтгэл бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...
БАДРАНГУЙ.
2006.02.04-ний хар үүрээр.
No comments:
Post a Comment