Tuesday, July 7, 2009

Наадмын түрүүг тодорхойлох ГУРВАН ГАН



2009.07.07.
Бөх үе үеэрээ төрдөг гэсэн үг буй. Аваргуудын хаанчлалын үе ч гэж ярьдаг. Ухаан нь Б.Түвдэндоржийн, Д.Дамдингийн, “Хоёр” Мөнхийн, Б.Бат-Эрдэнийн, А.Сүхбатын гэхчилэн.

Харин өдгөө цагт “гурван” Ганаас наадмын өнгө шалтгаалах магадлалтай талаар бөх сонирхогчид өөр зуураа хөөрөлдөнхөн байна. “Гурван” Ган гэж улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Ганбат нарыг хэлж байна л даа.

Хоёр аварга /Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар/ сүүлийн үед үзэгчдийн санаанд хүрсэн хэмжээнд барилдахаа больсон нь ингэж ярихад хүргэж буй биз ээ. Сумьяабазар л гэхэд ноднингийн наадмын долоогийн даваанд “нурснаасаа” хойш бүтэн жил “цухуйсангүй”. Түүгээрч зогсохгүй арав гаруй жилийн өмнө авсан бэртэл нь сэдэрснээс улбаалан энэ жилийн наадамд зодоглохгүй болсноо зарласан байна билээ.

“Гурван” Ганыг онцолсны учир нь өнгөрсөн жилийн наадмаар түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн энэ гурван хүчтэн наадмаас наадмын хооронд барилдааных нь амжилт бусдынхтай харьцуулахад тун тогтвортой байгаад л байгаа юм.

Д.Ганхуяг арслан өнгөрсөн хавраас барилдаан бараг л алгасахгүй зодоглож байгаа. Голцуу түрүү булаалдаж байгаа. Тэрбээр Зэвсэгт хүчний ойн болон Чингэлтэй уулсын хишиг барилдаанд түрүүлж, Монгол туургатны наадамд үзүүрлэсэн билээ. Байнгын бэлтгэлтэй байдгаас гадна бөхийн олон төрлөөр барилддаг гээд түүнд давуу тал олон.

Н.Ганбаатар гарьд. Бие бялдраар бусдаас онцгой төрсөн тэрбээр заал танхимд төдийлөн сайн барилддаггүй. Дунд шөвгөөс хэтрэлгүй л элэг бүсээ тайлж байх нь олонтаа. Үүнийгээ нэгэнтээ “мэх давтаж байгаад уначихлаа” гэж баахан ач холбогдолгүй тайлбар хэлсэн удаатай. Гэвч тэрбээр наадмын од сайтай бөх. Түүний аав Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийн санаачилгаар наадмын зургаа, наймын давааг цолтой болгосон билээ. Аавынхаа шинээр буй болгосон харцага, гарьд цолыг хүү нь жил дараалан хүртээд байгаа нь сонирхол татдаг.

“Өндөр” Гамбааг энэ жил давж үзээгүй даваагаа давж Төв цэнгэлдэхийн хойморт Ерөнхийлөгчийн зарлиг уншуулан зогсч байхад хэн ч эргэлзэхгүй буюу.

Б.Ганбат зааны хувьд олон барилдаанд зодоглоогүй. Уртаашаа хоёр томоохон барилдаанд л “нүцгэлсэн”. Олноо “бага наадам” хэмээн нэрлэгддэг билгийн улирлын хаврын тэргүүн цагаан сарын барилдаанд урамтай сайхан барилдаж далай аварга Г.Өсөхбаярыг өвдөг шороодуулан түрүүлсэн бол Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан барилдаанд Г.Өсөхбаяртай үлдэн үзүүрлэсэн билээ.

Түүнийг наадамчид түрүү бөхийн энтэй гэж олон жил ярьсан. Ярьсаар ч буй. Удаа дараагийн бэртэл гэмтэл нь олигтой, эрчимтэй барилдаж чадахгүйн шалтгаан нь байв. Харин түүний сүүлийн нэгэн жилийн барилдааны бэлтгэл тун жигд сайн байгаа нь олон түмнийхээ итгэлийг биелүүлэх боломж ойртон байгааг харуулах мэт ээ.

Улсын арслан Д.ГАНХУЯГ
Уугуул нутаг: Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум.
Төрсөн он: 1976.
Биеийн өндөр: 188 см.
Жин: 133 кг.

Улсын гарьд Н.ГАНБААТАР
Уугуул нутаг: Говь-Алтай аймаг, Чандмань сум.
Төрсөн он: 1982.
Биеийн өндөр: 196 см.
Жин: 130 кг.

Улсын заан Б.ГАНБАТ
Уугуул нутаг: Увс аймаг, Баруунтуруун сум.
Төрсөн он: 1976.
Биеийн өндөр: 189 см.
Жин: 135 кг.


Энэ гурваас гадна мэдээж аварга Г.Өсөхбаярыг түрүү булаалдах бөхийн тоонд оруулж буй. Мөн А.Сүхбат аваргын шавь улсын харцага Ө.Даваабаатарыг ч “гараад” ирэхийг үгүйсгэхгүй. Цацаж цалгисан уран торгон барилдаантай энэ залуу зодоглосон барилдаан болгондоо шуугиан дэгдээж буй билээ.

Бөхийн од гүйх гэж нэг айхтар юм бий. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс ч “дээшээ” шууд явчих бөх цөөнгүй. Цэргийн хурц арслан А.Бямбажав, аймгийн хурц арслан Ц.Содномдорж, аймгийн арслан Ш.Жаргалсайхан, цэргийн арслан Ч.Санжаадамба... гээд л. Тэднийг чухам наадмын өм л мэдэж дээ...

No comments: