Wednesday, November 24, 2010

Улс тунхагласан өдрийн барилдааны түүхээс...



2010.11.24

“Том” Сүхбат буюу Пунцагийн Сүхбат гарьд нэг бодлын азтай, нэг бодлын азгүй бөх шиг санагддаг. 1991 онд Ардын хувьсгалын түүхт 70 жилийн ойн их баяр наадмын тэргүүн байрыг улсын заан цолтой хоёр бөх булаалдсанаас Увс аймгийн Наранбулаг сумын уугуул О.Балжинням түрүүлж Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул П.Сүхбат үзүүрлэсэн билээ.
Түүнээс гурван жилийн дараа 1994 онд Улс тунхагласны түүхт 70 жилийн ойн үндэсний бөхийн барилдааны түрүү байрын төлөө 224 хүчтэнээс мөн л улсын заан цолтой хоёр бөх шалгарч үлдэхэд Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул С.Хүрэлбаатар түрүүлж, П.Сүхбат үзүүрлэсэн байдаг. Хоёр том ойгоор түрүүлж чадаагүйг нь бодохоор “том” Сүхбат яах аргагүй азгүй, харин хоёр том ойгоор үзүүрлэсэн ганц бөх гэж бодохоор азтай ч юм шиг.
Үүнийг эс өгүүлэн өгүүлэхэд, ерөөс Монгол Улсыг тунхагласан билэг ерөөлт өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг хэзээнээс явуулж эхэлснийг хамтдаа сонирхъё.

Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ

Улс тунхагласны түүхт 60 жилийн ой тохиосон 1984 онд 128 бөх барилдахад дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, арслан Д.Хадбаатар /аварга/ үзүүрлэсэн байх юм. Түүнээс өмнө болоод хойш, 1990 оны цагаан морин жилийн хувьсгал хүртэл улс тунхагласны өдөрт зориулж барилдаан болоогүйг Монголын үндэсний бөхийн холбооны нарийн бичгийн дарга, бөх тайлбарлагч Б.Цогтбаатар нотолж байна лээ.
1990 оноос хойш жил бүр тогтмол болж буй энэхүү уламжлалт барилдаан эрэмбэ, чансаагаараа улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа ордог бөлгөө. Улсын өндөр дээд цолтой бараг бүх бөх зодоглодог болохоор л тэр.
Бүрэн эрхт улсаа бүх дэлхийд тунхагласан баярт өдрийн наадмын түрүүг дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа /1990, 1992, 1993, 1997, 1998, 1999/ хүртсэн бол даян аварга Г.Өсөхбаяр 2003, 2005, 2007, аварга Д.Сумьяабазар 2000, 2001, гарьд И.Доржсамбуу 2004, 2008, даян аварга А.Сүхбат 2002, арслан Д.Азжаргал 2006, заан Ц.Баярсайхан 1991 онд магнайлсан байна.
Таван аварга, хоёр арслан, нэг гарьд, хоёр заан гээд үндэсний бөхийн дээд цолтнууд түрүүг нь ээлжлэн хүртсэнээс харахад ямархан барилдаан болдог нь тодорхой.

Амжилтыг нь хэн эвдэх бол

А.Сүхбат аварга хамгийн олон буюу 1992, 2000, 2003 онд үзүүрлэсний зэрэгцээ улсын цолгүй байхдаа энэ наадамд түрүү булаалдаж үзсэн анхны бөх. Тэрбээр 1992 онд 128 хүчтэнээс Б.Бат-Эрдэнэ аваргатай тэргүүн байрын төлөө хүч үзэхдээ аймгийн арслан цолтой байж.
“Жижиг”-ийн хувьд зун нь Баагий аваргын нутаг, Хэнтий аймгийн наадамд түрүүлээд аймгийн арслан болчихсон, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй дээрээ явсан үе бол залуу дархан аваргын хувьд улсын их баяр наадамд дөрөв дэхээ магнайлж хазайлгах өрсөлдөгчгүй тасарчихаад байсан цаг.
Учраа болгоноо гар хурууны үзүүрээр төвөггүй өвдөглүүлсээр үзүүрт түрүүнд шалгарсан Бат-Эрдэнэ аварга зориг цөс их “Жижиг” Сүхбаттай хоёр цаг шахам ноцолдож баймаажин унагаж байсныг бөхийн хорхойтнууд мартаагүй. “Жижиг”-ийн улсын цолгүйдээ гаргасан энэ амжилтыг давтсан хийгээд давж гарсан бөх өнөө хэр төрөөгүй байна.

Завсаргүй дөрвөн жил дараалан...

Хорлоогийн Баянмөнх аварга шиг дөч гарсан насандаа буюу 1984 онд 41-тэйдээ түрүүлж, 1991 онд 48-тайдаа үзүүрлэсэн бөх үгүй бол Б.Бат-Эрдэнэ аварга 1990 онд түрүүлэхдээ 26, А.Сүхбат аварга 1992 онд үзүүрлэхдээ 21 настай байсан нь хамгийн залууд тооцогдож буй.
Улсын заан Дамдингийн Баяраа /хожмын гарьд/ 1990, 1991, 1992, 1993 онд завсаргүй дөрвөн жил дараалан, улсын гарьд Баянмөнхийн Гантогтох 1997, 2001, 2005 гээд хоорондоо гурав гурван жилийн зайтай онуудад шөвгийн дөрөвт шалгарсан нь түүх болон үлдэж. Мөн улсын начингуудаас Д.Бумбаяр /одоогийн заан/ 1995, улсын харцагуудаас Т.Мөнгөнцоож 2006 онд анх үзүүрт хүрч барилджээ.

Б.Гантогтохын азгүйдэл

1998 онд юм. Улс тунхагласны 74 жилийн ойн өдрийн урд өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг буулгаж улсын их баяр наадамд 10 түрүүлсэн дархан аварга Б.Бат-Эрдэнийг хөдөлмөрийн баатар, таван удаа үзүүрлэсэн улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг гавьяат тамирчин цолоор шагнасан бөлгөө. Төрийн дээд цол хүртсэн энэ хоёр эрхэм маргааш нь болсон үндэсний бөхийн барилдаанд зодоглосон бөгөөд Б.Бат-Эрдэнэ түрүүлж Д.Мөнх-Эрдэнэ шөвгийн дөрөвт үлдэж байв.
Их шөвөгт будаг нь ханхалсан шинэхэн гавьяат Мөнх-Эрдэнийг өвдөг шороодуулсан Б.Гантогтох Б.Бат-Эрдэнэ аваргатай барилдахдаа үл ялиг алдаа гарган унасан юмдаг. Уг нь тэрбээр тун хурдтай, жавхаатай барилдаж аваргын суганд сэжиж ард нь гарангуутаа баараггүй давлаа гэж тайвширсан уу, яасан, жаахан тогтож амсхийсэн байхгүй юу. Яг энэ торгон агшинд аварга самбаачлан баруун хөлөөрөө баруун хөлийнх нь дотор талаас этээд арагш нь суулгачихаж байж билээ.

80-256

Улс тунхагласан өдрийн наадмаар 1990 онд 80-хан бөх барилдсан нь хамгийн цөөн, 1998 онд 256 бөх зодоглосон нь хамгийн олонд тооцогдож буй. Харин 2009 он буюу өнгөрсөн жил улс орныг хамарсан цар тахал өвчин гарснаас үүдэн уг барилдааныг явуулаагүй байна.

No comments: