Wednesday, December 8, 2010

Амжилт хэдийчинээ их байна, төдийчинээ толгой эргүүлдэг



“Бээжин-2008” олимпоор хөнгөн атлетикийн 100, 200 метрийн зайд түрүүлж олимпийн дээд амжилтыг эвдэн дэлхийн хамгийн хурдан хүнээр тодроод буй Усайн Болт өөрийн нөөц боломжийг яаж 100 хувь ашиглах тухай зөвлөсөн байна. Швейцарийн бизнесийн сургууль улирагч зун түүнийг дасгалжуулагч Глен Миллзийн хамт урьж энэхүү туршлагыг нь яриулжээ. Түүнээс хамтдаа сонирхвол ямарав.

САЙН ЗӨВЛӨГЧ ОЛЖ АВ

Усайн Болт дасгалжуулагч Глентэй уулзаж танилцахаасаа өмнө нөөц бололцоогоо бүрэн ашигладаггүй, маш их гэмтэл бэртэл авдгаараа алдаршсан нэгэн байв. Глен Болттой уулзаад түүний дасгал сургуулилтын хөтөлбөрийг сайтар хянаж үзжээ. Тэрбээр Болтын өвдөгний шөрмөс байнга гэмдгийн гол шалтгаан болсон нурууны төрөлхийн согогийг анхааралтай авч үзсэн байна.
Илүү их сайжрахыг хүссэн аливаа хүнд зөв сайн дасгалжуулагч буюу багш, халамжлан хүмүүжүүлэгч олж авах явдал чухал болохыг Болт онцолжээ. Багш, дасгалжуулагч чинь танд өөрийгөө таньж мэдэх, өөрийн сул талыг олж харах, хүчин чармайлтаа юунд чиглүүлэхэд тусалдагт асуудал оршино хэмээн тэр хэлжээ.

ОНЦГОЙ АВЬЯАС, ГАРАМГАЙ ЧАДВАРЫНХАА ТУХАЙ МАРТАХ ХЭРЭГТЭЙ

Хэрэв зохих ёсоор сахилгатай байж чадахгүй бол ямар ч хүний бие, махбодийн авьяас амжилтын баталгаа болж чадахгүй гэдгийг ойлгоход Миллз Болтод тусалжээ.
Амжилтын оргилд хүрэхийн тулд төрөлхийн авьяас зайлшгүй хэрэгтэй ч хангалттай нөхцөл болж чаддагүй ажээ.
Оргил руу тэмүүлж яваа захиргааны ажилтнуудад мөн ийм зүйл тохиолддог. Тэд биеэ тоож өөртөө хэт итгэн зөвхөн өөрийн мэдлэг чадвараар ахиж дэвшиж чадна гэж боддог. Манлайлалд тэмүүлж буй чадвартай олон хүн байдаг боловч тэднийг тийм ухаантай, чадварлаг хэмээн хөхүүлэн урамшуулж дасгасан байдаг. Энэ нь өөрийн дутагдлуудтай ажиллах, үргэлжлүүлэн сурах зайлшгүй хэрэгцээтэй харшлах онцгой эрх ямбын мэдрэмжийг төрүүлдэг байна.

БУСДЫГ СОНС

Авхаалжтай бай. Амжилт хэдийчинээ их байх тусам тэр нь төдийчинээ түргэн толгой эргүүлдэг ажээ.
Төрөлхийн амирлангуй Болт хатуу сахилгыг бишрэн шүтэгч дасгалжуулагчийг сонгон авсан нь өөрийн зорилго дээр бие, сэтгэлээ төвлөрүүлэхэд тусална гэдгийг мэдсэнээс үүдэлтэй. Түүнд үнэнийг шууд хэлж байх хэн нэг хүн хэрэгтэй гэж Болт ойлгосон нь алдаагүй. Үүнтэй адил төстэй зүйл захиргааны ажилтнуудад тохиолддог бөгөөд тэд томоохон амжилтад хүрмэгцээ хүрээлэн буй хүмүүсийнхээ үгийг сонсохоо больдог. Өөрт чинь эвгүй, зохисгүй асуулт тавьж, хатуу ч гэсэн үнэнийг хэлж чаддаг хүмүүстэй холбоо харилцаагаа хадгалж байхыг тэр чухалчилсан байна.

АЗГҮЙ, АМЖИЛТГҮЙ ЯВДЛЫН ҮЕД БИЕЭ СУЛЛАН ТАЙВШИРЧ СУР

“Ялж түрүүлж сурахаасаа өмнө ялагдаж сурах хэрэгтэй” гэсэн үгийг ойлгох Болтод нэн хэцүү байж. Энэ нь аливаа хүнийг тамирдуулан туйлдуулж, хөдлөх чадалгүй болгох амжилтгүй явдлын айдсаас ангижрах гэсэн үг бөлгөө. Энэ айдас алга болоход та эерэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж чадах бөгөөд ялалтад тэмүүлэх болно гэдгийг Болт баталжээ.
Харвардын их сургуулийн профессор Крис Аргирис үүнтэй маш төстэй асуудал том компаниудад, албан тушаал ахиж дэвшихийг хүссэн бүхний өмнө тулгардаг болохыг өгүүлсэн байдаг. Тэд азгүй, амжилтгүй явдалтай цөөн учирч байсны улмаас түүнийг байнга дагалдах аюул занал, ичгүүр, эвгүй явдлыг давж сураагүй байдагт л гол учир нь байдаг юмсанжээ.

ӨӨРИЙН ЯЛАГДЛЫГ ҮНЭЛЖ БАЙ

Чи өөрийн боломжийн хязгаараас давахаар тэмүүлж байх үед байнга бэртэж, гэмдэж байх болно гэсэн бодлыг Миллз Болтод итгүүлэн үнэмшүүлжээ. Бэртэл гэмтлийг тоглоомын нэг хэсэг гэж хүлээн авах хэрэгтэй. Тэдгээр нь сэтгэлийг амирлуулахад тусалж, сул тал, алдаа дутагдлаа засах боломж олгож зөв алхам хийхэд тусалдаг байна.
Мөн үүнийг өөрийн боломжийн хязгаарыг тэлж буй удирдах ажилтнууд хэрэглэж болох нь. Алдаа, уналт, бүтэлгүйтэл нь хүнд өөрийн үнэ цэнийг мэдэхэд тусалж жинхэнэ ёсоор итгэж болох хүмүүсийг ил тод болгодог аж.

АЮУЛТАЙ БАЙДАЛД ДУРТАЙ БОЛ

Болт гүйхээр бэлтгэж байх үедээ ч сандарч тэвдэггүй. Харин ч эсрэгээр тэр олон түмнийг янз бүрийн тэнэглэлээр зугаацуулах дуртай. Зайг туулах асар их бэлтгэл сургуулилт нь түүнд байдлыг хянаж байгаагаа мэдрэх, стрессээс ангижрахад тусалдаг байна.
Өрсөлдөгчид нь хүлээлтийн дарамтыг мэдэрч, олон түмэн үзэгчээс айж сандарч байхад Болт харин тэднээс дэмжлэгийг олж харж байдаг давуу талтай. Болт “олон түмэн чиний найз нөхөр” гэдэгт итгэдэг аж. Амжилтад хүрэхийн тулд бүх стресс үүсгэгчдийг хайхрахгүй байж сурах хэрэгтэй бөгөөд тэдгээрийг өөрийн тусын тулд ашиглаж сурвал улам сайн гэдгийг тэр тэмдэглэсэн байна.

ЗОРИЛГОО МАРТАХГҮЙ САНАЖ ЯВ

Хайр найргүй хатуу ширүүн бэлтгэл сургуулийг тэсч гарахын тулд Болт өөрийн хэтийн зорилгоо байнга санаж байдаг. Тэр бэлтгэлийн улирал эхэлмэгц гүйлтээр хичээллэхийг огт хүсэхгүй байгаагаа мэдэрдэг. Ийм учраас тэр Миллзэд өөрийгөө албадахыг зөвшөөрдөг байна.
Болтын нэг адил нэр хүндтэй удирдагчид ч гэсэн ирээдүйн том ялалтын ашиг сонирхлын үүднээс өнөөгийн давуу талаараа гарч ирэх ёстой. Үүний тулд өөрийн сул талаас өөрийгөө аврах уран зальжин аргуудыг олох хэрэгтэй. Энэ нь зорилгодоо хүрэхэд тусалдаг байна.

ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨР ДҮҮРЭН БАЙ

Шинэ төрсөн од Болт Бээжинд байгуулсан өөрийн гайхалтай ялалтуудын дараа шинэ байдалдаа сэтгэл хангалуун байгаа тухай ярилцлага өгч, ток шоунд оролцож, нэр алдартай хүмүүст зориулсан үдэшлэгээр зугаацан цагаа өнгөрөөх болов. Бэлтгэл сургууль хийх сонирхолгүй болсон үедээ тэр хуучин найз нартайгаа санамсаргүй уулзжээ.
Найз нар нь түүний жинхэнэ хүсэл мөрөөдөл дээд амжилт тогтоохдоо бус “домог болох явдал” гэдгийг ойлгуултал энэ байдал үргэлжилсэн байна.

ХОШИГНОЖ ЧАДДАГ БАЙ

Болтын хамгийн гайхалтай шинж чанар бол хошигнох мэдрэмж. Тэр өөрийн хүнд хүчир ажил, итгэмээргүй хүчин чармайлт, тэсэхийн аргагүй өвдөлт, хатуу сахилгын талаар хөгжилтэй байдлаар хошигнодог.
Хамгийн нүсэр ажил, үйл ажиллагааг тоглоом, зугаа болгон хувиргаж чадвал амьдрал сонирхолтой болно гэдгийг түүний ярианаас мэдэж болох.

ӨӨРИЙН ХҮЧИЙГ ЭРҮҮЛ УХААНААР ҮНЭЛЖ БАЙ

Бээжингийн олимпийн 100, 200 метрийн гүйлтэд оролцох хэрэгтэй юу, эсвэл, 100 метрийн гүйлтэд оролцох нь түүний мэргэжил болсон 200 метрийн гүйлтээр алтан медаль авах боломжийг эргэлзээтэй болгох уу гэсэн асуудлыг шийдвэрлэх эрхийг Болт Миллкэд олгосон байна.
100 метрийн гүйлтэд дээд амжилт тогтоосон болохоор Болт хэт эрдвэл 200 метрт бүтэлгүйтэж магадгүй гэдгийг ойлгож байсан байна.
Захиргааны ажилтан хүн ч гэсэн өөрийн хүчийг зөв үнэлж байх хэрэгтэй. Зорилгодоо хүрэх замын дараагийн үе шат таны боломжоос давсан байх явдал тохиолдох нь элбэг. Энэ ангалыг цагийг нь олж харах хэрэгтэй бөгөөд өөрийн хүчийг дөвийлгөсөн ойлголттой байж болохгүй талаар гүйлтийн од зөвлөсөн байна.

No comments: