Monday, November 15, 2010

Дулаахан



2010.09.22.
Гоо үзэмжит нутгийнхаа хойморт байдал зохис ханхайнам, Тогоо хайрхан. Их хайрхныхаа өвөр бэлийн овоон дээр эмээлийг нь авч бодлын морио амраая.

Яг одоо үүр шаргалтан цайж байна. Шаргалтан цайж буй үүрийн гэгээ таширлан тээр зүүн өмнө хөглөрөн харагдах нь Барчин, залгаад Цөзөө, Сумт, Сүүжийн хяр бараантана. Хаврын хаварт газар газраас түрүүлж алтан харгана нь цэцэглэн, бүйлс нь замбагалж тэмээ, ямаа эрт тэнхэрдэг жаргалын орон. Аргаль, янгирын нутаг. Даваасамбуу хүү тэндхийн замбага, цэцгэнд дурласан тэмээ, ямаагаа эргүүлж ирэх гэж хаврын хаварт хэчнээн удаа зүтгэлээ бол доо, тэр хэдэн хяраад. Цэвээний Даваасамбуу гэмээнэ улирч одсон зууны жаран нэгэн онд Монголын барилгачдаас төрсөн анхны хөдөлмөрийн баатар, энэ нутгийн унаган бөлгөө.

Аргаль сэргэлэн цовоо амьтан. Нэг удаа хонь хариулж яваад дөнгөж хургалж байгаа аргальтай таардгийм. Асган дээгүүр өнгийтөл хэвтэж байсан аргаль үргэн ухасхийгээд хурга нь уначихсан. Бариад авдаг хэрэг гээд би ч ухасхийлээ. Гэтэл эх аргаль эргэнгүүт газар унаад удаагүй хурганыхаа хойд хоёр хөлийн завсар толгойгоо хийн сэжсэнээ түрээд давхичихдаг юм даа. Нөгөө муу хурга нь хоншоороороо газар хатган хоёр, гурав шургачсанаа урд хөл дээрээ чүүчигнээд л цаад хамар дээгүүр давав. Хойноос нь гүйгээд гараад очтол бараа байхгүй. Хэдэн асгын цаана хад чулуу саржигнуулан давхих чимээг нь сонсоод л хоцорсон доо хэмээн манай ангийн Бямбатөмөрийн аав “сэрвээ” Батаа гуай аавд минь хуучилж байсан нь санаанаас ер гардаггүй юм.

Барчингийн урдуурхнуур хөхний толгой шиг ихэр хоёр нүцгэн уул цэмцийх нь их, бага Салаа. Ээж минь тэнд төрөөгүй бол хожим нь би ч төрөхгүй байхсан биз. Хормой бэлээр нь даага, сарваатай чавхдаад өнгөрөхөд салхи нь цаанаа л зөөлхөн илбэх шиг санагддаг сан. Одоо ч тэр л хэвээрээ.
Илдэн уулсынхаа цуурайн чимэг
Сонсохгүй явж хэн чадна вэ
Ижий таныхаа сайхан сэтгэлийг
Дуулахгүй байж яаж болно вэ
Таны минь сайхан сэтгэлийг
Дэлхий эргэж хамт дуулна
Таны минь сайхан сэтгэлийг
Дээд тэнгэр цэлмэж хамт дуулна
Таны минь сайхан сэтгэлийг
Наран саран ургаж хамт дуулна
Таны минь сайхан сэтгэлийг
Насны бурхад баярлаж хамт дуулна
Салаагийн гол дагаад хайлаас, заг, харгана, загсгал... ер ургахгүй мод бут гэж үгүй. Намаршаад ирэхээр тэмээ овоо толгойн оройгоор ургах чоногоно гэж өргөслөг ургамлыг түүж идсэн шигээ, чихэр мэт сажигнуулан зажилсан шигээ зогсох нь түгээмэл.

Тээр урд Аргалант уул, баруун бэл дээгүүр нь Өндөр Богд тодрон харагдана. Наахна нь Толийн булаг гэж бий. Өвөл зунгүй мэлмэрч байдаг гил хар усан. Шаврыг нь хоолойдоо шавж түрхэхэд хоолойны ямар ч өвчин ор мөргүй илааршдаг гэлцэнэ. Шид нь тэр. За даа түүнээс нэг их холгүй л Багахүү начин төрсөн гэдэг. Ардын багш О.Отгонсүрэн, гавьяат барилгачин Б.Авирмэд, гавьяат нэгдэлчин Ц.Мандал, нэрт уяач Х.Жуурайдорж эднүүс нутаг ойрхон, хонины бэлчээрийн газарт л өсч өндийсөн бөлгөө. Манай сум уртаашаа улсын начин гуравтай. Дашдуламын Багахүү, Агвааны Ганбаатар, Түвшинтөрийн Энхтуяа гэж.

Энэ жил Багаа начиндаа зориулсан наадам хийж сум даяараа хөл хөөрцөг болсон. Далан долоон онд юмдаг уу даа. Ах дүү армиудын аварга шалгаруулах тэмцээнд Багахүү “Алдар”-аас цэрэг байхдаа орж. Социалист гэгдэж байсан орнуудын дөмөг гэсэн болгон л цугладаг тэмцээн.
Эхний өдөр манай бүх бөх улаан булангаас барилдах байтал ганцхан мань эр хөх булангаас гарах болчихож. Гэтэл хөх өмсгөл олддоггүй гэнэ. Аргаа бараад Хадбаатарынхыг өмсөөд гарч явчихаж. Нөгөөх нь хааш хаашаагаа элбэгдээд хөгийн л юм болоо биз. Аргагүй шүү дээ, 68 кг-ийн жингийн бөхөд 100 кг-ийн жингийн бөхийн өмсгөл элбэгдэх нь. “Хадаагийн өмсгөлийн шуумгаар доош харахад гутлын хошуу харагдаж байсан шүү” гэж одоо тэр ярьдаг. Хөхөрдөг. Тэр тэмцээнд Багаа начин бүх өрсөлдөгчдөө, бүр Оросын алдарт бөх Г.Савлаховыг хүртэл цэвэр ялж түрүүлэн дуулиан тарьсан байдаг. Жагсаалын нэг муу хэн ч танихгүй цэрэг ингэж цоорохоор арга байж уу.

Нар цухуйж баруун уулын, тодруулах юм бол Хөрх, Хачигийн их уулсын оройд туяа нь хонгортон гэрэлтэж байнам. Их, бага Хачигийн завсарт Үхэр чулуут гэж том том үхрийн дайтай чулууг бие биеийг нь дэрлүүлэн барьсан хашаа байдаг. Домгийн их аварга Идэрдампил түүнийг барьсан юм гэдэг.

Ганц бие хөгшнийд явдал нь таарч очиход хашаа хороо нь цасанд дарагдаж, үхэр мал нь зутруухан байж л дээ. Хэзээний бусдад тус болж явдаг аварга цай ууж аваад үдэш гарч. Шөнөжин хажуу уулнаас чулуу зөөж, өглөө болоход томоо сайхан хороо барьчихсан байсан нь энэ. Ерөөс манай говийнхон хүнд тусархуу ард олон билээ. Зах зухаас нь жишээлэхэд ийм.

Хачигийн хярын эх, Балгасны голын хавиас сумын наадмын хурдны морь эргэнэ. Тэндээс эргэсэн морьд сумын баруун хойд дэнж дээр барианд орно. Олон морьдын туурайд онгилогдсон тоос, давалгаалан нүргэлсэн их дуу чимээ...тэнгэрт замхарч амжаагүй л байна уу гэлтэй, одоо ч тоосрон байх чинь.

Хорлоогийн Дэлгэр, Цэдэн багшийн Цогоо, Цэндоогийн Бор мануус энэ талаар мөн ч их уралдсан даа, багадаа. Тэд маань нутагтаа өрх өсгөж сум сунган амьдарсаар...

Хэсэгхэн цагаан үүл Налихын хэцийн оройгоор бүслүүрдэн байх нь өглөөний зохионгуйд нэн зохистой. Түүний ар руу Сагсаа зээрэнгийн хөндий үргэлжлэн алсарна. Түүх, номын салхи анирдахад боролзой сугсалзаж, таана цас шиг хөрлөсөн энэ газар Батмөнх даян хаан төрсөн сөн үү. Монголын их цэрэг үүгээр ертөнцийг сөгдүүлэхээр бараа сүртэй довтолгож явсан сан уу.

Ерөөс энэ газар орон нэг тийм нандин авшигтай санагддаг. Хөдөлмөрийн баатар комбайнч Г.Лувсанчимэд, хөдөлмөрийн баатар жолооч Х.Цэвэгмид, хошууч генерал Ч.Сандр, соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин А.Ганбаатар, соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, олон улсын сэтгүүлч Ж.Цэцэг-Өлзий... энэ л дэнж дэвсгийнх. Монголын радиогийн Түвшинзаяа эгч Цэцэг-Өлзий гуайн охин, үе дамжсан сэтгүүлч, бас л эндхийнх.

Төв цэнгэлдэхээс Агвааны Ганбаатарын хүнгэнэн дуурсах дууг чимээ даран чагнаж, монгол даяараа наадмын салхиар амьсгалдаг цаг байсан даа. Түүнийг бөх тайлбарлагч гэцгээдэг ч наадам тайлбарлагч байсан бөлгөө. Бөхчүүдийн гараа дэвээ, хуарлан суусан үзэгчдийн сэтгэлийн дэвэргээн, зүлэг ногоон дэвжээний өнгө, асрын салхи... тэр чигээрээ дуу хоолойгоор нь дамжин сэтгэл зүрх рүү хар аяндаа асгаран буудаг байсныг олон монгол үгүйлдэг ээ.

Монгол эсгий дэвсчихсэн мэт замбага цэцэг нь цайран цэвцийх таана, хөмүүлийн эсгэлэн амт, аараг намхан толгодын буурал суунаг, багалуур, бударганын салхи, талын жавар, дэвхрэг зэрэглээ нь хүртэл хүмүүнийг хүн болгож, авьяас билгийн цуцаж ширгэхгүй шим уургийг цусанд нь шингээж өгдөг ч юмсан уу даа.

Бунхантын их талын баруун хойморт Үнэгэд гэж зүрх шиг цохьсон жижигхээн хөх уул байх. Энэ уулын хад чулуу болгоноос хөгжим эгшиглэдэг гэвэл дуртай үнэмших хүн ховор л болов уу.
Говийн айл бүхэн хууртай. Айлд буусан хэн боловч хуурыг нь хөглөж, “жонон”-гоо гэгэлзүүлчихээд морддог. Жонон гэж дуртмал сайхан аялгуу буй. Эрт цагт жонон хар хэмээх гайхамшигт хурдан хүлэг Монголын говь нутагт байжээ хэмээн домогт гардаг. Гэгээн тунгалаг өдөр өргөн талаар цахилж яваа жонон харыг харсан хүмүүс “хар цахилгаан” цахихыг үзэв хэмээн өөр хоорондоо хэлэлцдэг байв.

Тэр тэнхээ ихт хүлэг морин олон жил цайдам талаар хялгана долгилуулан хөндлөн гулд цахилан давхисан агаад ертөнцийн жамаар нэгэн өдөр л тэнгэрт хальжээ. Эзэн нь эрэмгий ялгуун хүлэгтээ зориулж туульс зохиож. Гэсэн ч уг туульсыг хөгжмийн зэмсэггүйгээр хайлж болохгүй байсан тул зандан модоор алдарт жонон харынхаа сүр жавхланг дүрсэлсэн морин толгойтой хуур бүтээж, аялгуулан дуурсгажээ. Тэр цагаас армаг хурдан хүлгийн тухай дуун ард олны дунд тархан чин зоригийг нь хөглөж, эрэлхэг агаад нинжин халуун сэтгэлийг нь бадраадаг болсон гэнэм.

Яг энэ Үнэгэд хайрхны өвөрт төрсөн хүн бол төрийн хан хуурч Ц.Цэрэндорж. Түүний амьдрал тэр чигээрээ үлгэр мэт, домог мэт эрээн алаг. Хөдөө малчин, сумын төвд морин тэрэгчин, усчин, дараа нь аймагт тоосгочин, барилгачин... ер юу юу ч хийсэн юм бэ дээ. Сүүлдээ аймгийн Соёлын хэлтсийн Бадамгарав даргад урлагийн сургуульд явах хүсэлтэйгээ аминчлан хэлсэн байдаг. Мядагмаагийн Бадамгарав гэмээнэ түүний бага ангийн багш нь гэнэм. Өвгөн багш шавиа өрөвдсөн үү, эсвэл ирээдүйг нь зөгнөсөн үү, аймгийнхаа Соёлын ордны жүжигчин болгосноор түүний урлагийн гүнж их зам эхэлсэн байдгийм билээ.

Өдгөө домогт жонон харын төвөргөөн Цэрэндорж хуурчийн ногоон толгойт хуурын бужигнасан цагаан аялгуугаар дамжин “халх дөрөв, шавь тав”-аас хальж дөрвөн далай, таван тивийн наанатай, цаанатайд дуурсанхан. Задгай талын яруу уянгат эгшиг, Гэсэр гэлэнгийн хул, аавын минь хурдан цоохрын янцгаалт, Уйлган шар, Зээрэн, Гоёо түүдэг хонгор ингэний буйлааныг дэлхийн нөгөө бөөрөн дээр амьдрагсад сонсоод уяран уйлж суугаа даа.

Үнэгэд хайрхнаас зүүн хойш Хармагтай, Зайрмагтайн их тал цэлийж, хойморт нь хөндөлсөх алдарт Цэций, Шанхын уулын зүгээс адуу үнэртнэм. Тэгтэл Цагаан хошууны задгайн тэндээс хэсэг бараан адуу зүүн хойш цувж харагдана. Уугаад гарч байгаа бололтой. Манханы, эсвэл Баянгийн хэцийн тэрээд л гарч тогтох байх аа даа, байц нь.
Баянгийн хэц гэмээнэ аавын минь төрсөн нутаг. Аав минь тэнд хөлд орсон гэдэг. Аав минь тэнд морь унаж сурсан гэдэг. Аав минь тэнд аав, ээжийнхээ гар хурууны үзүүрт гүйж тусад орсон гэдэг.

Саяхан л туулайчлан мандсан нар дээшлэн хөөрлөө. Гаднаас, холоос харахад гайхах юмгүй “нүцгэн” уул атлаа оргил, овооноосоо орчин тойрныхоо “нүд” уул нь юм аа, Тогоо хайрхан минь. Өмнөговийн Баян-Овоо. Хуучнаар Түшээт хан аймгийн түшээ гүний хошуу. Нутаг минь, хормойлж яваад асгачихсан юм шиг намхан цэнхэр уулсынх чинь дөлгөөн төрх, хонон өнжин шуургаар нүүр, нүдгүй балбачихаад өглөө нь юу ч болоогүй юм шиг уужран цэлийж байдаг өндөр хөх тэнгэрийн чинь ааш аяг... надад буй.

Дундуур нь давхин давхин өнгөрөхдөө
Дуулж явья, аавын сайхан нутаг аа
Хаа холоос ч Баянгийн цэнхэр хэц нь
Харахад цаанаа л дулаахан санагдаад байдгийм аа

Уулсын өндөрлөгт, нутгийн өндөрлөгт сайхан байна. Хаашаа л харна, сэтгэлд дотно ахуй байгаль гэрэлтэн тодорно. Нэг л дулаахан...

1 comment:

Soronzon said...

Нутаг усныхаа тухай дуулах шиг сайхан зүйл хаа байх вээ, хө.
Сайхаан сайхан.