Monday, September 13, 2010

Цэцэгт цагийн давалгаа



2.
Буурлын буман үеэс
Буян хишгээ татаагүй... мэлтэлзэнхэн урссаар л, дөлгөөн Хэрлэн. Олон аймаг, хоёр улсын хил дамнаж, урт холыг туулан урсдагаараа Номхон далайн ай сав газрын гол мөрдийг тэргүүлдэг цалгилсан энэ их усны хөвөөнд Хэрлэн нэртэй бяцхан цэцэрлэгт зуслан байх. Өндөрхаанаас холгүй, сайндаа л хагас өртөө илүүхэн зайд. Эндхийн агаар салхины үнэр ялдам анхилуун, амт нь чихэр бурам л гэсэн үг.

Явган модон хашаагаар хүрээлүүлсэн шовх орой, өвөрмөц хийц бүхий хэдэн тарлан байшинтай. Улирсан нийгмийн үед баригдаж бүтээгдээд өнөөд хүрч ирсэн эдний эргэн тойрон урины налгар дэлгэр цагт хүүхдийн хөл, хөөр тасрах гэж үгүй. Жаалууд шаагилдаж шуугилдаад ирж л байдаг, амраад буцаж л байдаг. Зөрөөд бас хэд шаагилдаж шуугилдаад ирж л байдаг.

Гэтэл энэ зун хууль дүрэм, ном журам ярьсан өгөөмөр улс гэнэт ороод ирсэнд баахан гайхсан биз ээ, сэвхтэй хэдэн бор байшин, заримынх нь дээвэр, туурганд идээшиж нутагшсан сарьсан багваахай, хулгана, зурам нь. Мөнөөх өгөөмөр улс нь өмгөөлөгчид. Тэд ус голтой адил тус буян нь бусдын амьдралд шим тэжээл болж байдаг мөр явдал нинжин хүмүүс билээ.

Зүүн болон говийн бүсийн аймгуудын өмгөөлөгчдөд зориулсан уламжлалт сургалт энд таван өдөр үргэлжилнэм. Говьсүмбэрийн өмгөөлөгч Э.Сайханаа, Б.Батчимэг, Ш.Энхцэцэг, Дорнодын М.Энхтуяа, Ж.Уранболор, Р.Ганчулуун, Ц.Эрдэнэбат, Б.Хүрэлсүх, Д.Цолмон, Д.Урансувд, Ц.Сарангуа, А.Мөнхсайхан, А.Энхбуйр, З.Нямсүрэн, О.Баярбаатар, З.Уранцэцэг, Дорноговийн Ж.Жаргалсайхан, Д.Пүрэвдорж, Т.Урангоо, Т.Саранчимэг, Дундговийн Д.Дарьсүрэн, Д.Цоодол, Д.Долгорсүрэн, Г.Лхам, Д.Сумьяа, Хэнтийн Ж.Болдбаатар, Г.Баярсайхан, Д.Хэрлэнчимэг, Д.Чимгээ, Бор-Өндөрийн Б.Сүхбат, Д.Пүрэв, Сүхбаатарын Б.Баярцогт, Ж.Цээсүрэн, Төвийн Ц.Рашзэвэг нар навч цэцэг хуарлан ганхсан сэрүүн дэнжид дөрөө мулталж хаяа хатган буужээ.

Бүс бүсээс зүүн болон говийн бүсийн өмгөөлөгчид илүүтэй бүлсэг. Олоон жил уулзаагүй ахан дүүс тааралдсан мэт сэтгэлийн нандин цацлагатай. Идээ ундаан болцгоож, инээд баясал задгай гал дээрх цай шиг даргина. Тал нутгийн гэгээлэг нүүдэлч амьдрал, сэтгэл оюуных нь цар багтаамж тэднийг ийн ууч, зочломтгой болгон хувиргаа юм болов уу даа.

Нэгэн цаг дор, нэгэн дээвэр дор хумигдсан хуульч, өмгөөлөгчид “их хүрээ”-нээс залагдсан цэц мэргэн багш нараар эрдэм заалгаж эхлэв ээ.
Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Х.Батчимэг Эрүүгийн зарим гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал сэдвээр хоёр, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Цогт “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан шүүхийн практик” сэдвээр нэг, Нийслэлийн шүүхийн шүүгч, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургагч багш Б.Батцэрэн “Хуульч ба ёс зүй” сэдвээр хоёр, Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Д.Батсүх “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн оролцоо” сэдвээр нэг, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, “Отгонтэнгэр” их сургуулийн багш Р.Очирбал Үндсэн хуулийн эрх зүй сэдвээр нэг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургагч багш Э.Ариунаа “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу баталгаажуулах хэлцлүүд” сэдвээр нэг, Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч З.Сүхбаатар “Өмгөөллийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр” сэдвээр хоёр багц цагийн хичээл зааж, оюун ухааных нь бяр, хүчийг сэлбэв ээ.

Хүйтэн хүйтнээс айгаагүй, шинэхэн хоёр янаг
Хүслийн дуугаа дуулахыг Хэрлэн мөрөн сонсоод
Идэр есийн шөнө, мөсөө зад тийрээд
Ижийн чанасан цай шиг уур савсуулан бялхана гэж эртээ цагт Р.Чойном найрагч бичсэн нь бий. Ус голоо судар шиг уншиж, хоргой, торго имэрч буй мэт мөн чанарыг нь мэдэрсэн хүний сэтгэлээс л ийм чухаг нандин мөр бадаг халгилдаг биз ээ.

Нар ноцсон зуны аагим халуун өдөр Хэрлэнгийн тохойд хайраар амталсан мөстэй шүлэг хүлхэх юутай сайхан гээч. Сүхээ өмгөөлөгч, Цогт шүүгч, цаана нь хэн хэн ч байгаа юм, усанд булхаж, шумбаад “ухаан алга”.

Харваас өөртөө итгэлтэй, бардам төрхтэй эр юм, энэ Цогт шүүгч. Ухааных нь бяр, тэнхээ эрхтгүй цаанаас нь бухаж түлхэлсэн хүний байр шинж ч ийм байдаг. Монголын уран зохиолын ай савд “газар авсан” содон чимээтэй цутгалант мөрний нэг, хүүрнэл зохиолын томоохон төлөөлөгч, зохиолч О.Цэнд гуайн хүү юмсанж. Цэнд гуайн хүн-байгаль, хүн-адгуусан амьтдын хоорондын уялдаа шүтэлцээ хэчнээн учир нарийн, утга нандин болохыг сэтгэл үерлэтэл өгүүлэн сэнхрүүлсэн “Буурал Эг”, “Эгийн саарал”, “Хусан дээр ургасан хуш” туурвил нь дэндүү амттай. Одоо ч би унших дуртай.
Гяндангийн өндөр дааман хашаан дээгүүр дүүлэн гарч хилс хэрэгт гүтгэгдсэн эзнээ оргуулдаг саарал морины шандас, ухааныг бишрэхгүй байж /Эгийн саарал/, ижий байгалийн давтагдашгүй чамин урлал, нэгэн бүлийн хайрын мөнхийн бэлгэдэл болсон хусан дээр ургасан хушийг өс өвөрлөсөн буруу санаатан булга татан хаяж буйг /Хусан дээр ургасан хуш/ уншаад гол харлахгүй байж чаддаггүй юм.

“Ёс зүйн хичээл танд ямар хэрэгтэй вэ”, “Өнөөдрийн хичээлээс та юуг мэдэж авахыг хүсч байна вэ”.
Хичээлээ асуултаар эхэлж, шүүх, хуулийн байгууллагын нэр хүнд олны дунд унасны гол шалтаг шалтгаан хуульчдадаа байна уу, эсвэл хууль, эрх зүйн орчиндоо байна уу гэдэг дээр нэлээн тогтож, наана цаанаас нь татаж түлхэн өмгөөлөгчдийн хамт гарц хайж байсан Батцэрэн шүүгч нэг харахнээ нь дэргэд ирж зогссон машинаас үсрэн бууж явдал дундаа нүцгэлэн голын ус цалгиулан орж явчихав.

Завсарлагааны тав, арван хормыг ашиглан сэрүүцэхээр давхин ирсэн нь тэр юмсанж. Урсгал сөрж ус дэлхээн хэдэнтээ шумбаж аваад гарч, гэнэт давхин ирсэн шигээ гэнэт давхин одов.

Монголын хэмжээгээр бүс нутагтаа хамгийн олон шилдэг илтгэгч өмгөөлөгчтэй аймаг бол Дорнод. Миний л мэдэхийн М.Энхтуяа өмгөөлөгч, дараа нь З.Уранцэцэг, Ц.Эрдэнэбат нар шилдгийн цомыг гардаж байв. Сүхбаатарын Б.Баярцогт өмгөөлөгч нэг удаа түрүүлсэн юм байна. Тэгтэл энэ жилийн тэмцээний салхи дахиад л Дорнодын зүг эргэх нь тэр. Зөвлөл бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй баг болж оролцсон нь энэ жилийн шилдэг илтгэгчийн тэмцээний онцлог байв.

Дорноговь, Дорнод, Говьсүмбэр, Дундговийн зөвлөлийнхөн өрсөлдсөн зүүн болон говийн бүсийн аймгуудын шилдэг илтгэгч багаар өмгөөлөгч Д.Долгорсүрэн ахлагчтай Дундговийнхон шалгарсан бол шилдэг илтгэгч өмгөөлөгчийн өргөмжлөлийг Дорнодын Ж.Уранболор гардлаа. Уг нь Дорнодын баг тэмцээний бэлтгэл үлэмж сайн оролцсон ч нэг гишүүн нь “гадуур ажилтай” байснаас оноо нь хасагдан байр ухарна лээ. Багийн тоглолтод гишүүн болгоны оролцоо, идэвх нэн чухал гэдгийг эндээс олон хүн ухаарсан биз. Түүнээс гадна, үл тоов уу, эсвэл хойтонгийн тэмцээнийг хүлээхээр шийдэв үү Сүхбаатар аймаг, Бор-Өндөрийн өмгөөлөгчид энэ удаа хошуугаа ч хөдөлгөсөнгүй.
…Зам зуурт, Хэрлэн мөрний хойд хөвөөнөө хэсэг хонин цагаан чулуу таарсныг хүмүүс анзаарсан болов уу, үгүй болов уу. Домгийн сүрэг үүгээр дэлхэн бэлчиж, тэнгэрийн хоньчин хүү газрын охид Наранхуар, Саранхуар хоёртой эрхлэнхэн тоглодог байсан тэр газар мөн болов уу, биш болов уу.

Эрин галавт гэнэм. Тэнгэрийн хааных мал сүргээр баян байж л дээ. Сүрэг нь өсч үржихийн хэрээр газар нутгийнх нь хүрэлцээ хумигдан багасч, хэцүүхэн даваа тулгарах болж. Өвс, ус тэгш бэлчээрт малаа хүргэхийн тулд малч жаалууд нь үүрийн хяраанаар л гэрээсээ гардаг байж.

Нэгэн жаал урд өдрийн ядралдаа дийлдэн бөх гэгч нь унтсанаас хамаг улс малаа бэлчээрт гаргасны дараа сэрж тэдний хойноос хонио яаравчлан хөөж гарчээ. Тэгж явахдаа “Тэнгэрт байдаг бэлчээр газарт бас байна” гэж өвгөдийн ярьж байсныг сонссоноо гэнэт санав. Тэр газар руу нь очиж үзье байз гэж эргэлтгүй шийдээд доод тив рүү бууж иржээ.

Эх газарт ойртоход хаяа хязгааргүй хөх далай цэлийж үзэгдэнэ гэнэ. Цаст уулс, хөвч тайга… өнгө алаглан байна гэнэ. Хүү дуу алдан баярлав гэнэ. Тэгж яваад урьд урьдын үзсэнээс илүүтэй үзэмжит сайхан ногоон тал дундуур урссан мөрөн байхыг олж харжээ. Тэр нь Хэрлэн байсан бөлгөө. Хонио туусан хүү голын хойд хөвөөнд, монгол гэрийн гадаа буужээ. Гэрээс нэгэн өвгөн гарч ирж хүүг оруулан дайлж цайлж, түүнээс тэнгэрийн орны сонин сайхныг сонсон байв гэнэ. Улмаар тэнгэрийн хоньчин хүү тэдний охин Наранхуар, Саранхуар хоёртой эрхлэн өдөр хоногийг жаргалтай сайхан өнгөрөөж байв гэнэ.

Гэтэл тэнгэрийн хаан хоньчин хүүгээ үгүйлээ юм биз. Албат түшмэдээ илгээн эрж хайгаа юм биз. Газарт, Хэрлэнгийн хөвөөнд байгааг нь олж мэдээд буцаахаар иртэл хоньд нь явахгүй гэсэнд уурссандаа бүгдийг нь чулуу болгон хувиргачихжээ.

Домог дундуур Хэрлэн мөрөн бидэрлэн туналзнам. Өнгөндөө нар гялбуулсан элбэг устын эгшиглэнт хархан уснаас тасарч хэсэгхэн эмнэг цагаан үүл дээш дэгдэн хөөрнөм.
Газрын үлгэрийг тэнгэрт сонсгохоор яарч буй нь ч тэр сэн үү.
2010.07.16-22.

1 comment:

С. ГАНЧИМЭГ said...

Үнэхээр гоё блогтой юмаа. Эх хэлний яруу тансагийг гайхуулсан сайхан бичлэгүүд байна шүү.