Tuesday, August 31, 2010

Цэцэгт цагийн давалгаа


1.
Сүхбаатар хотоос Алтанбулагийн боомтыг дайран Гүн нуурт хүрч иртэл хагас цагийн хугацаа зарцуулжээ. Эргэн тойрон нарсаар хүрээлүүлсэн ширээ ногоон дэвсэгт хүүхдийн амралтын зуслан, залгаад жуулчны бааз, цаадтайх модны чөлөөгөөр урт урт шургааг эгнүүлж дамнуулан барьсан үхэр малын хашаа хороо, айлын навтгар суурин байшин үргэлжлээстэй. Нар баруун уулын толгойноос дээш төө хэрийн зайд мэлтэгнэнэ.

Эндхийн хөрс торгомсог, зөөлөн хонгор юм. Нарсан ой нь домогт Тужийн нарсны садан төрөл сөн үү. Үес үес хүчтэйгээр шуугин хөглөрнө. Ойн баруун урд захад, Доржсүрэн гэж эрхмийн бичсэнээр,
Монголжингоо гүнж бүсгүйг
Морьтой нь нуусан домгийн амьтай
Эртэлсэн цаг шиг цагаан хун
Ээвэн долгиондоо эрхлүүлсэн зунтай нүдэн нуур тормойно. Гүн нуур гэнэм. Гүн нуур гүн гэнэм. Дэнж, хөвөөнийх нь навч ногооны салхи, их усных нь санаа алдалт… үлэмжийн яруу ажээ.

Түрүүн, Шаамар өнгөрөх үест Дархан-Уул, Орхоны Өмгөөлөгчдийн зөвлөлийнхнөөс гадна хаанахын өмгөөлөгчид зам нийлснийг анзаарсангүй. Олон машины цуваа Сүхбаатар хотын төв рүү орж буйг сануулсан тэмдэглэгээн дээр зогсуут бүрээ хангинаж, бөмбөр пижигнээд явчихсан. Үлээвэр найралтай, чанга яригчтай тун дориун угтсан шүү, зочин гийчдээ Сэлэнгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, “Фэмида” товчооныхон.

Төвийн, төвийн гэлтгүй ер нь бүсийн сургалтад оролцохоор ирж буй нөхдөө урьд нь ингэж нижгэр угтаж байсан эсэхийг санахгүй байна. Сэтгэл гаргаж, өвөрмөцөөр сэтгэсэн байна лээ, зохион байгуулагчид.

Гүн нуурын зуслангийн байруудын хэлбэр маяг нэгэн хэвийн бус. Хэсэг нь тэнгэр хатгасан шовх оройтой байхад газраар наалдсан хавтгай дөрвөлжин ч цөөнгүй байх. Хол, ойроос, хойно өмнөөс цуглагсад тус тусын байранд орж төвхнөв бололтой, хэсэгтээ чимээ алдрахыг бодоход. Удалгүй бүрээн дуу! Өглөө сэрэх, орой амрах, хичээл эхлэх, завсарлах, хоол идэх, цай уух… бүгд бүрээн дуунаар. Амар…

Нар буцаад удаагүй, маргааш хэт халуун шатахгүй байгаа. Ингэж бодоод амарсан улсын болгоомжлол өглөөний сэрүүн агаарт замхран арилаа байлгүй. Бороо үнэртсэн бүрхэг тэнгэрийн дор төвийн бүсийн аймгуудын өмгөөлөгчдөд зориулсан сургалт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Гүн нуурын зусланд эхлэв ээ. Сургалт 2010 оны зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 2-ныг дуустал үргэлжлэх болой.

Хоёр жил тутамд болдог төвийн бүсийн аймгуудын өмгөөлөгчдөд зориулсан сургалт анх Архангай аймагт 2004 онд болж байсан бол өдгөө дөрөв дэхээ зохион байгуулагдаж буй нь энэ. Тус сургалтыг Монголын өмгөөлөгчдийн холбооны Сургалтын дэд хороо, Сэлэнгэ аймгийн өмгөөлөгчдийн зөвлөл, өмгөөлөл, хууль зүйн “Фэмида” товчоо /захирал, өмгөөлөгч Б.Хишигбаатар, гавьяат хуульч Г.Оюунцэцэг, өмгөөлөгч Г.Золжаргал, Г.Орхон, Т.Гомбосүрэн, О.Батжаргал, өмгөөлөгчийн туслах А.Батмандах, Э.Ган-Эрдэнэ, П.Ариунбилэг/ хамтран зохион байгуулсан бөгөөд Архангайгаас өмгөөлөгч М.Алтанчимэг, Ц.Бат-Эрдэнэ, В.Удвал, Г.Энхбаяр, Р.Эрдэнэ-Очир, Дархан-Уулаас Ж.Эрдэнэбаатар, Д.Пүрэвдорж, Л.Цуурай, Д.Тэрбиш, Н.Баттунсаг, Л.Оюунсувд, Л.Жаргалсайхан, А.Намсрай, П.Батжаргал, С.Чинбат, Д.Дондов, И.Энхболд, Б.Цэдэндамба, Ө.Өлзиймаа, Зүүнхараагаас Д.Жаргалбаяр, Ц.Цогзолмаа, Орхоноос Д.Оюунчимэг, Р.Нямцэрэн, Р.Дагва, Я.Эрдэнэчимэг, Ю.Ганбат, Х.Оюунбат, Ц.Энхтуяа, Р.Цэрэнханд, А.Төмөрчулуун, Б.Энх-Эрдэнэ, Ж.Мөнхсувд, С.Ванчиг, Л.Ганчимэг, Сэлэнгээс Д.Даваасүрэн, Р.Атарцэцэг, А.Отгонбаяр, Д.Байгалмаа, Л.Доржпүрэв, А.Мөнхбат, Д.Даваахүү, Төвөөс С.Сувдмаа, Б.Энхтуяа, Н.Баяр, Хөвсгөлөөс Б.Батдорж, Ц.Бат-Эрдэнэ, В.Энхболд нар номын дуу сонсч билэг оюунаа хурцлахаар зорин иржээ.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, өмгөөлөгч Ц.Давхарбаяр иргэний эрх зүйн хүрээнд “Өв залгамжлал-өмчлөл” сэдэвт нэг багц цагийн хичээлээр сургалтын салхийг хагалав. Шүүхээр шийдүүлж байгаа иргэний хэрэг, маргааныг судалж үзсэнээсээ улбаалан энэ сэдвийг сонгосноо багш бяцхан тайлбарлана лээ. Нэг үеэ бодвол хөрөнгөжиж, хувийн өмчтэй болсон иргэдийн дунд өмч, өв залгамжлалтай холбоотой маргаан гаргах хандлага нэмэгджээ. Өмчлөлийн асуудлаар нэхэмжлэлийг онцгой, эсвэл ердийн журмаар яаж гаргах, одоо хэрэгжиж байгаа хууль, тогтоомжид энэ талын зүйлс хэрхэн тусгалаа олсон, энэ тэр гээд багш сонгосон сэдвээ тойрон эргэлдэж, жишээ баримт татан тайлбарлаж, өмгөөлөгчидтэй санаа бодлоо хуваалцаж...хичээлээ цааш явуулна. Тэднийг танхимд нь орхиод гаръя даа.

Давхраа багшийн хичээлийг залгаад үдээс хойш Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Д.Батсүх “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд өмгөөлөгчийн оролцоо” сэдэвт бас нэгэн багц цагийн хичээлтэй гэсэн. Эрүүгийн эрх зүйн чиглэлийнх болохоор нэлээд сонирхолтой болох нь дамжиггүй.

Эхний өдрийн хичээл тарав уу, үгүй юу “Салхи Дамбий”-н дуу цагаан хоолойгоор хадаад унав. Хөлбөмбөгийн тэмцээнтэй л гэнэ. Идэвхитэй оролцоорой л гэнэ. Сэлэнгийн Өмгөөлөгчдийн зөвлөл эхний байруудыг эзэлсэн багийг байлна л гэнэ. Эртнээс, бүсийн сургалтын чөлөөт цагаар урлаг, спортын олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бололтой. Түүнийг хөтлөх үүрэг “Ноён Солиот”, “Салхи Дамбий” гээд дэлгэцнээ бүтээсэн дүрээрээ олны танил болсон жүжигчин Д.Бямбацогтод ноогджээ.

Энд монгол өмгөөлөгчид хөлбөмбөг тоглох гэж “үзүүлээд өгөх” биз. Зугаа л юм даа. Харин цаана чинь энэхэн бөмбөрцгийн аварга шалгаруулах ширэн бөмбөгтнүүдийн тулаан “бор тивд” сар шахам үргэлжлэн төгсгөлийн шат руугаа дөхөж, дэлхий дахин нойргүй хонож байнам. Шигшмэл гучин хоёроос шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн Англи-Голландын тоглолт өнөө шөнө болох гэж байдаг. Гэтэл нэг бэрхшээл өмнө хөндөлсөөд байдаг. Гүн нуурын зуслангийн дэнжид телевиз гардаггүй, сүлжээ барихгүй болохоор утсаар ярьж болдоггүй. Суурин хотын хашгичиж чихэлдсэн их дуу чимээнээс залхаж, тэндээс түр ч атугай дайжин гарч ирсэн улсад энэ нь нэн таатай ч таван тив, дөрвөн далайн цаадтай наадтайгаас анир тавин ширтсэн ногоон талбайн бөмбөгтэй тулааныг харахыг яарсан сэтгэл зүүн дээр суусан лугаа л өндөлзүүлэх бөлгөө.

Сураг сонсохнээ нь хэдэн нөхөд шөнө хугаслан Алтанбулагийн боомтын тэрээд дөхөж очиж телевиз үзэх бололтой…

Дараагийн өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвнямын Үндсэн хуулийн эрх зүй сэдэвт нэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн хэргийн тэнхмийн багш, доктор, профессор Ж.Бямбаагийн Эрүүгийн эрх зүйн сэдэвт хоёр багц цагийн хичээлээр үргэлжлэв. Маргааш Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургагч багш, өмгөөлөгч Э.Болорчулуун хуульчийн ёс зүйн сэдвээр хоёр багц цагийн сургалттай ажээ, хананд өлгөөстэй хичээлийн хуваарийг харахад.

Бүсийн сургалтын чөлөө заваар тухайн аймгийн удирдах албан тушаалтнууд Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдлага болон энэхүү арга хэмжээнд хамрагдаж буй аймгуудын Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга нартай уулзалт зохион байгуулдаг ёсчлоогүй хуультай. Энэ уламжлалыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрынхан залгамжилж өмгөөлөгчдийн байгууллагын төлөөллийг Тамгын газрын байрандаа хүлээн авч уулзан нутаг орноо танилцуулж, элэгсэг халуун дотно яриа хөөрөө өрнүүлнэ билээ.

Манай улсад бие даан өөрийн хүчин чадлаар өөрийгөө санхүүжүүлдэг зургаан аймаг буй. Нэг нь Сэлэнгэ. Эднийх зуу мянган хүнтэй, нэг сая, таван зуун, жаран мянган малтай өнөр айл юм. Газар тариалангийн гол цөм нутаг. Мал өсч буй нь тариалан, энэ тэрдээ жаахан халгаатай болох хандлагатайд нутгийн удирдлагын толгой хөндүүрлэх болсон бололтой юмдаг аа даа. Аймгийн Засаг ноёны орлогчийн ярианаас анзаарахад.

Хойд хөрштэй хил хаяа залгаа, харилцаа хамтын ажиллагаа ч ойр дотно явж ирсэн нь хөгжил дэвшилд нь ач тусаа өгсөөр байгаа нь илт. Ойрмогхоноос урд хөршийнхөн Сэлэнгийг сонирхох, зорих нь элбэгшсэн гэнэ. Төмөр замыг нь ашиглан гурван улсын боомт хот болгох талаар нэлээд эрчимтэй яригдаж байгаа ажээ.

Өдөр өдрийн сургалтын дараа болдог уламжлалт нэгэн арга хэмжээ ид дундаа. Энэ бол газар газрын өмгөөлөгчид бие биедээ халуун дотно мэнд дэвшүүлэх байв. Олон хөг аялгуутай, олон хэлбэр хэмжээтэй мэндчилгээ зуны үдшийн дуурмаг бүлээн агаартай сүлэлдэн тэнгэрт дэгдэх ажгуу.

Алжаал ядаргаагаа мартан
Аян замын уртыг туулж ирсэн
Архаг Эрдэнэ-Очир тэргүүтэй
Арын хангайн өмгөөлөгчид,

Хотгойдын ван Чингүнжавын удам
Хоргой цэнхэр нуурын арал
Хөвсгөл нутгаасаа зорин ирсэн
Хоёр, гурван нөхөд,

Нуур шиг нийслэл хаяанд нь байхад
Нутаг орны сургалтыг зорьж
Төсөл хөтөлбөрт идэвхитэй оролцсон
Төв аймгийн өмгөөлөгчид,

Дараагийн сургалтыг нутагтаа хийх
Даруухан амлалтыг холбоондоо өгч
Дандаа хашруудаар багаа бүрдүүлсэн
Дархан-Уул аймгийн өмгөөлөгчид,

Төрөлх нутагтаа сургалт авч
Тохитой сайхан орчин бүрдүүлсэн
Сэтгэл зүтгэл сайтай
Сэлэнгэ нутгийн өмгөөлөгчид,

Мэдэж таних, асууж лавлах
Мэргэжлийн зүйлсийг бэлдэж өгсөн
Сүхбаатар багш тэргүүтэй
Сургалтын дэд хорооныхон,

Нотолж баталж, онол зааж
Номын ухааныг сэргээн сэдрээж
Мэтгэлцээн маргааныг чөлөөтэй өрнүүлэн
Мэргэжлийн хувьд ухааруулж өгсөн
Доктор профессор Бямбаа тэргүүтэй
Дотнын ачит багш нар,

Хуульч, өмгөөлөгч нөхдийнхөө төлөө
Хөрөнгө, хүч, сэтгэлээ зориулж
Хамт олноороо идэвхийлэн ажилласан
Хуулийн фирм “Фнмида”-гийнхандаа

Эвсэг хамтач, эрч хүчтэй
Эрдэнэт нутгийн өмгөөлөгч бид
Амрыг эрэн мэндчилж,
Ашдын сайхныг ерөөж байна

Үүнийг хэн нэгэн зохиосон уу, эсвэл эвсэж хамжиж бичсэн үү, бүү мэд. Гадаа үдшийн харуй бүрий аль хэдийнээ нөмгөлөн хөглөрчээ. Ж.Бямбаа багш дуудаж байна гэхээр нь өрөөнд нь явж орвол Орхоны өмгөөлөгч Р.Дагва гуай, З.Нямцэрэн ах хоёр ирчихэж. Мөнхүү, шавь нар нь ч харагдана. “Дээгүүр яригдаад, яваад байгаа Эрүүгийн хуулийн хоёр төсөл дэмжигдэх нь үү”, “Сайхансамбуу гишүүний боловсруулсан төсөл ямар санагдав” гэхчилэнгээр албаны зүгт өрнөж байсан яриа аажимдаа дурсамж хууч болон хувирлаа.

Аль эрт, далаад онд Дагва дарга, Бямбаа багш хоёр Ховдод хамт ажиллаж байсан дарга, цэргүүд юмсанж. Нэг нь Шүүхийн дарга, нөгөөх нь өмгөөлөгч. Дагва дарга хорин зургаатай, Бямбаа багш арван естэй идэр явж.

-Би нэг их шударга хүн болох гэж зодооний хэргийг гуч, хулгайн хэргийг тавин төгрөгөөр өмгөөлнө гэсэншүү юм ярихгүй юу. Тэгтэл Дагва дарга “Энэ хөдөө газар хэрэг төвөг цөөн гардаг. Наадахаа 100 төгрөг болго. Чиний хөдөлмөрийн л хөлс шүү дээ” гээд. Жилийн дотор 2200 төгрөг цуглуулчихаж билээ. Тухайн үедээ их мөнгө шүү. Түүнийгээ ээждээ өгчихөөд цэрэгт мордсон доо.
-Сахилгагүй хүн шүү. Намайг амраад ажилдаа ортол өргөдөл бичиж орхиод цэрэгт явчихсан байж билээ. Бөөн хөхрөлдөөн.

-Цэрэгт татагдахад аавын чинь оролцоо байсан байх шүү.
-Үгүй юм аа. Ховдод, айлын хармаа өрөөнд, залуу бага хүн жаахан бэрхшээсэн тал бий байх. Ер нь л цэргийн алба эрт хаая гэж бодсон. Тэгтэл хэрэг бишддэг юм. Тангараг өргөөд удаагүй байтал Өмгөөлөх коллегийн дарга Бяраадамба гуай давхиад буучихдаг байгаа. “Чи их дэггүй хүн байна. “Цэрэгт явах уу, үгүй юу” гэж татлагын комиссынхон асуухад “явна” гэсэн байгаа юм даа. Дарга нартайгаа ярихгүй яасийн. Тэгж албан ажил цалгардуулж болдгийм уу” гээд бууж байна. Бүр дагуулаад Лувсаншарав гуайн өрөөнд орж явчихав. Дээд шүүхийн нэгдүгээр орлогч. Цэрэг болохоор ёслоод “Байлдагч Бямбаа…” гэтэл ”Битгий донгос, суу, чи…” гээд. Дахиад л бөөн хөхрөлдөөн.

“… Яасан өвчтэй хүн бэ, чи. Цэргийн албанд чи дуртай хүн огт биш. Аймгийн албанаас зугтсан хүн” гээд авч өглөө. Дотор зарсхийж, шорон орон л бодогдоод явчихаж байгаа юм. “Нөгөөдөр шалгалт болно, түүнд ор. Тэнцвэл сургуульд яв, тэнцэхгүй бол чамайг хилийн цэрэгт хөөж явуулна” болоод гаргалаа. Ингээд шалгалтдаа тэнцээд Эрхүүгийн сургуульд явсан хүн дээ, би.
-Аав чинь Лувсаншарав даргатай ойр дотно байсан байх. Надад чи тэгж хэлж байсан санагдана.
-Тийм биш юм. Тухайн үедээ таныг сүрдүүлж айлгах гэж л тэгж худлаа хэлсэн байх… Бас дахиад л бөөн инээдэм.

-Миний муу аав чинь жирийн нэг хэсгийн прокурор л байсан хүн. Манай Дагва дарга залуудаа их ширүүн, зарчимч хүн байсан болохоор л би тэгж аргалсан байх. Шүүгч болгоныхоо ажил үүргийг тодорхой мэддэг, үүрэг даалгаврыг эмх цэгцтэй өгдөг, нялцгай зангүй. Мундаг л даа.

Дагва дарга, Бямбаа багш хоёрын яриаг хачирлаж хажуугаас өмгөөлөгч З.Нямцэрэн ах “Дарханы шүүгч нар Дагва даргын өрөөнд орж чадахгүй үүдэнд нь “чи ор”, “чи эхэлж ор” гээд бие биеэ түлхлээд зогсчихдог байсан гэсэн яриа байдаг юм” гэж байна… Эдний яриа хэзээ дуусахыг мэдэхгүй. Зуны шөнийн богиныг хэлэх үү, үүр цайлгах биз ээ…

Гүн нуурын ус бидэртэн давалгаалж, тэнгэр салхилан цэлмэсэн тунгалаг өдөр МУИС-ийн хууль зүйн сургуулийн багш, өмгөөлөгч Д.Ганзориг, Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч З.Сүхбаатар нарын “хишиг өдөр” тохиов. Ганзо багш захиргааны эрх зүйн хүрээнд “Ашигт малтмалын тухай хуулийн хэрэглэж буй шүүхийн практик” сэдэвт нэг багц цагийн хичээл орсон бол “жанжин” Сүхбаатар багш “Өмгөөллийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр, тивигдах шаардлага” сэдэвт хоёр багц цагийн хичээлтэй байлаа.

Залгаад “Шилдэг илтгэгч” шалгаруулах тэмцээн болов. Ер орон нутагт бүсийн өмгөөлөгчдийн чуулга уулзалт болж эхэлснээс хойш энэ тэмцээн үргэлжид хамт явж ирсэн түүхтэй бөлгөө. Уран илтгэлийн тэмцээнийг энэ жилээс арай шинэлэг хэлбэрээр явуулахаар зохион байгуулагчид шийджээ. Урьд өмнө зөвлөл бүрийн төлөөлөл нэг өмгөөлөгч оролцож шилдгээ шалгаруулдаг байсан бол энэ удаа зөвлөл болгон тус бүр гурван хүний бүрэлдэхүүн бүхий багаар гурван үе шаттай өрсөлдсөнөөс Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн баг /өмгөөлөгч З.Нямцэрэн, Р.Цэрэнханд, Б.Энх-Эрдэнэ/ түрүүллээ. Мөн хамгийн шилдэг илтгэгчийг шалгаруулахад Орхон аймгийн өмгөөлөгч Р.Цэрэнханд тодорч өргөмжлөлийн зэрэгцээ сургагч багшаар бэлтгэгдэх эрхийг Сургалтын дэд хорооны дарга З.Сүхбаатараас гардан авав.

Утга гаргалгаа, дэвшүүлсэн шинэлэг санаа, гаргасан үндэслэлээ судалсан, нотолсон байдал, бусдад хүргэх ур чадвар, цаг барилт, баг бүрдүүлэлт гэсэн зургаан төрлийн шалгууртай тэмцээний явцаас анзаарахад олон өнгийн дүр зураг харагдсан. Удирдамжийг урьдчилан хүргүүлсэн атал зөвлөл бүр гүйцэд оролцсонгүй. Оролцсон багийн дийлэнх нь хүн дутуу, бэлтгэл тааруу байсныг дурдалтай.

Энэ нь нэг талаар Өмгөөлөгчдийн холбооны салбар болохын хувьд зөвлөлүүдийн ажил ямар хэмжээнд, хэр явж байгааг илэрхийллээ гэж ойлгож болох. Мөн нэг гол шалгуур илтгэлд дурдагдсан баримтаа нотолсон баталсан байдал хангалттай биш байгааг шүүгчид онцолсныг хойшид анзаарахад илүүдэхгүй болов уу.

Илтгэгчдээс Орхоны Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч З.Нямсүрэнг онцолмоор. Тэрбээр чамгүй эрэл хайгуул хийж, судалж, хөдөлмөрлөсөн нь илт. Түүний илтгэлд санаа оноо авахаар зүйл цөөнгүй байсныг сайшаалтай.

Сургалтын эргэн тойронд өрнөсөн олон үйл явдлын оргил нь өмгөөлөл, хууль зүйн “Фэмида” товчооны хамт олон Сэлэнгэ аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд иж бүрэн компьютер, хэвлэгчийн хамт бэлэглэсэн явдал гэдэгтэй маргах хүн үгүй биз. Мөн Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн тушаалаар тус зөвлөлийн дарга, өмгөөлөгч Д.Даваасүрэнд Өмгөөлөгчдийн холбооны “Хүндэт өргөмжлөл” хүртээсэн нь шагнал эзнээ олохын үлгэр болсон байх.

Хичээл, хичээл, бас дахин хичээл үргэлжилсэн зуны урт өдрүүд дуртгалын хөх салхинд туугдан одож байна. Гүн нуурын энэ сургалт бүтээлч, шинэ соргог зүйлсээр дүүрэн, сайхан боллоо. Алдаа мадаг байсан бол сургамж болж, айсуй ирээдүйн зам мөрд сайны тусгалаа өгнө гэдэгт итгэнэм. Утга ийм үгс сургалтын төгсгөлд болсон Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөл болон Сахилгын хороо, Сургалтын дэд хорооны гишүүд, аймгуудын Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга нарын уулзалтад оролцогчдын амнаас унаж байсныг тэмдэглэлдээ шигтгэе.

Нарсан ойн сэжүүрт аягатай цай шиг мэлтэгнэсэн нүдэн нуур-Гүн нуурын дэнж, хөвөөний цэцэг навчны бүлээн салхи, их усны санаа алдалт… үлэмжийн яруу хэвээрээ.

Элбэг уст Гүннуур
Нүд шиг тормойно
Хэсэг дэрс хөвөөнд нь сормуус шиг дэрвийнэ
Тэнгэрийн аянгат үүлс сүүдрээ
Усанд нь дүрж эрхлэхэд
Ялгуун салхис
Амар амгалангийн аяз цуурдана
Даварлаа гэж битгий бодоорой, миний хонгор
Аялгуу гэрэлтэх тунгалаг ариухан энэ усыг
Алганаас чинь... яг одоо л би залгилмаар байна...
Энэ мэт шад мөрийг бодлынхоо нууранд хун галуудтай ус үсчүүлэн тонгочуулсан шигээ Гүн нуурын хөвөөг эмжин зурайх тосон шаргал замаар Алтанбулагийн зүг хөдлөв. Удахгүй Сайханы хөтөл орно. Монгол-Оросын торгон хил дээр очно.

Сэтгэлийн цэнхэрлэгт ямархан нэгэн гэрэлт аялгуу цалгис, цалгис…
/Үргэлжлэл буй/
2010.06.28-07.3

No comments: