Monday, September 13, 2010

Цэцэгт цагийн давалгаа



3.
Гайхалтай. Үүлэн дунд явах. Гэхдээ онгоцоор биш машинаар, тэнгэрт биш газарт яваа атлаа шүү дээ. Өгссөн, өгсөөд л байсан. Загастайн даваан дээр гарч ирлээ л болсон. Уруудсан, уруудаад л байсан. Буй бие нь уур мананд битүү боодолтой аварга даваа юм. Үе үе усан хуй давалгаалан ирж шавхуурдан ороолгох нь омогтой.

Өндөрлөгт жавхаатай үйл, хийморьлог явдлын тухай илчлэг яриа л үүсэн хэлбэржиж, дүрсжин гал шиг асч бадардаг байна. Ан ав, амжилт, ялалт, гоо билэгт хүмүүсийн ариун сэтгэл... машины жигдхэн нургилах чимээтэй найрсан суунаглана.

Манай машины хоёр ангийн бөөн хорхойтон аж. Цасанд дарагдсан аглаг тайга, нүдний үзүүрт торох юмгүй нүцгэн талд тэнгэрийн амьтан, энэ тэр гөрөөчилж явснаа ам уралдан хүүрнэж хөгжин баясч явлаа. Хурдан буу агсаж, хөнгөн тэрэг хөлөглөсөн ангуучдад тал хээрийн чоно хайруулын тавган дээр ганц цагаан будаа тавьчихсан шиг л торойж харагддаг юм аа даа, янз нь. Яриандаа халаад зам хорсныг төдийлөн анзаарсангүй. Улиастайн зах руу ороод иржээ.

Арсгар дарсгар улаан асгатай сүрлэг уулсын дунд Чигэлтэй, Богдын голоо бараадаж суурьшсан хот юм. Бороо элбэг, зам талбай, ер хаашаа л харна хавтгай ус. Тэнд удаж төдсөнгүй, шөнөөс урьтаж зорьсон газартаа хүрэхээр замдаа оров. Даянгийн зуслан Улиастайгаас хөдөлсөн улсад бол хол, хотоос олон зуун км зам туулж ирсэн бидэнд бол ойрхон санагдсан. Тавиад км-т юм болов уу даа. Уулын гавшгай түргэн голын эрэг хөвөөн дээр юм.

Тэнгэр бүрхэг, дээр нь харуй бүрий нөмгөлөн нөмөрсөн болохоор Рашаантын голын урсгал чимээ эрмэг омголон. Эр барс хүрхрэх мэт түрэмгий догшин хэмнэлтэй. Гадаа бороо дусагнан шивэрч байгааг хэлэх үү, галлагаагүй байшингийн сэрүүнийг хэлэх үү, хэн хүнгүй дулаан хучлага доогуураа шургахын түүс...

Өглөө сэрэхнээ нь бороо шивэрсэн хэвээрээ. Тэнгэр мөддөө онгойх царайгүй. Хөх үүлэн нэмнээтэй. Давхарлан өмсөвч чийг хавсан хувцас биед ээнэгшиж өгөхгүй хүйтэн хөндий.
Хэрлэн зусланд өнгөрүүлсэн нартай, тунгалаг шаргал өдрүүд эрхгүй санагдаж байх чинь. Замд, Тэрхийн цагаан нуурын наахна Суман голын хөвөөн дээр хоносны өглөө Ариунаа шүүгчийн чанасан сүүтэй, борцтой, будаатай цай үгүйлэгдэж байх чинь. Ийм нэг хөх даасан бүүдгэр өдөр л тийм нэг хонгортсон сайхан цай оочилж суух жаргал байдаг даа.

Оргож боссон онц гэмт хэрэгтэн туулайг олж баривчлах даалгаврыг хуулийн байгууллагуудад өгч л дээ. Бүгд л эрж хайн бужигнаж. Гэтэл цагдаагийнхан чимээгүй, нам гүм болчихож.
-Та нар яагаад туулайг хайхгүй байгаа юм бэ?
-Өө, бид бариад ирсэн шүү дээ.
-Хаа байгаа юм гээд очиж үзтэл баавгай сууж байж.
-Үгүй, энэ чинь туулай биш байна шүү дээ гэтэл мөнөөх баавгай:
-Би туулай, би туулай гээд толгойгоо илээд байсан гэдэг гэж ирээд Ариунаа шүүгч цайгаа самрангаа онигоо ярьж биднийг хөгжөөх нь зугаатай.

Хуртай ч хугацаандаа гэгчийн үлгэрээр баруун бүсийн аймгуудын өмгөөлөгчдөд зориулсан сургалт товлосон цагтаа хөшгөө нээв.

Энд Баянхонгороос Г.Доржготов, Б.Ганболд, Ц.Мөнхтуул, Г.Дуламсүрэн, Баян-Өлгийгөөс З.Казбек, С.Алтай, К.Зулхаш, Говь-Алтайгаас М.Энхзаяа, Г.Нямаа, Б.Болормаа, Завханаас В.Содномцэрэн, Д.Гантөмөр, Л.Пүрэвжаргал, Т.Анхцэцэг, Увсаас Д.Бунжаа, Б.Лхагважав, М.Мөнхөө, Ө.Нарантуяа, Ховдоос Ц.Даваасүрэн, Д.Эрдэнэчимэг, Д.Хуягбаатар, Ж.Энхжаргал, М.Дэмбэрэл нар хүрэлцэн ирж тухалжээ.

Уламжлалаараа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургагч багш, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Э.Болорчулуун хуульчийн ёс зүйн хүрээнд “Ашиг сонирхлын зөрчил” сэдвээр хоёр, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Э.Ариунаа Иргэний эрх зүйн хүрээнд “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу баталгаажуулах хэлцлүүд” сэдвээр хоёр, Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Д.Батсүх Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны сэдвээр нэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганзориг Захиргааны эрх зүйн сэдвээр хоёр, Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч З.Сүхбаатар Өмгөөллийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр сэдвээр хоёр, “Отгонтэнгэр” их сургуулийн багш Р.Очирбал Үндсэн хуулийн эрх зүй сэдвээр нэг багц цагийн хичээл заахаар холоос, хотоос ирсэн байна.

Даянд тухлан саатсанаас хойш гурван шөнө од харагдалгүй, гурван өдөр нар харагдалгүй бороошив. Үндэст бүхний тоос тортог угаагдаж ариусан тунгалагшив. Тохь тухгүйдлийн хаанчлалд боолчлогдсон зарим нэгэн үсээ зулгаахдаа тулав.

Бид бол байгаль, юмс үзэгдлийн өнгө алагласан араншингийн хэмнэл, хөдөлгөөн бүрт аж төрлөө таацуулж зохируулан амьдарч ирсэн эсгий туургатны үр сад билээ. Гэтэл энэхэнд тэвчээр алддаг, үглэж дуулдаг эмзэг нялцгай, өчүүхэн бичил амьтад болон хувирсан нь тоогүй. Үл анзаарагдам хэмнэлээр газар шорооноосоо ямх ямхаар алсран холдсоор буй бидэнд өөрийн яруу сайхнаа мэдрүүлэх гэсэн мэт нар үүлэн цаанаас алтанхан сормуусаа өргөн инээмсэглэх нь яасан таатай.

Үдийн алдад бороо намдаж, холын бараа тодроход Даянгийн зуслангийн зүүн талын уулс цав цагаанаар гэрэлтэх нь тэр. Оройгоороо цас унасан байна шүү дээ. Уулсын дээгүүр үүлс аажим ягуухнаар гулган нүүнэ. Уулсын дээгүүр аажим ягуухнаар гулган нүүх үүлсийн дундаас суварга цагаан Отгонтэнгэр хайрхны мөнгөлөг оргил болор талст гялалзуулан цухуйв. Аяа, хурмастын цагаан аялгуу...

Олон өдрийн борооноос залхсан улс нарыг ихэд хүсэмжлэх нь илтэд билээ. Чухам хэний санаа байсан юм, гадаа хичээллэх болж. Ганзориг багшийн ном айлдах ээлж тэгж таардгийм.

Захиргааны гэсэн тодотголтой ойлгоход нэлээн яршиг төвөгтэй баймаар санагддаг эрх зүйн энэ хичээлийг анирдаж суутал багш “дүүргийн газрын албаны даргын дарга нь хэн бэ” гэсэн асуулт тавиад, хэлбэр, агуулгын талаас нь янз бүрээр ярьж, өмгөөлөгчидтэй зөвшилцөж үзээд ч хариултыг нь ололгүй нээлттэй үлдээчих шиг болсон. Нээрээ л, дүүргийн газрын албаны даргын дарга нь хэн юм бол. Томилдгоороо дүүргийн Засаг дарга уу, эсвэл үр дүнгийн гэрээ байгуулдгаараа Нийслэлийн газрын албаны дарга уу, бүр эс бөгөөс санхүүжилтийг нь хариуцдагаараа Геодези, зураг зүйн газрын дарга юм болов уу. Хариуг нь олвол дуулгаарай.

Мартсанаас, энэ өдөр Ганзо багшийн сандрал, “зандрал”, тайтгарал давхацсан юм байна. Танхимд хорь гаран жил номлож дадсан тэрбээр задгай талбайд “сонин санагдаад” хэмээн нэлээн сандарсан.
Тэгж байснаа Б.Чимэд багшийн “цагаан ном”-ыг уншаагүй хүн захиргааны эрх зүйн талаар ам ангайх хэрэггүй шүү хэмээн “зандарсан”.
Үдийн хойно Даянгийн бэлээс Очирваань хайрхнаад залбирч байхдаа ямархан нэгэн хууч, дурсамж нь сэдэрсэн үү, яасан нүд, сормуусаа чийгтүүлэн хэсэг хайлмагтаад тайтгарсан.

…Уулсын сайхан цагийн сайханд яруу сайхан харагднам. Цаг мөнхөд амирлангуй, гүн эрхэмсэг Очирваань дөлгөөн дуугүй. Хэсэгхэн, аянч цагаан үүл оргилыг нь бүслүүрдэн байснаа хөхрөгч даяхнаад сэмрэх нь байдал зохис. Их Даянгийн оройгоос эрхшээвэл Очирваанийн баруун хойд биед оршдог бага Отгонтэнгэр уулсын Дөрөө нь баруун гараа огторгуйд мандаан таван салаатай очир барьсан дүр илт.

Ар биеийнх нь үргэлжлэл Хүрэн ороонго уул зүүн гараа зүрхэндээ барьсан нь гэгээн төгс. Хатан бээл нь болбоос баруун хөлөө бадруулан өргөсөн хөг илэрхий. Баруун бэлийн Чулуут, Эрээн гээд асга хад асч бадмарсан уулс барсын арьс нөмөрсөн донжтой. Очирваань хайрхан их Даянгийн завсарт Хөх нуур мэлтийх нь мөнгөн аягатай сархад лугаа. Арц, цасны тунгаамал үнэрт сэтгэл цэнгэгших нь үлэмж төгөлдөр өө.

Даянгийн асган дунд тэнгэрийн гүнж цэцэг вансэмбэрүүг олж харав. Явуу найрагчийн бичсэнээр,
Илбийн юм шиг хосгүй сайхан
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангайн хос цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ

Тэнгэр эцэгтэй, газар ээжтэй, хүн амьтай гэгддэг эрхэмсэг энэ цэцэг атганд үл багтам бүдүүн ногоон иштэй юм. Ишээ дагаж уртсан ургасан өргөслөг хүрээ бүхий нов ногоон навч, томоо цагаан дэлбээт цомирлог дундаа хүрэн толгойтой юм.

Уран цоморлигийг нь илээд үзвэл
Унаганы уруул шиг зөөлхөн байлаа
Хүрэн тэргүүнд нь хүрээд үзвэл
Хүүгийн минь зулай шиг бүлээхэн байлаа гэж гайхалтай үнэн, гоё бичжээ, Б.Явуухулан гуай.

Гадаад руу гаргах, зарж борлуулахыг аль 1974 онд Олон улсын конвенцоор хориглочихсон энэ анхилам ялдам цэцэг үүдэн хоймрын зайд ханьсан ургасан байх нь ер бусын. Чухам яагаад ингэж хослон ургадгийм бол. Ховор болгон байх Монгол минь, ханхар хөх огторгуй руу түрж ургасан дөлгөөн чанарт сүмбэрлэгч хайрхан минь, нууцад чинь нэвтэрч үл чаднам, би…

Ус гол, ургамал цэцэг жигдэрмэл амьд цэцэрлэгт хүрээлэн дунд сонссон дуулсан бүхэн амтгүй байхын арга үгүй еэ. Шүүн таслах ажиллагааны гол нөлөөт тал болох өмгөөлөгч хүнд байвал зохих нэг шидэт чанар бол илтгэх ур чадвар. Тиймдээ ч хуулийн театрын гол дүрийн жүжигчин гэж өмгөөлөгчийг хэлээ байлгүй.

Яг одоо, Монголын алс баруун хязгаар аймгуудын “хуулийн театрын гол дүрийн жүжигчид” илтгэх ур чадвараараа өрсөлдөж байна. Бүсийн сургалтад өмгөөлөгчдөө илгээсэн аймаг болгоны уул ус өндөлзөнхөн байгаа нь лавтай. Тэмцээн гурван шүүгчтэй, гурван шатлалтай, гурван хүнээс бүрдсэн зургаан баг оролцож байгаа.

Сэдвээ сонгож, сугалж, өмгөөлөгчид илтгэлээ, шүүгчид оноогоо тавьж…тэмцээн үргэлжилсээр өндөрлөхөд Баянхонгор аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн баг 193 оноогоор тэргүүлж цом хүртсэн бол Увс, Завханы баг 161, 148 оноогоор удаалав. Шилдэг илтгэгч өмгөөлөгчөөр Баянхонгорын Дуламсүрэн 65 оноогоор шалгарч, түүний удаад нутаг нэгт Мөнхтуул 63, Увсын Мөнхөө өмгөөлөгч 57 оноотой “айрагдлаа”.

Энэ жил гурван бүсэд болсон илтгэх ур чадварын тэмцээнд оролцогчдоос өмгөөллийн ажиллагаанд хэрэг болох, санаа сэдэл авахаар шинэ соргог зүйлийг илүүтэй хэн олж харж, хэлж байв, залуус. Тэргүүн болон дэд байрт хэн хэн шалгарав, бас л залуус. Үнэндээ, Монголын өмгөөллийн салбарт нэгэн шинэ, залуу үе давалгаалан орж ирж байгаа сан уу. Сайхан юм аа. Тэдний зам мөрд бартаа саад бага, болж өгвөл таарахгүй байгаасай. Тэдний гэгээн тэмүүлэлт бодол санааг сүүгээр мялаадаггүй юм гэхэд сүүдрээ бүү тусгаасай. Тэдний ажил үйл наран мэт мандан бадарч, далай мэт халгин цалгиж байгаасай.

Энүүхэн хойдох дүрэлзсэн хөх уулын цаад аманд Отгоны амралт буй гэнэм. Даруй, дөч гаран жилийн өмнө, 1968 оны солонгот зун тэнд манай чөлөөтийн бөхчүүд олимпийн бэлтгэлээ базаасан мөнгөлөг түүх бий. Монголын долдугаар сар гэдэг ид халууны бачим цаг билээ л.

“Хоёр” Мөнх тэргүүтэй идэр жавхлант эрс хотоос бүгд л нимгэн хөнгөн хувцастай гараа биз. Гэтэл уулсын хөхөмдөг бэлээд өгсөхөд нь л цас, бороо холилдон лавшиж, юу юугүй даарсан улс хувцсаа давхарлаж өмссөөр рашаан сувиллын газарт хүрэхэд дандаа азарган нэхий дээлтэй хүмүүс угтсан гэдгийм.

Тэр зун олимп болсон Мексикийн Мехико хот далайн түвшнээс дээш 1900 метрийн өндөрлөгт өргөгдөн оршдог бол манай Отгоны амралт 2200 метрт байрладаг гэж байгаа. Өндрийн цаг агаарт дасан зохицох л гэж наашаа зорьсон хэрэг шүү дээ, тамирчид маань.
Ирсэн даруйдаа бүгдийнх нь нойр муудан толгой нь эргэж, заримынх нь хамраас цус гоожоод хэцүүхэн байсан ч аажимдаа дасч бэлтгэлээ хийж эхэлсэн тухай цастын тарнич торгон салхи сэвэгнэн шивнэх бөлгөө.

Уулсын шидэт тунгалаг агаар, будрах цас, намирах борооны сувдан ширхэг болгоноос тэдний бие, сэтгэлд уусч шингэсэн ааг омог, бяр тамир Мехикогийн дэвжээн дээр ёстой л гэрэлтэн цацарсан билээ. Монголын зориг, цөс ихт хүдэр хөвгүүд дуулиан шуугиан дэгдээсэн билээ. Дархан аварга Жигжидийн Мөнхбат мөнгө, гавьяат Чимэдбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг нар хүрэл медаль хүртэж алдрын оргил өөд асч тэмүүлэхийн баранзад галыг олон Монголын сэтгэл, зүрхэнд асаан өрдсөн л.

Түүн лүгээ… гэгээн тунгалаг энэ ахуйн агаарыг тэнцүүхэн залгилж, зөрөг цэцгэн дундуур нь алхаж гишгэж, амарч, номын дуу сонссон өмгөөлөгчид ч хожим хойчийн үйл хэрэгтээ гайхам гайхам амжилтыг гаргах сод билгийн их хур хүчийг хуримлуулан авсан гэдэгт хэн эргэлзэнэ.

Баруун уулын наагуур хэсэгхэн газар пансан цэнхэр хөшиг татчихсан мэт зөөлөн, намираа бороо сувдран цайрах нь гоо үзэмжтэй. Зүүн өмнөдөд цаст Очирваань хайрхан тэнгэрийн цэнхэрлэг таширлан гэрэлтэнэ. Хараад л баймаар. Харах бүрий улам тунгалагшин тодроод л. Галбираа сэтгэлийн минь аглагт шигтгэн шигтгэн сийлж байж ч болох. Хэзээ ч балрахгүйгээр...

...Нуурын хөвөө, голын тохой, уулын бэлд болсон бүсийн уламжлалт сургалтуудыг амжилттай зохион байгуулсан Монголын өмгөөлөгчдийн холбооны Сургалтын дэд хорооныхон, тухайлах юм бол, өмгөөлөгч З.Сүхбаатар, Б.Мөнхбат, С.Хишигбуян нарт гүн талархая.
Мөнхүү, хөрөнгө санхүүгийн хувьд ивээн тэтгэж хамтарсан Б.Хишигбаатар захиралтай “Фэмида”, Б.Ганбаатар захиралтай “Элч”, Д.Батсүх захиралтай “Адвокат” хууль зүйн товчооны хамт олонд талархая.
Мөнхүү, сургалтыг орон нутагтаа тохь тухтай орчинд сэтгэл, зүтгэл гаргаж, зохион байгуулалцсан өмгөөлөгч Д.Даваасүрэн, Ж.Болдбаатар, В.Содномцэрэн даргатай Сэлэнгэ, Хэнтий, Завхан аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийнхөнд талархая.

Байгаль ижийн нандин шившлэг, гэгээн ахуйт тув тунамал Гүн нуур, дөв дөлгөөн Хэрлэн мөрөн, цав цагаан Отгонтэнгэр хайрханд мэхийе. Цаглашгүйд яндашгүй орштугай даа.

2010.07.28-08.06.

1 comment:

С. ГАНЧИМЭГ said...

Үнэхээр гоё блог юмаа. Эх хэлний яруу тансагийг эрхгүй мэдрүүлсэн сайхан бичлэгүүд байна шүү.