Sunday, January 31, 2010

Мөндөө

Мөн дөө
Яг л мөн дөө
Боддог
Бодол болгоных нь хойморт
Хэн бүтэн завилдгийг нь
Эс мэддэг ч гэлээ би
Нар, хурын шивнээ
Нам гүмийн зөөлхөн хонгор аялгуу
Сэтгэлээс нь үргэлж сонсогддог
Тэр бүсгүйн
Дууг нь эс андана
Уруулан завсраар нь
Удвал цэцгийн дэлбээ шиг яв ягаан
Уруулан завсраар нь
Нэг тийм танан цагаан гэгээ
Гялбан цацардгийм
Чимээгүйг сэрээж эгшиг нандин авиа
Чих рүү минь давалгаалан давалгаалан ирдгийм...

Мөн дөө
Яг л мөн дөө
Мөрөөддөг
мөрөөдөл болгоных нь хойморт
Хэн дүүрэн ханхайдгийг нь
Эс мэддэг ч гэлээ би
Халгисан их хайр
Хамаг л амьдралынх нь гэрэл гэгээ, гуниг баяр
Харцнаас нь нэвт уншигддаг
Тэр бүсгүйн
Зүсийг нь эс андана
Хацар дээр нь
Харчуулын нүд гулгаж тэшсэн
Хацар дээр нь
Хэн ч анзаардаггүй нэгэн мэнгэ байдгийм
Хөмсөг сормуусных нь үзүүрт адтай салхи
Хөөцөлдөнхөн тоглож байдгийм...

Мөн дөө
Яг л мөн дөө
Бараагаараа
Буй биеэ дарь эх лугаа гайхуулсан
Байгаагаараа
Бусдын хайрыг гүр соронзон лугаа татсан
Булбарайхан
тэр бүсгүй

"Үгнээс нь
Ааруул амтагдаж
үс гэзэгнээс нь
Агь ганга сэнгэнсэн"
Үзэсгэлэнт
Тэр бүсгүй
МӨН ДӨӨ
ЯГ Л МӨН ДӨӨ.

3 comments:

Soronzon said...

Наад сайхан "амьтан" чинь хаана байна? Зааж өгнө үү, плийз

Оогий said...

Nomniixoo udaah tsuwraliig gargasand bayar xurgiye. Tanii Bavuugiin Lkhagvasuren guian tuxai bichlegiig blogiin tani bicheed blogtoo oruulsan shuu. Oruulsaniixaa dara xeldeg bolj baigaam bolow uu yaagaa bol.
Zaa tanid ulam ulam ix amjilt xusiye
http://oogiinoo.wordpress.com/2010/02/24/%D0%B1%D0%B8-%D0%B1%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B4%D0%B0%D0%B0/

БАДРАНГУЙ said...

Оогийноо-д
Талархлаа...чамд ч гэсэн... Амьдралын чинь гүнж их зам аз жаргалаар бялхам байх болтугай...