2010.02.24
Олноо “бага наадам” хэмээгддэг сар шинийн нэгэнд зориулсан үндэсний бөхийн барилдааны үүх түүх энэ цагаан барс жил нэгэн шинэ хуудсаар зузаарав. Зузаарах зузаарахдаа улсын цолгүй бөх анх удаа 256 хүчтэнээс ганцаараа босоо үлдэн магнайлсан ховор үзэгдэл тохиов. Тэр нь Архангай аймгийн Хашаат сумын уугуул цэргийн арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба бөлгөө.
Түүний түрэмгий, азаргалсан барилдаан үзэгчдийн сэтгэлийн хужирхайг үнэхээр л нэг тэнийлгэв бололтой. Гэхдээ “А.Сүхбат аварга зодог тайлаагүй байсан бол..., Д.Сумьяабазар аварга, харцага Ө.Даваабаатар нар зодоглосон бол ч байдал өөрөөр эргэх байсан...” гэх бөхийн хорхойтнууд цөөнгүй. Энэ нь аль ч спортын төрлийн хөгжөөн дэмжигчдээс гардаг, цухалздаг л араншин.
Нөгөөтэйгүүр, Ч.Санжаадамба хэрвээ барилдаагүй бол гэсэн саваа бодол төрөх нь бий.
Нээрээ, саяын цагаан сараар Ч.Санжаадамба барилдаагүй бол түрүү бөх хэн байх байсан бол. Даян аварга Г.Өсөхбаяр уу, эсвэл Д.Ганхуяг арслан, Н.Ганбаатар гарьд, Б.Ганбат заан нарын аль нэг үү.
Хэрвээ Ч.Санжаадамба барилдаагүй бол “Улаанбаатар хивс” компани “Цахиур хагалах бөх”-ийн, даян аварга А.Сүхбат “Ирээдүйн аварга”-ын, Л.Гүндалай гишүүн “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналаа хэнд гардуулах байсан бол. Дөрөв давж шөвгөрсөн аймгийн арслан Т.Санчир, Б.Суманчулуун, аймгийн заан Ч.Батчулуун нарын аль нэгэнд үү.
Хэрвээ Ч.Санжаадамба барилдаагүй бол тээр жил буюу 1998 оны сар шинийн баярт зориулсан барилдаанд улсын заан Б.Ганбатын аймгийн арслан цолтойдоо үзүүрлэж тогтоосон дээд амжилт эвдэгдээ ч үү, үгүй ч үү.
Хэрвээ Ч.Санжаадамба барилдаагүй бол арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, заан М.Баяржавхлан, Д.Рагчаа, Д.Амгаланбаатар, Д.Сайнбаяр, Б.Соронзонболд, М.Өсөхбаяр, харцага Л.Пүрэвжав, начин Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж нар доогуур даваанд “хугацаанаасаа өмнө” өвдөг шороодоо ч уу, үгүй ч үү.
Хэрвээ Ч.Санжаадамба барилдаагүй бол улсын начин Ж.Алтансүх нэг, аймгийн начин П.Бүрэнтөгс хоёр, улсын харцага Т.Бат-Орших гурав, Г.Элбэг дөрөв, улсын заан Б.Ганбат тав, улсын арслан Д.Ганхуяг зургаа, даян аварга Г.Өсөхбаяр долоо даваад л наадмаа дуусган үзэгчдийн суудалд шилжихгүй ч байсан юм бил үү, хэн мэдлээ.
Наадам болоод заал танхимын ямар ч барилдааны өнгийг аваргууд тодорхойлдог он жилүүд хойно үлдэж хоёр зууны зааг дээр зургаан залуу заанаас их зүйл шалтгаалдаг болсон л. Тэгвэл сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд энэ байдал дахин өөрчлөгдөж улсын цолгүй бөхчүүд ямар ч барилдааныг тааварлах аргагүй бужигнуулж дээш цойлон гарч ирдэг болсны нэгэн тод жишээ нь Ч.Санжаадамба.
Өдгөөгөөс долоон жилийн өмнө буюу 2003 онд Булганы Гурванбулагийн наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн нь Санжаадамба хүүгийн үндэсний спортын төрлөөр дээш арсан барилдах гэрэлт замналын эхлэл байсан буюу. Дараахан нь Дорноговийн наадамд шөвгөрч аймгийн начин, 2008 оны бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол хүртсэн тэрбээр 2009 оны хавар Улаанбаатарт, зун нь Өвөр Монголын Шилийн голд болсон Монгол туургатны үндэсний бөхийн наадмын түрүүг ташраар нь хамчихсан одтой эр.
Улсын наадмаар хамгийн олон буюу арван долоон удаа шөвгөрснөөрөө арслан цолтнуудаа магнайлдаг У.Мижиддорж арслангийн ойрын хамаатан болох Санжаадамбын бөхийн багш нь улсын уран барилдаанч заан З.Дүвчин болой. Гэвч барилдааных нь өнгө төрх багштайгаа адилгүй санагддаг. Дүвчин заан уян нойтон барилдаантай бол Санжаадамба задгай, хүчээр ааглах нь түлхүү харагддаг. Тэр эдүгээ чөлөөт бөхийн улсын шигээ багт данстай. Гэвч их спортын энэ төрлөөр төдийлөн гавьтай амжилт гаргаж амжаагүй яваа.
Заал танхимын бэсрэг барилдаануудад гялалздаг Санжаадамбад их наадмын босго жаахан өндөрддөг тал буй. Үнэндээ төрийн их баяр наадмаар гурвын даваанд хүрч ирж чадалгүй л “яваад өгдөг” нь үүнийг гэрчлэх. Гэвч эр өсч өсгий сунана биз ээ.
Ямартай ч энэ жилийн сар шинийн нэгэнд зориулсан барилдаан урьдын жилүүдийг бодвол гялбаатай сайхан боллоо. Харин одоо хаврын цаанаас түлхлэн улсын наадам дөтлөн дөтлөн айсуй. Ч.Санжаадамба арслан битүүнд “тэсэрсэн” тэр эрчээрээ энэ жил Цэнгэлдэхийн оюу номин дэвжээнд ганцаараа босоо үлдэн түрүүлж чадах болов уу. Яах бол.
Хурдан болоосой, наадам.
No comments:
Post a Comment