Sunday, July 10, 2011

Би багадаа Зэгвийн Ойдовыг дийлдэггүй байв


2011.07.10

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөө өглөө зарлиг буулгаж жүдогийн дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтоход Хөдөлмөрийн баатар цол олгов. Монголын самбоч, жүдочдын амжилт ялалт, алдаа оноог түүнээс ангид бодох аргагүй.

Энэ эрхмийг Улсын шигшээ багийг удирдаж байх хугацаанд олон бөх түүний гараар орж, алдрын зэрэгт хүрсэн бөгөөд зөвхөн гавьяат тамирчин л гэхэд 30 гаруй төрснөөс жүдоч Н.Түвшинбаяр олимпийн анхны монгол аварга болж, Ц.Дамдин, Р.Даваадалай нар олимпиос анхны мөнгө, хүрэл, Х.Цагаанбаатар, О.Балжинням, Д.Баттулга нар дэлхийн аваргаас анхны алт, мөнгө, хүрлийг авчирч байв. Мөнхүү, самбо бөхөөр Ш.Чанрав тэртээ 1973 онд Монголоос дэлхийн анхны аварга болж байв.

Ямартай ч “Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах” олон арван алдартан төрүүлэхийн төлөө бие, сэтгэлээ чилээж яваа түүний хацрыг Монголын төр илсэн энэ төгөлдөр өдөр түүний бага насны дуртгалыг хүргэж байна.








Эмээгийн “томилолт”

-Би малчны хүү. 1949 оны намар төрсөн. Миний хүй цөглөсөн газар бол Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутаг Баруун цавчир. Эхээс олуулаа. Нэг эгч, хоёр ах, дөрвөн дүүтэй. Жирийн борог амьдрал дунд хөдөөний жаалуудын жишгээр өссөн. Тав, зургаан настайгаасаа морь унаж сурч, долдугаар анги төгстлөө л хурдан морины нуруунд асах шив. Анх Лхагваа гуайн зээрдийг унаж, сумын наадамд гурвалж байснаа мартдаггүй. Түүнээс хойш айраг, түрүү олныг авсан.

1959 оны Майн баяраар болсон морины уралдаанд ах дүү гурав дараалан ирж, олныг шуугиулж байсан удаатай. Тэгэхэд миний унасан Лхагваа гуайн халзан түрүүлж, Дамдиншарав (гавьяат тамирчин, дасгалжуулагч), Батдорж (чөлөөт бөхийн спортын мастер) ахын унасан морь удаалж байв. Дараа нь Лхагваа гуайтай хамт зуу гаруй км замыг туулан аймгийн наадамд очиж уралдаад зургаад ордог юм.

Өвгөн уяач баярласандаа “Тэр газраас ирээд морио сайн давхиуллаа” гээд 15 төгрөгөөр шагнахад нь эмээдээ авчирч өгөхөд хөөрхий минь учиргүй баярлаж, надад нэгийг нь өгч билээ. Түүгээр би таван еэвэн аваад тансаглахгүй яахав.

Нэгдэл, нийгмийн олон малтай, хүн бүл цөөтэй айлуудын ажил нь гүйцэгдэхгүй. Бид олуулаа болохоор эмээгийнхээ “томилолт”-оор хааяа саахалтын айлд очиж, хонь малд нь явж, чөдрийн морийг нь дөхүүлж, гүүгээ саахад унагыг нь татаж, даага, сарвааных нь амыг хагалж, цагаашруулах зэргээр ажлаас нь хамжилцана. Эмээ тэр хавьдаа л омгийн удирдагч шиг. Гол усныхан түүний үгнээс гарах гэж үгүй.

Бүрээн дуунаар босдог сон

-Нэгдүгээр ангид орохдоо би хөл нүцгэн л тууж явлаа. Дээлтэй. Миний анхны багш Дашдулам. Одоо нийслэлд амьдарч байгаа. Багш гуталтай ирээрэй гэсэн болохоор аав надад хятад шаахай арван төгрөгөөр авч өгдөг юм. Монгол гутлаас өөрийг хөлдөө углаж үзээгүй хүн нэг хэсэгтээ л шаахайтай гангарсан шүү. Намар сэрүү ортол гучаад км газраас тэмээгээр хичээлдээ явна. Хар үүрээр гараад шавхарчихна шүү дээ. Өдөр хичээл таруут буцаад л гэрийн зүг “гэдэн годон”.

Хоол, цай идэж ууна гэж байхгүй, өглөө гэрээс гарснаараа. Өлсч ядраад харихад ээж агшаасан шар будаа аягалж, дээр нь жаахан цагаан тос тавьчихсан хүлээж байх. Түүн шиг сайхан юм үгүй. Би хоёрдугаар ангиа төгсөөд Хархорин руу шилжсэн. Эгч тэнд ажиллаж байсан юм л даа. Одоо энэ дэлхийн хошой аварга З.Ойдов гавьяат бид хоёр нэг ангийнх. Тэр гүйнэ, барилдана, гоё ганган бичнэ. Бага ангийнхны аварга шалгаруулах барилдаанд мань хүн түрүүлж, би үзүүрлэж байлаа. Үнэндээ түүнийг унагаж хүчирдэггүй байсан даа.

Хархоринд дөрөвдүгээр анги төгсөөд нутаг буцлаа, би. Очоод дотуур байранд суув. Дотуур байр гэж гэр. Галлагаатай болохоор намар анги ангиараа аргалд явна. Олны олон таван цэн гэгчээр өвөл алзахааргүй овоо түлштэй болно шүү дээ. Бид дөрөв, таваараа нэг гэрт байрлана. Өглөө бүрээн дуунаар босч, жижүүр багшийн удирдлагаар сургуулийн байшин тойрч гүйнэ. Хүүхэд болгон модон хайрцагтай. Цагаан сараар айл хэсэхийн цагт улаан авдар минь боовоор дүүрэх. Хатсан ул боов хаврын урт өдөр олдохгүй эрдэнэ.

Багшийн нүдийг хариулж байгаад…

-Манай сургуульд хоёр, гурван баянхуур хөгжим байдаг сан. Түүнийг “нүдсээр” байгаад хэдэн ая тоглодог болж билээ. Бямба гариг болгонд сумын улаан буланд үдэшлэг болно. Тэр сурснаа “гайхуулж” баянхуураа тоглоход хүмүүс аялгуунд нь бүжиглээд л.

Аа бас өвөл хэдүүл багшийнхаа хамт тэмээгээр айлуудаар явж концерт тоглодог байв. Хичээлийн бус цагаар зүгээр байхгүй. Үеийнхэнтэйгээ барилдана. Манай сум долоон жилийн сургуультай болохоор Баруунбаян-Улаан, Төгрөг, Богд, Хайрхандулаан сумын хүүхдүүд ирдэг байв. Хойлогоо (гавьяат тамирчин М.Хойлогдорж), Адьяа агсан (гавьяат дасгалжуулагч Д.Адьяатөмөр) бид хэд зав л гарвал ноцолдоостой. Ард нь гарчихаад л унагаж чаддаггүй байсан даа, Хойлогоог. Байрны хүүхдүүдийг ногоо идүүлж сургах гэж хэрдээ л юм болдог байж. Төмс нь их хатуу байсныг бодоход тогооч нар нь сайн болгож чаддаггүй байсан шиг байгаа юм. Түүнийг нь идэлгүй багшийн нүдийг хариулж байгаад ханцуйдаа хийж гараад хаячихдаг сан.

Аав минь лам хүн. Тийм учир биднийг амьтны хамраас цус гаргахыг тэвчихгүй. Тухайн үед хар хүн гэж хэлэгддэг байсан гэзэгтэй хүн гуйгаад идэшний малаа төхөөрүүлчихнэ. Гэтэл биднийг долдугаар ангид байхад өвөл бой хийлгэдэг байгаа. Хонь мал гаргаж сургаад. Бүх хүүхэд дайчлагдаж байхад дээлээ толгой дээгүүрээ нөмрөөд хэвтээд өгөлтэй нь биш, ааваас нуугдаад л очно. Мэдвэл баларлаа л гэсэн үг. Санаснаас энэ тухай чихэнд нь хүрээгүй өнгөрсөн.

“Шинэ үсгийн багш”

-Дамдиншарав ах хотод техникумд сурч байхдаа Улсын шигшээ багт орж, 1964 оны Токиогийн олимпод оролцсон шүү дээ. Тэгээд амралтаараа ирэхдээ өглөө эрт босч гүйгээд л. Бэлтгэлийн хувцастай гоё “амьтан”. Өдөр нь бидний хэдэн хүүхдийг голын хөвөөнд цуглуулан барилдуулна. Чөлөөт бөх гэж ийм барилдаан байдаг юм гээд хэвтээ, босоогоос хийдэг мэхийг нь зааж өгнө. Намар нь буцахдаа намайг бөх болгоно гээд хот руу авч явлаа. Шуудангийн машинаар. Замдаа олон хоног явж байж хотын бараа харсан даа.

Их хөлийн газар руу яарч байхад жолооч нь айл хэсч айраг тараг эргүүлээд газар хороохгүй нь хяслантай. Би долоо, наймдугаар ангидаа хотод сурсан. Бөх болохын бөөн хорхой хоёр жил хотод “дэвчихээд” нутаг буцаж, Арвайхээрийн арван жилийн сургуульд орлоо. Хэд хэдэн тэмцээнээс медаль шүүрсэн намайг биеийн тамирын багш дуудаж “Чи бөхийн секц хичээллүүл” гэснээр ес, аравт байхдаа баахан хүүхдийг чөлөөтөөр ноцолдуулж, тэр хэрээр сайн барилддаг хүүхэд ч олширсон шүү. Бүх нийтийг бичиг үсэгтэй болгох хөдөлгөөн өргөж байсан үе. Зун нь амралтаараа гэртээ хариад зүгээр суулгүй саалийн ферм орж хүмүүст бичиг үсэг заадаг байв. Дараа нь шалгалт авна.

Намайг сургуульд байх үед өргөн шуумагтай өмд моодонд ид орж байсан. Ангийн маань Батсуурь оёж шидэхдээ мастер. Түүнд даавуу авч өгч өмд оёулаад манай ангийнхан бүгд нэг хэсэг гангарч билээ. Ингэж явсаар аравдугаар ангиа төгсөөд Москва хотын Биеийн тамирын дээд сургуульд сурахаар задгай галт тэргэнд суун хойд хөршийг зорьсон доо...

Сэтгүүлч Цээнзэнгийн Галбадрахын
"Би багадаа" төгсөшгүй цуврал номоос...

No comments: