Wednesday, May 19, 2010

Монгол банхар



Нохойгүй малчны
Нойр хүрдэггүй
(Хуучны үг)

Нүүдэл саахалтын тэртээгээс
Чимээ анир анддаггүй
Хоточ банхар
Нүдгүй явган шуурганаар
Чигээ алдаж төөрдөггүй
Хөтөч банхар

Буян бодож монгол нохойд
Бурхан багш хэлээ өгсөн юм гэнэ лээ
Шан горилоогүй монгол нохой
тэр цагаас
Шархаа долоож
эдгээдэг болсон юм гэнэ лээ

Үрийн тэнгэр наашаа гэхдээ
Монгол хүн
Үүднийхээ хацарт
нохой зурж залдаг билээ
Хүйтэн бүхэн цаашаа гэхдээ
Монгол хүн
Хүүхдийнхээ тоглоомонд
нохойн чихмэл хийж зүүдэг билээ

Санхарцаг сүүлээ
Хондлой дээрээ сөхөж гангарсан
Санаа муут уяан дээр буухад
Унаатай нь хоргоож чангарсан
Моод хөөж
Морьтой хөдөөгөө голж
хот руу арилаагүй
Малтай, гэртэй нь нутгаа
Манаж үлдсэн
Үнэнч банхар

Салхи халууцаж гэлдэрсэн
Гал үдэд
Хэлээ унжуулж нүүдэл дагасан
Сар жиндэж, одод тонгочих
Бүгээн шөнийн жаварт
Хаяа дэрлэж гадаа хоносон

Дуртайдаа
хүүхдэд ноолуулах
Эрх банхар
Дуу нь хүрэх газраас нааш
Боохой давж зүрхэлдэггүй
Бэрх банхар

Уурагандаа бялуурч
Унтаж хоцорсон хэнз ишиг
Бэлчээрт орхиж ирдэггүй
Малч банхар

Нүдээ нээлгүй газарт хөллөсөн
Араатан байтлаа
Нүүр нь улаан эзнээсээ
Насаараа зүтгэсний
Авлага нэхэж хормойддоггүй
МОНГОЛ БАНХАР.

3 comments:

Wallpaper(10000++) Lover said...

гое шүлэг бнв баярлалаа

БАДРАНГУЙ said...

Wallpaper(10000++) Lover-d
Bayarlalaa...

Gunba R. said...

hi . dajgui blog bn . nadad ter tsaasan haichilbaruud chin ih taalagdlaa. bi uuniig hiij surah geed neg bolj ogdoggui . uchir n yaaj hiidegiig n medehgui d uchir n baina. zaaj tuslaach . esbel blogtoo ter talaar zoblogoo , hicheel oruulj boloh uu . za tegeed bolbol ih bayarlana shuu ho.