Улирагч зун Польшийн Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, доктор профессор Кишмовский Таденц өөрийн гэргийн хамт манайд ирээд буцсан бөлгөө. Дэлхийн 74 орноор аялсан буурал эрдэмтний олон жилийн мөрөөдөл биелсэн нь энэ, Монголд ирснээр.
Ная хол гарсан ч аанай л манайхны тавь, жараад насныхан лугаа хөнгөн гавшгай польш эрдэмтэн Хустайн нурууг зорих замдаа Элсэн тасархайгаар дайрсан л.
Нэгэнтээ түүний түр зогсоно уу гэсэн хүсэлтээс жолооч татгалзсангүй. Шаргалтан манхайх элсэн нуруу, явган загийн шугуй...”үүнийг гайхан түүнийг шохоорхон” зураг хөрөг авч яваад ирэхдээ тэр зам зуур амны цангаа гаргаж явсан хуванцар савтай усаа хаа нэгтээ тавиад мартчихаж. Машин хөдлөх гэтэл өвгөн суудаггүй.
“Түүнийг заавал олохгүй бол болохгүй. Ийм сайхан онгон байгалийг чигээр нь л үлдээх ёстой. Тэр хуванцар сав хэдэн зуун жилийн дараа газрын хөрсөнд шингэнэ шүү дээ” гэж эхнэрээ “зэмлэн” буулгаж эрсээр олж ирээд санаа нь амарсан байдалтай цааш хөдөлж билээ. Тэрүүхэн хооронд жолооч л баахан үглэсэн дээ. Харийн хүн бидний нутгийг ингэж хайрлаж байхад...
Бас нэгэн дурсамж.
Буурал эрдэмтэн Тэрэлжид очиж хоносныхоо маргааш өглөө дасгал хийж, хүйтэн усаар цээжээ арчиж зогсохыг харсан хэдэн япон жуулчны нүд ёстой л духан дээрээ үсрэн гарч ирсэн дээ. Куртик, малгай болсон тэд уулга алдан өвгөний гарын булчинг барьж үзэн ная гаран настай гэдгийг нь сонсоод гайхахдаа толгойгоо мөрөн дээрээсээ золтой л салгачихаагүй сэгсэрцгээж билээ.
Тэрбээр моринд үйлийн үргүй дуртай нэгэн юмсанж. Малчин айлд зочилж, уяан дээр нь очин морьдын омруу хүзүүг маажлан амандаа яриад л. Өдөржин жуулчид ээлжлэн мордож буусаар нурууг нь авчихсан нэгэн морины шархыг хараад эзнийг нь дуудан "бууж" гардаг байгаа.
“Чи муу хүн байна. Монголчууд мориндоо хайртай гэж би олон удаа сонссон. Чи монгол хүн биш байх. Энэ олон морь танайхыг тэжээж байна. Гэтэл чи яагаад эднийгээ хайрладаггүй юм. Энэ морины нүд рүү хараач, чи” гээд л. Нээрээ л нуруугүй болсон хөөрхий тэр морин эзэндээ гомдсон, харууссан харцаар харж байсан даа...
2009.10.02.
No comments:
Post a Comment