“Милан-2009”-өөс Монголын гурван боксчин алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн дуулианы хөлийн чимээ намдаж амжаагүй байна. Тэднийг Дюмагийн "Шадар гурван цэрэг"-ийн баатруудаар төсөөлөх юм бол У.Мөнх-Эрдэнэ Атос, П.Сэрдамба Портос, Н.Төгсцогт Арамис шиг л санагдах.
Оролцсон тэмцээн, гаргасан амжилт, авсан медаль, дадал туршлага, нас, зүсээрээ өөр хоорондоо адил төсгүй энэ гурав дэлхийн аваргын медалийг нэг жил, нэг рингэн дээр авснаараа онцлог холбоотой.
Гурван “ширэн бээлийтэн” маань медаль авснаар Монголын боксын түүхнээ шинэ шинэ амжилт тогтоож буй.
Олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин 24 настай Сэрдамбын хувьд олимпийн төрлийн спортоор дэлхийн аварга цолыг хамгийн залуудаа хүртэж буй монгол болов. Урьд нь манайхаас байт харваагаар Д.Дэмбэрэл 1971 онд 33, чөлөөт бөхөөр З.Ойдов 1974 онд 25, мөн чөлөөт бөхөөр Х.Баянмөнх 1975 онд 31, буудлагаар Д.Мөнхбаяр 1998 онд 30, жүдогоор Х.Цагаанбаатар 2009 онд 25 настайдаа дэлхийн аварга болсон бөлгөө.
Харин залуу тамирчин Төгсцогт Монголдоо нэгэн өвөрмөц содон амжилтын эзнээр тодрох нь хэн хүнд тодорхой болж байх шиг. Манай спортын түүхэнд хамгийн залуудаа гавьяат тамирчин цол хүртсэн хүн бол жүдоч Хашбаатарын Цагаанбаатар. Тэрбээр “Афин-2004” олимпоос хүрэл медаль хүртсэнээрээ 20 настайдаа энэ эрхэм цолоор шагнуулсан билээ. Ерөнхийлөгч тун удахгүй зарлиг буулгаж дэлхийн аваргын мөнгөн медальт Төгсцогтод гавьяат өгөх нь дамжиггүй. Ингэснээр тэр энэ цолыг хамгийн залуу буюу 17 насандаа хүртэх нь.
Монгол түмэн бор бандитайг, бор банди нь нударгатайг дэлхий дахин мэддэг болсоор бас чиг цөөнгүй оныг үдсэн. Олон улсын болоод тивдээ тэр л Монголынхоо нүүрийг өнөөг хүртэл тахалж ирснийг мэдэх хүн олон. Мөнх-Эрдэнэ гавьяатаас дөлж, тойрсоор ирсэн дэлхийн аваргын медаль энэ жил л түүний энгэрт гялалзах ерөөлтэй байж.
Түүний энэ амжилт Монголын боксчдын “хамгийн, хамгийн”-д бас л нэг шинэ хуудас нэмэв. Манайд боксын спорт үүсч хөгжсөн жар гаруй жилийн түүхэнд одоогоор долоон тамирчин дэлхийн аваргаас медаль хүртээд буй. Тэд 17-26 насандаа дээрх амжилтыг гаргажээ. Харин хамгийн ах буюу 26 настайдаа медальд хүрсэн нь У.Мөнх-Эрдэнэ гавьяат.
2009.09.17.
No comments:
Post a Comment