Тэр жил би цэрэгт мордов. 1992 оны зургадугаар сард л даа. Карантин дээр, “сул ард” явсан хүн “эх орны хүү” болох гэж “хатаагдаж” байх үеэр буюу наймдугаар сарын эхээр манай сумын наадам болох гэж байгаа дуулдав. Эргэцэх, зэрэгцэх... элдэв командын завсар дундуур наадам, наадмын тухай бодол тархинд үржээд болдоггүй.
Улсын начин Д.Багахүү ах явах тухай сонсдов. Цагтаа чөлөөтөөр олимп, дэлхийн аварга алдарт Дэвид Шульцыг олон улсын тэмцээнээр ялж дэлхийн чихийг дэлдийлгэж явсан мань эр ч аймагтаа бол хааш хаашаагаа элбэг, илүү хүн. Баараггүй түрүүлж таараа.
Түүний цаана аймгийн хурц арслан Цэндоогийн Түвшинтөр, аймгийн заан “Жөө” Бямбаа, сумын заан “Бабек” Чулуунбаатар, Оюундарийн Мөнгөн, Батсуурийн Төмөр-Очир, Дамирандоржийн Ганхуяг гээд “аваргууд” зөндөө бий. За тэгээд хөрш зэргэлдээ Номгон, Цэций, Ханбогдын ногт ганзагалсан идэр жавхлант эрс наадмын өглөө нэрээ бүртгүүлээд зогсч байхыг байг гэх газаргүй л хуна.
Уяач ч олон очно. Уламжлалаараа Цээнзэн баваагийн хурдан цоохрууд, аа бас Жуурайдорж гуайн хэдэн хонгор, Цогт, Цэрэнпил, Цэдэн-Иш... эднүүсийн л морьд наадмын өнгийг тодорхойлно доо хэмээн улс өөр хоорондоо хэлцэж, элдэв яриагаа хуушуур, чихэр жимс, айраг сархадтайгаа холин зажилж, залгилж байгаа даа гэж бодохоос нойр хулжина.
Тэгтэл бас нэгэн амттай яриа гарав. Өмнөговь даяар л шуугиад явчихав, намрын азарган борооны түрүүч шиг. Бөх тайлбарлагч “ярьдаг” Гамбаа ах /А.Ганбаатар начин/, халхын домогт Хадаа /Д.Хадбаатар аварга/, улсын наадамд түрүүлэн түрүүлэн алдаж, олны хайрыг татсан “Том” Сүхбат... өөр хэн хэн ч гэнэв дээ баахан бөхчүүд ирсэн л гэнэ. Тэд Баян-Овоо сумын наадамд очихоор явж байгаа л гэнэ. Ай мөн нүсэр том наадам болох нь дээ л гэлцэнэ.
Энэ чимээ дуулианаар барилддаг болгон л, тэднийг балиашигддаг болгон л Баян-Овоо руу хөвөрлөө гэж дуулдана. Бие цэргийн хуаранд ч сэтгэл минь аль хэдийнээ тэдэнтэй хамт нутгийн гүнж их замд гарсан байв...
Наадам сайхан, сайхан гэхэд дэндүү сайхан болж. Олны салхинаас сонслоо. Хадаа аварга хэн гуайн гэв дээ хүрэн морийг унаад морь барианы газар руу айвуу тайвуухан алхуулж явсан гэнэ. Мориных нь хондлой хотолзоод л, унаатай, явган улс хойноос нь өмөлзөн хошуураад л... Чухам нэгэн “морьтой уул” л явж байсан юм байх.
Сумын баруун хойд дэнжид морь барих, Хадааг харах хоёр арга хэмжээ зэрэгцсэн л гэнэ. Халхын наадмын дэнжийг хотолзуулдаг аварга юм чинь дээ, хэн гуайн хүрэн морины нуруу хотолзох ч бага хэрэг. Гэлээ гэхдээ тэр их хүмүүнд унуулах хувь ерөөлтэй төрсөн сайхан л ажнай юм даа, бас гэсэншүү юм бодогдох.
Тэр наадмын эхний өдөр миний Баваагийн /нутгийн олон аавыг минь ийн авгайлдаг юм/ уясан том хээр морь айрагдаж хүрэл медаль авсан байв. Урьд нь ямар сумын наадамд медаль, энэ тэр гэж өгдөг байсан биш. Харин тэр наадмаар өгсөн байдаг юм. Баваагийн минь уясан хурдууд сумандаа нэгэн үе үнэхээр “даралж” байсан даа. Жилд жижүүрийн хоёр түрүү тогтмол авна. Азарга мордлоо гэхэд аавын минь уясан хоёр бол хоёр, гурав бол гурван азарга ерөөсөө л хоёул, гурвуулхнаа уралдсан юм шиг дараа дараагаараа өнгөлж ирдэг байлаа.
Наян нэгэн онд л гэхэд, ардын хувьсгалын 60 жилээр манай дөрвөн морь түрүүлж олны нүдийг духан дээр шидэж орхисон сон. Уяачийн аз, уралдах морины аз, унаж байгаа хүүхдийн аз гурав нийлэхээрээ юунд ч гүйцэгддэггүйг, юунд ч дийлдэггүйг би мэднэ. Гэвч юм дандаа нэгээрээ байдаггүй хорвоо хойно доо. Хадаа аваргатай тэр наадам Баваагийн минь хувьд нас дээр гарсан, хүүхдүүд нь өсч томроод, морьдынх нь ир татарч, бөхөөр юм бол харих талдаа болсон үе байлаа. Айрагдсан морьдод халхын домогт аварга медаль зүүж өгөөд л... тэр жил айраг уусан уяачдын хувьд нэгэн насаараа ярих хуучтай болсон л гэнэ.
Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай сумын наадмын түүхэнд зүүний магнайд боссон ганц аварга нь Хадаа. Харин түүнийг түрүүлээгүй гэхэд би их гайхсан. Үнэхээр л түрүүлээгүй байсан. Сонсохноо нь нэг ийм юм болж. Хоёрын даваанд Хадаатай, намайг багад манай сум, нэгдлийн даргаар олоон жил ажилласан Мижид гуайн хүү Амарсанаа таарч. Амарсанаа шавилхан биетэй ч өрөмний өт шиг хөдөлгөөнтэй золиг л доо. Хожим нь аймгийн начин болсон.
Тэрбээр аваргын хөл рүү солирын харвалт шиг л юм шуугиж ороод барихын завдал өгөлгүй суганд нь сэжиж дамжин ард нь гараад явчихаж. Бодвол тэгээд татаж, түлхэж, дугтарч элдэвлээ л байлгүй. Хадаа ч тэсч тэсч ээрэм талын догшин хар салхинд үндэс ёзоороо булга татуулан унаж байгаа аварга хайлаас шиг л юм наадамчдын хашгиралдаан, гуугалалдаан дунд лүглийн хажуулдаж.
Гэнэн томоогүй аварга босч ирснээ гайхсан маягтай толгойгоо илснээ тахим өгөөд гэдрэг эргэж. Сумын наадам түүний хувьд ийнхүү өндөрлөж. Магадгүй тэр давах, түрүүлэх тухай нэг их шимтэн бодож очоогүй ч байж болох. Зүгээр л говийн бөмбөгөр ягаан толгодын дунд эгэл даруухан амьдардаг ард түмний дунд чимэг болон алхалж яваад л буцах гэж тийшээ зорьсон ч юм бил үү.
Аваргын олон олон барилдааныг харах гэж тэсч ядан хүлээж байсан хүмүүсийн хүслэнд цэг хатгасан “аваргын ангууч” Амарсанаа бөхийн асар дүүргэн суугаа аваргад барилдааны сиймхийгээр ганц лонх юм барьтал цаадах нь ер тоосон шинжгүй мөнөөхийг нь амны цангаа гаргах “жүржийн талст” уух гэж байгаа аятай хэд сэгсэрснээ бөглөөг нь мулт цохин нэгэн амьсгаагаар “явуулчихсан” гэнэ.
Хадаа аварга олон л газрын наадамд зодоглосон байх. Олон давсан байх. Олон түрүүлсэн байх. Харин цөөхөн унасан байх. Цөөхөн уналтынх нь нэг энэ байх. Гэвч манай сумынханд түүний унах нь, унасныг ярих нь сонин бишийг би хожим нь мэдсэн. Гагцхүү лагс бие, аварга хүчит тэрхүү ховрын ховор “дээлтэй уул”-ыг дэргэдээс нь харж, гар барьж, дэвэх, шавах, барилдахыг нь хажуухнаас нь сонирхох их хувь заяатай төрснөөрөө бахархацгааж, Хадаатай наадам, Хадаа аваргатай наадам гэлцэн үе жил дамжуулан өнөө ч хуучилсаар байгаад би дотроо жаахан атаархдаг.
Сумын наадам болгон сайхан байдаг. Гэхдээ тэр жилийн Хадаа аваргатай наадам бүр ч сайхан болсон санагдана. Даанч би цэрэгт явчихсан байгаад үзэж чадаагүй.
3 comments:
За, анд минь
манай блогсротын Ертөнцөд тавтай морил.
Оройхон гараад ширүүхэн дайрна гэдэгт итгэн наадмын асрын өмнө торгон жолоо өргүүлэхийг тань хүлээн суугч Soronzon ёслов.
Жич: "Блогийг минь ийм сайхан болгож өгсөнд баярлалаа талархлаа" гэж хэлэх гэж байна уу? Надад бус багшид минь тэр үгээ хэлээрэй. Миний багш л чиний блогийг ийм сайхан өнгөлөг болгож бас хамгийн анхны "дагуул" чинь болсон байна шүү!
Ай, төгөлдөр... Сэтгэл ихэд цэнгэгшив ээ... Багшийн багшдаа бишрэн талархнам, би... Ирээдүй, ирж яваа цаг та бүхний хүсэл бүхнийг биелүүлэх болтугай...
энэ бүтээл таны хийсэн бүтээл үү?маш их таалагдлаа.тантай холбогдож хайчлаагүй зураг авамаар бн
Post a Comment