Saturday, October 8, 2011

Зохиолч зохиолчийнхоо тухай

Уран хайчилбарыг Ц.Галбадрах


Толгойтой болгон мөнгөнд үхэж

Торготой нэг нь

Хоргой зүүдлэх орчинд

Шүлгээр өвчилж

Ардын дуунд уярч

Шүдэнз шиг асч

Зул шиг унтарч явдаг аа

Миний муусайн найз нар... гэж хэдэн найрагч “навсгар” нөхдөө магтаж, өмөөрч дуулсан ардын уран зохиолч Дөнгөтийн ЦООДОЛЫН тухай Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, судлаач, шүүмжлэгч, эрдэмтэн зохиолч Долгорын ЦЭНДЖАВ ийн өгүүлэх авай.


-Дөнгөтийн Цоодол хэмээх энэ гэрэл цацрам гэгээн сайхан найрагчийн ялангуяа дуулиуд тэр чигээрээ драмын зөрчил, амьдралаар тоглож гүйцсэн адармаа ээдрээ, ургаж товойсон сэтгэлд хоногшим дүрүүд байдаг.

Шүлэгт дүр бүтээнэ гэдэг бол ховор үзэгдэл төдийгүй бараг байхгүй зүйл юм. Яагаад гэвэл нэгдүгээр биеэс уянгалан дуулдаг болохоор тэр. Харин найраглалд бол өөр хэрэг л дээ. Дүр байна гэдэг бол хүн байна гэсэн үг. Хүн байна гэдэг амьдрал болоод зөрчил байна гэсэн үг.

Түүний дуулийн баатрууд “Дутуу Санжаа”, ”Тэмээ Самдан”, “Торгон Янжин”, “Хадаг Дэнжид”, “Уужуу Дондогийн дууль”, ”Элчин Самбуу”, “Буруу Довдон”, “Ороо Эрэнцэн” гээд нэрнээсээ аваад л дүрүүд нүдний өмнө амьдаараа босож ирээд байдаг. Дүр болгон араншинтай. Ганц нэгхэн бадгийг эшилбэл, “Дутуу Санжаа” дуульдаа,

Долоон богинохон хуруу, атга чадлаа хайрлалгүй

Довтолгоонд орж байгаа юм шиг шалмаг, нөхдөөсөө хоцролгүй

Барилгын суурь хаана ухна, тэнд байлаа долоон хуруут

Бааюу хаа галлаж, тоосго хаа цохино, тэнд байлаа долоон хуруут

Баярын өргөө шиг Дархан хаана босно, тэнд байлаа долоон хуруут... гэх юм уу, “Торгон Янжин” дуульдаа,

...Самныхаа сувд шиг нулимс хааяа унагаж

Сав л хийвэл

Дуу аялж суух Янжин

Нэг л удаагийн найраар

Гэр орноо орхиж...

Нэгжиж сумаа гүйцээгээд

Хар хүн нь олсонгүй....гэх зэргийг уншихад өгүүллэг, туужийн дүр гэмээр эгэл жирийн, инээдэмтэй, гунигтай, хөгжилтэй, наргиантай, хошин, эмгэнэлтэй бүхий л зан араншинтай дүр тодорч ирдэг.

Тиймээс Цоодол найрагчийг хүүрнэл зохиол, тэр ч бүү хэл драмын жүжиг бичихэд дэндүү ойрхон найрагч гэж боддог боловч тэрбээр өнөө хүртэл тэр лүү ороогүй л байна. Монгол ахуй, монгол амьдрал, монгол үйл зан, монгол ухаан гэрэлтсэн өгүүллэг, тууж нэг л өдөр дуулиантайхан гарахад хуруу ойрхон найрагч юм. Найрагч болгон өгүүллэг, тууж, роман бичихгүй.

Нэгэн нэрт найрагч бишгүй олон хүүрнэл зохиол бичсэн боловч галтай шүлэг найраглалаа бараадахгүй, цаанаа нэг л сэтгэлд хүрцгүй санагдаж билээ. Дураар болдоггүй юм гэж энэ.

Нэг удаа Д.Цоодол гуай МУИС дээр “Чехов”-оо сугавчлаад давхиад ирлээ. Тэрийг нь манай сургуулийн номын сан их дуртай авлаа. Ярилаа, хөөрлөө. “Чеховын гайхалтай жүжгээс орчуулаад драмын театрт өгдөггүй юм уу” гэлээ. “Чадахгүй ээ, би яаж чадахав, тэр чинь өөр мундагчуулын ажил” гэж “нохойтов”. “Та чинь Гюгогийн алдарт “Парисийн дарь эхийн сүм”-ийг орчуулсан юм биш үү” гэлээ.

“Тэр ч нэг тийм юм болсон шүү, их сонин тохиолдлоор драмынхантай холбогдоод авсан. Энэ одоо СУИС-ийн тэнхмийн эрхлэгч мань Найдангийн Ганхуяг нэг удаа ярилаа. “Бүгд л хошин шог руу хошуураад тайзны урлаг биш болох янзтай. Сонгодог юм хэрэгтэй байна. Эрдмийн театр сонгодгоос хөндийрвөл өрхөө бүтээж байна гэсэн үг. Та сонгодгуудтай ноцолддогийн хувьд үзээд алдвал яана. Чеховтой, Мопассан, Акутагавагийн ард гарсан хүн болохдоо болно. Танд захиалга өгье, Гюгогийн “Парисийн дарь эхийн сүм”-ийг орчуулаад өгөөч” гэлээ.

“За тэр чинь таваглахгүй дээ, би даанч жүжгээр оролдож явсангүй, та нар арай дөртэй хүнд хандвал яасан юм бэ” гэвэл Ганхуяг салах янз алгаа. “Та таваглахгүй бол хэн таваглах юм, таны дуулиуд чинь бүгд л жүжиг шүү дээ” гээд онгироож байна. “Ямар хугацаанд хийх эдэв дээ” гэхэд “Сараас илүүгүй баймаар байна” гэнэ. Найруулагч нь нөгөө айхтар Наранбаатар байна л гэж байна.

Үзлээ...Хэцүү санагдлаа. Дахиад оролдлоо, сонирхолтой юм аа. Гурав хоног нүдсэн чинь аяндаа л үг орж ирээд, намайгаа хөтлөөд явчихлаа. Сүүлдээ бүүр гар хөнгөрөөд, амархан ч боллоо. Яахав дээ, жүжиг гэхлээр харилцан яриа байх юм. Тэр нь их хөнгөн аятай зугаатай ч юм. Гэхдээ л сонгодог зохиол гэдэг бол цаанаа аагтай, агуу шидэт ертөнц шүү дээ. Амьдрал ч тэр чигээрээ өмнө босож ирээд, тэр тоолонгоор би ч бас босоод ирж байгаа юм. Ертөнцийн гоо үзэсгэлэн гэж яасан ч тамын юм, яасан ч гоё юм, яасан ч үйлийн үртэй эдэв...мэдэхгүй.

Нөгөө яагаав хөгийн л амьтан даа...Кваздимо гэж хорвоогийн хамгийн сайхан сэтгэлт гайхамшигт амьтан, өөрийг гаднаас нь харвал бараг хүн мөн үү, биш үү гэмээр амьд хүн аймаар өрөөл татанхай хачин эвгүй дүртэй амьтан шүү дээ. Нөгөө талд нь солонго татсан Эсмералда гэгч гайхам гоё гоо үзэсгэлэнт бүсгүй байх юм.

Сайхан ч бай, муухай ч бай амьдралд тэмүүлж байгаа, агуу гоо сайханд тэмүүлж байгаа ер бусын гоо сайхан байнаа. Түүнийг сэтгэлд хоногшим, гэхдээ яг тохирч таарсан үгээр буулгахыг хичээсэн. Би ёстой онгодондоо болоод долоохон хоногийн дотор “хусчихаад” нөгөө муу “шаамийдаа” өгсөн.

-За та нар үз. Болохгүй бол ураад хаячихаарай. Үүнээс илүү юм надаас гарахгүй гэсэн. “Үгүй ээ, мөн амархан хийчихжээ, сарын хугацаа арай ч багадах болов уу гэж санаа зовж байсан” гээд баярлацгаасан. Уншжээ. За болоод явчихлаа, их сайхан орчуулга болжээ гэж л бас онгироож байна. Тэгээд л тоглоно барина гээд л пижигнээд явчихсан шүү дээ. Эрдмийн их театрт тавихад урилга зарлага өгсөөн, Цэвэлмаатайгаа цуг явж үзсэн. Сэтгэл тун өег байсан шүү.

Энэ жүжиг агуу юм билээ, тэр найруулагч, жүжигчид, тэр театр агуу юм билээ. Тэгээд юу болсон бэ? Би сайн мэдэхгүй, тэр жилийн улаан хивсний ёслолд уу? юунд ч юм шалгарлаа л гэсэн. Кваздимод тоглосон залуу ч тэргүүн шагнал хүртсэн байх. Би ингэж нэг удаа тэр урлагийн ариун өргөө болсон эрдмийн театраар ороод гарсан хүн дээ, хө” гээд “Үгүй ээ, чи манай зуслан дээр хүрээд ирээч. Сайхан нь сайхан юм аа, жаргаж л байна. Хэрэгтэй хэрэггүй юм сараачаад л байна. Ядрах л юм, татах л юм. Гэхдээ уйдах юм байна шүү, золиг. Энэ улс амьтан чинь тэгээд зусландаа гардаг юм уу? үгүй ч юм уу” гэж хэлээд сэгнийтэл алхаад холдож билээ, мань эр...

read more “Зохиолч зохиолчийнхоо тухай”

Monday, October 3, 2011

Зохиолч зохиолчийнхоо тухай



Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Дарамын Батбаярын тухай соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Л.Дашням ийн өгүүлэх авай.

-Дарамын Батбаяр бид хоёрын нөхөрлөл далан найм, есөн оноос эхтэй юм. Би хойно оюутан байхдаа анх сураг сонсон уулзах, танилцах гэж эрж хайж байсан түүхтэй. Геологийн сургуульд очсон, миний дунд сургуулийн анд, өөрөө ч бас юм оролддог Б.Пүрэвсүрэн маань “Надтай нэг өрөөнд ёстой мундаг зохиолч байна аа. Чамтай танилцуулбал та хоёр нэлээн гар нийлэх байх” гэж хэлж байна. Очлоо. Эзгүй байгаад таарсангүй. Хорхой хүрээд хэд хоногийн дараа дахиад очлоо. Тэгтэл нөгөө нөхөр Монгол руу явчихсан гэнэ. Геологийн сургуулиасаа Горькийн сургууль руу шилжих гэж баахан хөөцөлдөөд тэр нь бүтээгүй болохоор буцчихсан юм байх.

Хожим төгсч ирсэн хойноо би хүнээр заалгаад зүс таних болсон. Батбаяр ч энд их сургууль төгсчихсөн, богино үгүүллэгүүдээ хэвлүүлээд эхэлчихсэн байв. Нэг өдөр Төв шуудангийн тэнд явж байхаар нь уулзлаа. Танилцлаа. Үерхэл тэгж л эхэлсэн. Зохиолч П.Лувсанцэрэн бид эртний танил. Тэр надаар элдэв юм орчуулуулж “Цог” сэтгүүлдээ тавьдаг байв. Амихандаа би түүгээр дамжаад зохиолчид руу, зохиолчдын хороо руу дөхөх дотор бодолтой байлаа л даа. Тэгсэн нэг өдөр Лувсанцэрэн “Чамд хачин гоё юм үзүүлье. Сэлэнгээс Лхагваа гэж цахилгааны инженер бололтой нэг нөхөр тун хөөрхөн юм ирүүлээд байна” гэв. Жигтэйхэн часхийсэн үгүүллэгүүд байна. Лууяа:

-Үүнийг ханьтай болгоё. Ийм жанр хэрэгтэй. Чи бол биччихнэ дээ гэж байна. Шууд л:

-Тэгье гэлээ.

Тэгээд би анх “Зурагны ард” гэж нэг юм бичээд Лууяад үзүүллээ.

-Чи ямар хэмжээтэй зурагны ард үүнийгээ бичсэн гэж бодож байна гэж байна. Би уг нь зурагны ард л бичсэн үг маягтайгаар үгүүлсэн юм л даа.

-Мэдэхгүй. Түүнийг бодоогүй шүү! гэлээ.

-Нэг их том зураг хүнд дурсгаад байх уу даа.

-Хаанаас.

-Тэгвэл чиний энэ бичсэн чинь жижиг зургийн ард багтах болов уу?

-Зураг ямар байхыг би огт бодоогүй...

-Тэгээд чи яах гэж “Зурагны ард” гэж бичсэн юм. Яг л нэг зурагны ард багтахаар хэмжээтэй байх юм биш үү? Санаа нь хөөрхөн юм гэж байна. Удалгүй Ж.Лхагваа бид хоёрын хэдэн богино үгүүллэгийг “Яргуй” сэтгүүлийн анхны дугаарт гаргаж байв.

Түүнээс хойш Лхагваагийн эрэлд гарав аа. Нэг өдөр дэлгүүрээс гарч яваа нөхрийг манайхны хэн нь ч билээ нэг нь “Өнөө чиний хайгаад байгаа Лхагваа чинь энэ” гэдэг юм. Томоо цүнхэнд пиво л бололтой баахан юм хийчихсэн, оготор хамартай, монтёр маягтай, миний бодсоноос шал өөр нөхөр аахилчихсан цохиж явна. Би түүнийг үгүүллэг шигээ цэмцгэр, Цоодолорхуу амьтан байгаа гэж төсөөлж байсан байхгүй юу. Танилцлаа. “Өө хоёулаа манайд очьё” гэж байна. Гуравдугаар сургуулийн тэр хавь руу... Тэр өдрөөс л бидний нөхөрлөлийн урт аян эхэлсэн дээ.

Урианхай бид хоёр бол угийн танил. Мань эр Төлөвлөгөөний комисст, би Эдийн засгийн хороонд ажилладаг байв. Ордны хоёр. Нэгэн удаа Зохиолчдын хороон дээр санаандгүй таардаг юм.

-Чи хаа хүрч явна?

-Өө найз нь Байроны хоёр шүлэг орчуулаад, “Утга зохиол урлаг” сонинд өгчихөөд явж байна гэж байна. Ордон орох замдаа ярьж байхнаа орчуулга хийхээс гадна шүлэг бичдэг нөхөр болж байнаа.

Тэр үед Зохиолчдын хороон дээр олон нэгдэл ажилладаг байсан юм. Д.Гармаагийн нэг номын зургийг Лхагвасүрэн гээд нэг хүзүү багатай нөхөр хийсэн байна. Тэгэхнээ “Үлгэрийн танхим”-ын жүжигчин гэнээ. Жигтэйхэн жүжигчээн. “Манин тогооч” энэ тэр гээд авч өгнө. Дархан руу бидний хэдэн уран бүтээлч залуус “Уран үгсийн чуулган” хийхээр явав аа. “Үлгэрийн танхим”-аас ч хүмүүс явсан. Тэгтэл нөгөө Лхагвасүрэн чинь шүлэг бичдэг юм байна. “Согтуу хоносон сар”-ны тухай нэг шүлэг уншаад хэд ч дахиулав даа, ер. Энэ цагаас л бас бидний нөхөрлөл эхэлсэн. Ажлынхаа завсар чөлөөгөөр нөгөө хэдтэйгээ уулзана. Санаагаа ярина. Бичсэнээ уншина. Бие биеэ хөөрхөн дооглож явуулна. Д.Батбаяр, Д.Урианхай хоёр чацуу ч Батбаяр нэг сараар ах. Би тэр хоёроос хоёр, Ж.Лхагваагаас нэг дүү, Б.Лхагвасүрэнгээс нэг ах юм.

Батбаяр маань дунд үедээ жүжгийн зохиол руу орчихсон. Намдаг гуайн санаачилсан жүжгийн зохиолчдын дугуйланд явдаг болсон. Намайг тэнд яв гэж Батбаяр их чангаасан ч ажил төрлийн боломж таараагүй. Батбаяр маань тэнд явж байхдаа л жүжгийн зохиолын учрыг олж анхныхаа жүжгийг бичсэн. “Дөшинжирмийнхэн” гэж. Их ч урам орсон байх. Гаршсан ч байх. Түүнээс хойш олон сайхан жүжиг туурвисан даа. Аливаа нэгэн үйл явдлын ээдрээ, оньс, зөрчлийн зангилаа л олж авч чадвал түүнийгээ тойруулаад л бичдэг юм гэж ярьдаг юм. Эхлэл, төгсгөл, зангидлага, оргил ч гэх шиг олон нарийн ухаан яринаа.

-Маш гоё алчуур байлаа гэхэд түүнийг үзэгчдийн өмнө мөд гаргаж ирэхгүй. Гол нь тэр алчууртаа хайр сэтгэлийн ч юм уу ямар нэгэн зүйлийн учир шалтгааныг шингээж өгнө. Алчуур хэнд байгаа нь ч мэдэгдэхгүй. Түүнийгээ тойруулаад л үйл явдал өрнүүлээд хэлэх гэсэн, гаргах гэсэн санаа, нууцаа шигтгэж, шингээж үзэгчдээ татна гэх мэтчилэн ярина.

Шинэ жүжгийнх нь нээлтэд тогтмол очдог. Жүжгийн нээлтийн дараа тодорхой хүрээнийхэн үлдээд жүжиг тойрсон яриа хөөрөө өрнүүлдэг уламжлалтай байв. “Дөшинжирмийнхэн” анхных нь бүтээл гэхэд тун давгүй жүжиг. Надад бас “Хөхөлдэй хүүгийн үлгэр” их таалагдсан.

Батбаяр бол тайзаа маш сайн мэдэрч бичдэг зохиолч. Бүтээлийнх нь бодит хөрс их амьдралтай. Мань хүн аливаа бүтээлийнхээ санааг тэр болгон ярихгүй, тас нууна. Гараас гаргасан хойноо л дэлгэнэ. Бид хоёрын дунд бараг тогтсон нэг уламжлал бий. Түүний шинэ номын тухай санаа оноогоо би захиа маягаар бичдэг юм. Голцуу гадагшаа явахдаа шинэ номыг нь авч яваад айван тайван уншина. Яагаад ч юм бэ, тийм нэг хэвшил миний хувьд тогтчихсон. Урьд нь уншсан байсан ч хамаагүй, аваад явна шүү. Тэгээд төрсөн сэтгэгдлээ гадаадаас бичиж байгаа юм шиг бичнэ. Түүнийгээ шуудангаар явуулахгүй, өөрөө сүүлд нь гардуулж өгнө. Тийм захиа Батбаярт нэлээн хэд бий байх аа.

Батбаяр нэг зохиол бичиж байгаа гэвэл хэд хоног ямар ч чимээ аниргүй болчихно. “Цаадах чинь одоо түмпэнтэй усанд хөлөө дүрчихсэн, чийгтэй алчуур мөрөн дээрээ тохчихсон л сууж байгаа” гэж Лхагвасүрэн хэлдэг юм. Түүнийг нэг очиход л тэгээд сууж байсан юм байгаа биз.

Өөрөө өөртэйгээ их ажиллаж бичдэг хүн дээ...

read more “Зохиолч зохиолчийнхоо тухай”

Thursday, August 11, 2011

Аваргатай өдөр

Наймдугаар сарын 14. Эдүгээгээс яг гурван жилийн өмнөх энэ өдөр Монгол Улс олимпийн аваргатай болсон дэлхийн 92 дахь орон хэмээн бөмбөрцөг даяар цуурайлж байв. Зуны спортын хорин ес дэх буюу “Бээжин-2008” олимпийн жүдо бөхийн татами дээр Найдангийн Түвшинбаяр өвдөг шороодолгүй магнайлж олимпийн анхны монгол аварга төрснөөр дээрх дуулианыг дэгдээсэн бөлгөө.

Монголчууд хүн төрөлхтөний цэнгэлийн манлай олимпийн дэвжээнд олон барилдсан. Олон ялж байсан. Медаль авч байсан. Гэхдээ түрүүлж байсан нь үгүй. Ялагдалгүй, гагцхүү нэг ч ялагдалгүй босоо үлдэн түрүүлэх нь Чингисийн цусныхны, алтан хялгана долгилсон тал нутгийнхны бүхэл бүтэн чилийсэн дөчин дөрвөн жилийн хүлээлт, мөрөөдөл байлаа. Тэрхүү их хүлээлтийн хэрмийг цууртал цахисан гялбаа, мөрөөдлийн цангааг тайлж асгарсан их аадар нь Булган аймгийн Сайхан сумын “унаган” Түвшинбаяр.

Түүний барилдсан жин -100 кг. “Бээжин-2008”-ын гараагаа тэр гайхалтай хийсэн. Японы алдарт бөх, олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга Кейжи Сүзүкиг давхар хамж өндөрт өргөн шидэж давсан барилдаан одоо ч олон зүрхийг догдлуулж, олон сэтгэлийн хойморт завилан буй.

Харин Кейжи Сүзүкид насан туршдаа Монголыг үл мартах таатай, таагүй хоёр дурсамж барлагдан үлдсэн нь маргаангүй. Монголын үндэсний олимпийн хорооны санаачилгаар Олон улсын олимпийн хороо “Чингис хаан” цомыг бий болгож тулааны спортын төрөлд гайхамшигтай амжилт гаргасан тамирчинд хоёр жил тутам олгож байхаар шийдвэрлэсэн билээ. Дэлхийн цуут хаанаар нэрлэгдсэн энэ гэрэлт цомын анхны эзэн нь Кейжи Сүзүки. 2007 онд Монголд хүрэлцэн ирж цомоо арвин хүндэтгэлтэйгээр гардсан мөч хором түүний амьдралын алтан дуурьслын нэгэн байсан нь гарцаагүй.

Гэтэл ердөө ганцхан жилийн дараа олимпийн дэвжээнд мөнөөхөн их хүндлэлт цом гардсан нутгийн, олонд төдийлөн танигдаагүй залууд ялагдаж олимпийн аваргын алтан медалиа ихэрлүүлэх мөрөөдөлдөө цэг хатгах чинээ зүүдлээгүй л явсан биз ээ.

Мөнхүү тэр өдөр Түвшинбаярт ялагдсан Германы бөх Бенжамин Берлата, БНСУ-ын бөх Жан Сун Хо, Азербайжаны бөх, дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн цомын аварга Мовлуд Миралиав, Казахстаны бөх Асхат Житкеев нар Монголын Түвшинбаяр барилдаагүй бол, түүнтэй таараагүй бол... гэж харамсан бодсон нь мэдээж. Тэгээд аваргыг л барсангүй дээ хэмээн эр сэтгэлийн гунигаа шилгээн тайтгарсан нь баараггүй.

Сайхан уул өгүүлэх ину.

Наян дөрвөн оны зургадугаар сарын нэгний хүүхдийн баяраар шүү дээ. Хүүтэй боллоо гэж Найдан сумаас гэр рүүгээ бэлийн минь салхийг үймүүлэн давхиж байж билээ. Цэнд-Аюуш тэр хоёр их л бэлгэ дэмбэрэл бодож удалгүй хүүдээ Түвшинбаяр гэсэн сайхан нэр хайрласан даг. Тэр сумандаа дунд, аймгийн төвд очиж аравдугаар ангиа дүүргээд л холын хотыг зорьсон доо. Тэр чинь 2002 оны намар. Хацар нүүрийг нь салхиараа зөөлөн зөөлөн илбэж үлдэхдээ хэзээ нэгэн цагт түүнийг уул усаа, Монголоо дуурсгах аварга хүчит бөх болно оо гэдгийг би мэдэж байсаан...

Хулжийн гол өгүүлэх ину.

Даага, шүдлэнгийн “ам хагалж”, хөвөөгөөр минь үеийнхэнтэйгээ дарвин чавхдаж, ус үсчүүлэн намайг хөндлөн гулд гатчиж өссөн юм. Уснаас минь амсах гэж өвдөг сөхрөн тонгойдог юм. Олимпийн аваргын алтан медаль хүзүүндээ зүүлгэх гэж тонгойж байгаа харагдсан. Ариун уснаас минь амсах, алтан медаль авах хоёрт л тонгойхоос бусдад гудайхгүй, эх орныхоо нэрийг ч тонгойлгохгүй сайн хүү...

Аав нь хэлэх ину.

Багын л миний хүү чинь их бага гэлтгүй орсон гарсантай ноцолдож явдаг хүүхэд байв. Сургуульд байхдаа бодвол номноос уншсан юм байгаа биз, халхын домогт аварга Намхайн үүзэл суухай мэхийг хийдэг бөх болно гэж ярьдаг байв...

Ээж нь хэлэх ину.

Миний хүү чинь зөвхөн миний хүү биш Монголын ард түмний хүү байсан байна шүү дээ...

Нутгийнх нь ах хэлэх ину.

Манай зэргэлдээ сумын Чойжил хөгшний 70 насны найрт зориулсан барилдаанд Түвшээ хавийн ханхайсан сайхан ах нараа цувуулан хаяж түрүүлж байв. Арван гурав, дөрөвтэй л байхдаа шүү дээ. Магадгүй анхны түрүү нь тэр байх шүү...

Жүдогийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гавьяат хэлэх ину.

Түвшээ бол өөрөөсөө илүү, өөрөөсөө том цолтой бөхтэй л барилдахыг ямагт чухалчилдаг хүн. Энэ бол түүний амжилтын гол түлхүүр нь...

Ярьж байв, монголоороо л нэг ярьж байв. Түүний тухай, Түвшинбаярын тухай.

Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсан жил... гэдэг шиг Н.Түвшинбаяр олимпийн аварга болсон жил..., Н.Түвшинбаяр олимпийн аварга болсны түрүү жил..., Н.Түвшинбаярын олимпод түрүүлсний хойтон... гэхчилэн цаг хугацаа, үйл явдлыг түүнтэй, түүний амжилттай хамаатуулан Монголын нэн шинэ үеийн түүх үргэлжилж эхэлсэн бөлгөө.

Урьд нь хэн ч хүрээгүй оргилд монголчуудаас тэр л гарч чадсан юм чинь, урьд нь хэн ч аваагүй алдрыг монголчуудаас тэр л хүртсэн юм чинь, урьд нь хэнд ч төрөөгүй мэдрэмжийг монголчууддаа тэр л мэдрүүлсэн юм чинь, урьд нь хэн ч амтлаагүй их баярыг монголчууддаа тэр л авчирсан юм чинь аргагүй шүү дээ, аргагүй.

Цээнзэнгийн ГАЛБАДРАХ

read more “Аваргатай өдөр”

Tuesday, August 2, 2011

Аварга дагаж аварга төрдөг


2011.07.28

Өөр зуураа уялдаа холбоогүй зүйл гэж энэхэн хорвоод нэгээхэн бээр үгүй гэж өвгөд мутарласан байдаг бөлгөө.

Шинэ аварга төрсөн өнөө жилийн улсын их баяр наадмын дуулиан шуугианы туурайн чимээ төдийлөн алсалж амжаагүй байнам. Тиймийн учир нэгэн учрал тохиолын тухай бичилхэн дурдмой.

Нэгэн зурлага.

Одоогоос яг арван жилийн өмнө юм. Ардын хувьсгалын ялгуусан түүхт 80 жилийн ойн их баяр наадмаар Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Агваансамдангийн Сүхбат улсын начин П.Моломжамц, аймгийн арслан Ш.Зоригт /улсын начин/, аймгийн арслан Г.Ганхуяг /улсын харцага/, улсын начин О.Одгэрэл /улсын заан/, улсын заан Г.Өсөхбаяр /даян аварга/, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарыг тав, зургаа, долоо, найм, ес, арвын даваанд өвдөг шороодуулж түрүүлснээр улсын аварга хэмээх монгол үндэсний бөхийн цол хэргэмийн тэргүүн гишгүүрт хөл тавьсан бөлгөө.

Тэрбээр аварга болсныхоо дараахан хадам аав, дархан аварга Х.Баянмөнхийн хамт нутаг руу нь одож, Увс аймгийн баяр наадамд зодоглосон түүхтэй. Юмны учир мэдэх улс “Баянаа аварга холын бодолтой, алсын хараатай хүн. Шинэ аварга төрмөгц нутаг руугаа дагуулаад явчихлаа. Наанадаж арван жилийн дараахийг бодсон л байгаа. Тэндээс шинэ аварга төрөх нь дээ” гэлцэж байсныг дайван хөх тэнгэр сонссон буй за.

Хэн нэгний зохиосон алдуул үг шиг тухайн үед сонсогдож байсан ч гэлээ энэ яриа биежих өдөр айсуй байж.

Бас нэгэн зурлага.

Агваансамдангийн Сүхбат хадмынхаа нутагт, Увс аймгийн наадамд аварга болсон хойноо анх зодоглосон нь тэр жил. Гэтэл бас нэгэн “явдал” болж. Наадмын хөл, хөөр, хөдөлгөөн дунд залуу аварга энгэрийн тэмдгээ гээчихэж. Хайж, эрэл сурал болж.

Тэгэхнээ нь нэг айлд байгаа сураг гараатхаж. Давхиад очиж. Байна гэнэ. Байх байхдаа нөгөө айлынхан аваргын энгэрийн тэмдгийг хоймортоо залчихсан байж.

Ихэр хүүтэй айлын эзэн аваргын тэмдэг олсондоо цаглашгүй гялайж, бэлгэшээсэндээ ийн дээш нь залсан хэрэг. Үүнийг дуулж сонссон Сүхбат аварга тэмдгээ авахаа больж “Энэ нутгаас олон сайхан бөх төрөх болтугай” гэж ерөөгөөд буцсан гэнэм.

Тэр цагаас хойш арван он шил даран улиран одоод энэ жил Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Сүхбаатарын Мөнхбат гэж зээрийн шагай шиг дөрвөлжин бор залуу улсын их баяр наадамд одтой сайхан барилдаж түрүүлэн улсын аваргын өндөр сэнтийд залрав.

Алдуул ярианд ч заримдаа билэг ерөөл оршин байдгийм сан уу даа.

read more “Аварга дагаж аварга төрдөг”