Tuesday, August 2, 2011

Аварга дагаж аварга төрдөг


2011.07.28

Өөр зуураа уялдаа холбоогүй зүйл гэж энэхэн хорвоод нэгээхэн бээр үгүй гэж өвгөд мутарласан байдаг бөлгөө.

Шинэ аварга төрсөн өнөө жилийн улсын их баяр наадмын дуулиан шуугианы туурайн чимээ төдийлөн алсалж амжаагүй байнам. Тиймийн учир нэгэн учрал тохиолын тухай бичилхэн дурдмой.

Нэгэн зурлага.

Одоогоос яг арван жилийн өмнө юм. Ардын хувьсгалын ялгуусан түүхт 80 жилийн ойн их баяр наадмаар Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Агваансамдангийн Сүхбат улсын начин П.Моломжамц, аймгийн арслан Ш.Зоригт /улсын начин/, аймгийн арслан Г.Ганхуяг /улсын харцага/, улсын начин О.Одгэрэл /улсын заан/, улсын заан Г.Өсөхбаяр /даян аварга/, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарыг тав, зургаа, долоо, найм, ес, арвын даваанд өвдөг шороодуулж түрүүлснээр улсын аварга хэмээх монгол үндэсний бөхийн цол хэргэмийн тэргүүн гишгүүрт хөл тавьсан бөлгөө.

Тэрбээр аварга болсныхоо дараахан хадам аав, дархан аварга Х.Баянмөнхийн хамт нутаг руу нь одож, Увс аймгийн баяр наадамд зодоглосон түүхтэй. Юмны учир мэдэх улс “Баянаа аварга холын бодолтой, алсын хараатай хүн. Шинэ аварга төрмөгц нутаг руугаа дагуулаад явчихлаа. Наанадаж арван жилийн дараахийг бодсон л байгаа. Тэндээс шинэ аварга төрөх нь дээ” гэлцэж байсныг дайван хөх тэнгэр сонссон буй за.

Хэн нэгний зохиосон алдуул үг шиг тухайн үед сонсогдож байсан ч гэлээ энэ яриа биежих өдөр айсуй байж.

Бас нэгэн зурлага.

Агваансамдангийн Сүхбат хадмынхаа нутагт, Увс аймгийн наадамд аварга болсон хойноо анх зодоглосон нь тэр жил. Гэтэл бас нэгэн “явдал” болж. Наадмын хөл, хөөр, хөдөлгөөн дунд залуу аварга энгэрийн тэмдгээ гээчихэж. Хайж, эрэл сурал болж.

Тэгэхнээ нь нэг айлд байгаа сураг гараатхаж. Давхиад очиж. Байна гэнэ. Байх байхдаа нөгөө айлынхан аваргын энгэрийн тэмдгийг хоймортоо залчихсан байж.

Ихэр хүүтэй айлын эзэн аваргын тэмдэг олсондоо цаглашгүй гялайж, бэлгэшээсэндээ ийн дээш нь залсан хэрэг. Үүнийг дуулж сонссон Сүхбат аварга тэмдгээ авахаа больж “Энэ нутгаас олон сайхан бөх төрөх болтугай” гэж ерөөгөөд буцсан гэнэм.

Тэр цагаас хойш арван он шил даран улиран одоод энэ жил Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Сүхбаатарын Мөнхбат гэж зээрийн шагай шиг дөрвөлжин бор залуу улсын их баяр наадамд одтой сайхан барилдаж түрүүлэн улсын аваргын өндөр сэнтийд залрав.

Алдуул ярианд ч заримдаа билэг ерөөл оршин байдгийм сан уу даа.

2 comments:

Я.Баяраа said...

yuruul bileggui zuil negeehen ch ugui...

Unknown said...

хэхэ сонирхолтой юм.