Friday, April 22, 2011

Дорнын хүн

2011.03.18

Зуугаад жилийн өмнө юм. Түшээт хан аймгийн Түшээ гүний хошууны Долоогийн хийдийн тэргүүн хамба Ганжирваа хувилгаан “Мөд удахгүй тооноор төмөр морин туурай орж ирнэ /зуух, яндантай болох/, “Тэнгэрээр төмөр царцаа нисэх болно /онгоц/”, энэ тэр гэж ярихад багшийнхаа юу яриад байгааг сайн ойлгодоггүй байсан тухайгаа, сүүлд нь хэлж байсан болгон нь амьдралд биелээд эхлүүт бишрэх бахархах зэрэгцдэг болсноо түүний шавь Жожоо гуай хүүхэд бидэнд сонирхуулан хөөрдөг сөн.

Мөн, “Аль далаад онд доо. Ирэх зуун баримтын зуун болно гэж Лодонгийн Түдэв гуайг ярихад юмны учрыг мухарлаж ойлгох хэмжээний ухаан суугаагүй бидний хэсэг залуус “будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр мань хүн ч залж байна даа” гэж ярилцдаг байв. Тэгэхнээ нь одоо баримтгүй зүйл газар авахаа болилоо шүү” гэж ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол багш хэлдэг.

Түүн лүгээ... улирагч зууны ерээд оны сүүлчээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж асан Равдангийн Болдыг “энхийг сахиулах ажиллагаанд монгол эрсийг оролцуулах боломж байна. Гарц замыг нь судлах хэрэгтэй байна” гэж ярихад батлан хамгаалах чигийн түшмэлүүд шоолдог байсан гэдэг. “Энэ Болд гэдэг залуу жаахан “юм”-тай байх. Дайн тулааны сүүдэр хүүшилсэн бараан бүгээн газар руу монголчуудаа явуулна гэж мөн зүүдлэв ээ гэлцэн өөр хоорондоо амны зугаа болгодог байсныг учир мэдэх хүмүүс ярьж байхтай цөөнгүй таарсан.

Үнэндээ, олон хүний тархи толгойд бие бие рүүгээ галаар тургисан, дарь үнэртсэн, цус нулимс холилдсон халуун цэгт Монголын идэр жавхлант залуус алба хааж зогсох тухай бодол шүдэнз зурахын дайтай ч гялсхийгээгүй л хэрэг шүү дээ. Гэвч Болдын ярьсан “үлгэр” биелж монгол эрс айдас хүйдэс нөмгөлөн хучсан Сьерра-Леон, Этиоп, Эритрей, Баруун Сахар, Либери, Чад, Афганистанд амар амгаланг цогцлоон бүтээх гавьяат үйлст хүчин зүтгэх болсоор олоон оныг үдэв. Хэзээнээсээ л тийм үйл хэрэгт монголчууд оролцож байсан, оролцсоор байгаа мэт эл доль санагдах болов. Энхийг сахиулах ажиллагаанд монголчууд оролцох болсны, хэрхэн оролцож буйн буруу зөв, алдаа оноог шүүн хэлэлцэх нь одоодоо илүүц биз.

Чухамдаа, энэ үйл хэргийн сэжүүрийг гаргаж, зам мөрийг тодорхойлолцсон улсын нэр ус “гол руу шидсэн чулуу” бүү болоосой л гэсэндээ ийн таталж буй.

Эдүгээ Тагнуулын ерөнхий газрын даргын сэнтийд заларч буй Равдангийн Болд эрхэмтэй би ойр дотно явсангүй. Олон уулзаж байсангүй. Цөөн уулзахдаа бараг л уулзсанаасаа цөөхөн үг сонссон. Би тэгсэн, би ингэсэн гэж хөмсөг өргөж ханхалзаад, улсын урдуур алдар горилж зүтгээд байдаггүй, аядуу намдуу хүн юм билээ, тэр. Нэг тийм хаврын салхи шиг хуурай ойворгон, дэгс зан түүнд яавч зохихооргүй харагддаг. Алс хэтийг харж, дотроо өөртэйгээ их ярьдаг юм шиг санагддаг. Дорнынхны л зан юм даа.

Аливааг ултай сэтгэж, углуургатай бодож ханддаг хүний үг нь цөөн, бусдад шим өгөөжөө өгөх нь элбэг бөлгөө. Утга гүн, учир нарийн тийм цөөн үгс, хүний тархи толгойд санаж сэрэх, хийж бүтээхийн үр жимс болон ургаж цэцэглэх нь олонтаа.

Түүнийг АНУ-д Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд хэд хэдэн онцгой үйл явдал өрнөсөн байдаг. Хоёр улсын харилцаа улам бүр гүнзгийрч байгааг илтгэсэн дээд хэмжээний дотно найрсаг айлчлалууд шил даран болсон байдаг. Төрийн нарийн бичгийн даргын орлогч, ноён Р.Армитэйж, дараа нь Парламентийн дарга Деннис Хастерт, Пентагоны тэргүүн Дональд Рамсфельд, Ерөнхийлөгч Жорж Буш..., их гүрний анхаарлыг Монгол руугаа хандуулж чадаж, тэр хэрээрээ эх орноо тэдэнд таниулж, хамтын ажиллагаа бадамлаж цэцэглэн хөгжихөд онцгой үүрэг гүйцэтгэсэн эдгээр арга хэмжээнүүд өрнөн биежсэний цаад гавьяаг ажиглагчид Элчин сайдын нөлөө, үйл ажиллагаатай холбон тэмдэглэсэн байдаг. Манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд газар зүйн хоёр хөршөөс гадна гуравдагч хүчирхэг гүрний нөлөө, хэрэгцээ шаардлага нэн их.

Өдгөө хаяа залгаа том гүрэн хуруу, хошуу хоёроо газар нутаг руу маань лавшруулан шургуулж, барьцаа улам ахиулсаар байнам. Нөхөгдөшгүй баялгийг шавхагдахгүй юм шиг гадагш нь дураараа зөөж байнам. Газар нутгаа хайрлах, харамлах, хамгаалахын төлөөнөө сэмрэн шаналах сэтгэлгүйгээр бид Монгол Улсынхаа эдийн засаг, оюун санааны тусгаар тогтнол, аюулгүй байдлын тухай хэчнээн ч удаа тахиа шиг донгодоод нэмэргүй.

Очирбатын Дашбалбар найрагч Болд хоёр гэмгүй сайхан шадарладаг, хааяахан уулзаж санаа бодлоо солилцдог андууд байсан гэнэм.

Мөнгө л олж байвал гол мөрөн ширгэж, газар нутаг үгүйрэн сүйрэх хэнд ч падгүй болсон энэ төмөрлөг цагт улс үндэстнийхээ тусгаар тогтнол, газар шорооныхоо ариун дагшин байдлын төлөө нүдээ ухуулахаас ч буцахгүй тэмцдэг, зоригтой хашгирдаг, уриалан дуудаж ард түмнээ сэрээдэг Балбар шиг гал цогтой эх оронч партизан мөн ч их үгүйлэгдэх юм хэмээн тэрбээр дайчин нөхрөө санагалзан өгүүлж байсан.

Үнэндээ манай улс дэмий чалчигчдаар дүүрчээ. Зурагт асаана, чалчиж л байна. Сонины хуудас эргүүлнэ, чалчсан л байна. Уг нь бид чинь тэнгэр газраа “уншиж”, байгалиа шүтэж, түшиж, бүхнийг дотроо бясалгаж, уужирч, учрыг нь олж хужрыг нь тунгаадаг зөөлөн намуун, номч буурал дорныхон шүү дээ. Жудаг, хадгаа дээдэлдэг, амаараа бус үйл хэргээрээ “ярьдаг” улс. Равдангийн Болд гэмээнэ тийм улсын нэгэн буюу.

Сэтгүүлч Ц.ГАЛБАДРАХ

No comments: