Thursday, January 27, 2011

12 жилийн завсаргүй 92 даваа



2011.01.28
Соц нийгмийн үед цагаан сар тэмдэглэхийг хэсэгтээ хориглож байсан ч алс буйд хөдөө орон нутагт хийсээр байсан учир тухайн үеийн төр, засгийн удирдлага “Малчдын сайн өдөр” хэмээх нэртэйгээр тэмдэглэхийг зөвшөөрсөн түүх буй. Түүнчлэн уг баярт зориулсан бөхийн барилдааныг 1960-аад оноос зохион байгуулж, 1963 оноос Монголын радиогоор орон даяар шууд дамжуулах болсон бөлгөө.

Цагаан сарын барилдаан анхнаасаа битүүний үдэш Спортын төв ордонд болдог байсан бол 1998 оноос Монгол бөхийн өргөөнд зохиогдох болсон бөгөөд 1963 оноос 64, 1971 оноос 128, 1991 оноос 256 бөх тогтмол зодоглодог уламжлал тогтоод байнам.

Спортын ертөнцөд дээд амжилт тогтоох нь тамирчин болгоны мөнхийн мөрөөдөл, амаргүй агаад бахархалтай хувь ерөөл билээ. Ухаан нь Японы мэргэжлийн сүмо бөхөд л гэхэд жилдээ зургаан удаа болдог башёд завсаргүй 69 дараалан давснаараа домогт их аварга Футабаяма нь бүх цаг үеийнхнээ тэргүүлдэг.

Түүн лүгээ... манайд жилдээ ганцхан болдог, олноо “бага наадам” хэмээн нэрлэгдсэн билгийн тооллын хаврын тэргүүн цагаан сарын шинийн нэгний баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд завсаргүй хамгийн олон давсан бөх хэн юм бол оо. Хамтдаа сонирхьё.

Энэхүү өвөрмөц амжилтыг дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ тогтоосон бөлгөө. Хан Хэнтий нутгийн уугуул энэ хүчтэн арвандолдугаар жарны хоёрдугаар он буюу 1988 оны луу жилээс 1998 оны бар жил хүртэл 11 жил завсаргүй энэ наадамд түрүүлсэн билээ. 1988, 1989, 1990 онд 128 бөхөөс долоо, 1991-1998 онд 256 бөхөөс найм даван түрүүлсэн гэж бодоход өвдөг шороодолгүй 85 давсан байна. Мөн түүн дээр 1999 онд долоо давсныг нь нэмбэл 92 болох нь. Өөрөөр хэлбэл, тэрбээр цагаан сарын барилдаанд өвдөг шороодолгүй 92 дараалан давсан гэсэн үг.

Түүний дараалан давсан үнэмлэхүй амжилтыг 92-оор тасалбар болгон зогсоосон бөх бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат даян аварга Агваансамдангийн Сүхбат болой. “Жижиг” аварга улсын заан цолтой байхдаа 1999 оны шороон туулай жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанаар Бат-Эрдэнэ аваргыг өвдөг шороодуулан түрүүлсэн нь өдгөө түүх болон үлджээ.

12 жилийн хугацаанд завсаргүй 92 давсан Б.Бат-Эрдэнэ аваргад хамгийн олон өвдөг шороодсон бөх бол Увс аймгийн Наранбулаг сумын харьяат улсын аварга О.Балжинням. Тэрбээр дээрх хугацаанд долоон удаа буюу 1988 онд 6, 1992, 1994, 1995 онуудад 8, 1996, 1997, 1998 онуудад 7-гийн даваанд таарч унасан байдаг.

Мөнхүү, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ 1993, 1995, 1999 онд 7, 1996 онд 8-ын даваанд нийтдээ дөрөв, улсын начин Ж.Чулуун 1992 онд 6, 1994 онд 4, 1999 онд 5-ын даваанд нийт гурав, дархан аварга Х.Баянмөнх 1989 онд 7, 1993 онд 8, улсын арслан Б.Ганбаатар 1988 онд 7, 1990 онд 6, улсын гарьд Д.Баяраа 1989 онд 5, 1992 онд 7, улсын заан Д.Амгаа 1989 онд 4, 1994 онд 6, улсын заан С.Хүрэлбаатар 1991 онд 4, 1993 онд 6, улсын харцага Ч.Даваадорж 1991 онд 4, 1993 онд 5, улсын начин М.Болдбаатар 1988 онд 2, 1995 онд 4, улсын начин Д.Жавзанжамьян 1989 онд 2, 1992 онд 4, аймгийн арслан Б.Мэндсайхан 1990 онд 2, 1993 онд 4-ийн даваанд тус тус хоёр удаа өвдөг шорооджээ.

“Бага наадам” буюу цагаан сарын шинийн нэгэнд зориулсан барилдаанаар завсаргүй хамгийн олон давсан бөхчүүдийн жагсаалтын хоёр, гуравт залуу аваргууд бичигдэж байна. Улсын аварга Д.Сумьяабазар 2002 онд 256 бөхөөс 8, 2003 онд 256 бөхөөс 8, 2004 онд 256 бөхөөс 6, даян аварга Г.Өсөхбаяр 2004 онд 256 бөхөөс 8, 2005 онд 256 бөхөөс 8, 2006 онд 256 бөхөөс 6, нийт дараалан 22 давжээ.

No comments: