Thursday, April 29, 2010

Домог “янцгаалгасан” эр



/таталбар/

…Амгалан цагт алхаа гишгээгээрээ явдаг
Аюултай цагт нисэн дүүлэн жигүүрлэдэг
Суудлаа сэлгэхэд солиод унах шиг болдог
Ивээлт эзнээ мордоход үнэнч зүтгэдэг
Ийм сайхан хосгүй хүлэг байж гэнэ…

”Хөхөө Намжилын домог” ийн хөврөх. Чухам л самсаанаас нь үүл гарч, сагагнаас нь бороо дуслах тэнгэрийн гуурст хүлгийн алхаа, гишгээ, явдал давхиа хуурын чавхдсан дээгүүр сэтгэлийн хөг торгон дэнж бөмбөрдөн тэмүүлэх бөлгөө.

Энэхүү гайхамшигт домгийг ард түмнийхээ чих, сэтгэлд наалдтал амьдруулсан туурвигч нь Монгол Улсын гавьяат жүжигчин Нямын Дагийранз. Хүн “явуулах” дуртай аавынхаа алиа марзан занг өвлөж, хүүхэд байхын л үе тэнгийнхнээ дууриан дуугарч “нохойтсон” янзын дамшиг явж, тэр. Сургуульд ороогүй байхдаа Дагийранз сумынхаа улаан буланд баримтат кино гээчийг анх үзэж л дээ. Дуугүй ээ тэр нь. Аж үйлдвэрийн комбинат, Эсгий гутлын фабрик, гуталчид, жагсаал, индэр гарч, Х.Чойбалсан, Г.Бумцэнд нар үг хэлж байх юм гэнэ. Харин дуутай киноноос анхных нь “Берлиний уналт”. Кино үзэж суухдаа гайхаад л. “Энэ үнэн юм болов уу” хэмээн хавийнхаа хүмүүсээс байн байн асууж, тэднийг баахан залхаасан аж. Зарим нь “Жүжигчид тоглож байгаа юм” гэхэд Сталин, Гитлертэй тийм адилхан хүн бас байдаг аа хэмээн толгой сэгсрэн гайхаж суусан жаалхүү тэр цагаас ёстой л киноны донтой болсон гэсэн.

Улирагч зууны ерэн найман онд юм. Ерөөлч, магтаалч нарын улсын уралдааныг зорьж Өмнөговь руу явахдаа Дагийранз гуайтай нэгэн машинд сууж таарч билээ. Түүний элдэв хачиртай яриа замын урт, цагийн халууныг мартуулж, бид үе үе машинаа өргөчих шахан хөхрөлдөөд л.

Багаасаа морин хуур “хөрөөдөж” сурсан тэрбээр олон нийт, үдэшлэг, концертод оролцох нэрээр сумын улаан булангийн босго элээж, бас болоогүй ганц нэг жүжгийн туслах дүрд “хувирдаг” болсон бөгөөд аймгаас ирсэн шалгалтынхны хараанд өртөж, улмаар 1957 оны Октябрийн баярын дараахан аймгийн клубын хаалгыг татаж, тэндхийн данстай болсон байна. “Ганц морьт уралдаач” гэгчээр “Хөхөө Намжилын домог”-оо л олны чих, сэтгэл рүү “цутгасаар”, түүнийг мэдэхгүй хүнгүй болж, Дундговьд.

Урын сангаа баяжуулж, “Уйлган шарын домог”-той болов. Энэ хоёр бүтээлээрээ Монголын залуучууд, оюутны II их наадамд “тоосоо өргөж” алтан медалиар энгэрээ мялаав. Домгийг хуураар аялгуулан хэлэхдээ гаргууд нь, үйл явдлыг дүрслэхдээ донж маягийг нь гайхалтай олдог нь түүнийг ийнхүү “өөд нь татаад” л аваад явчихаж. .

Наадмын шагналтнуудын тоглолтод оролцчихоод нутгийн зүг хүлгийн жолоо залах гэж байсан эрийн тархинд нэгэн саваагүй бодол зурсхийх нь тэр. “Ер нь юмыг яаж мэдэхэв, “Монгол кино” үйлдвэрээр ороод гаръя”. Тэнд ардын жүжигчин Д.Чимэд-Осортой уулзаж, зорьж яваа учир начраа ч хэлэв. “Хүний сайхан сэтгэл”-ийн Дэнзэн өвгөнтэй тэр урьдын танил юмсанж. Найруулагч Сугарын дипломынх нь ажил болох “Дэнлүүний баяр” гэдэг япон жүжгийг Дундговийн клубт тоглуулахад Д.Чимэд-Осор гуай зөвлөхөөр нь очиж. Тэгэхдээ хараагүй нисгэгч Яматогийн дүрд тоглосон Дагийранзыг ихэд үнэлж, магтаж байсан болохоор л түүнд нүүр баатар хандсан хэрэг.

Өвгөн жүжигчин түүний саналыг уриалгахан дэмжиж, дагуулан нэг өрөөнд орж, хөөрөг шиг намхан бор хүнтэй уулзуулжээ. Тэр хүн хэн байсан гэж санана. Нэрт найруулагч Л.Ванган. Барагтайг тоодоггүй Ванган багшийн амнаас “Хүрээд л ирэхгүй юү” гэсэн нааштай үг сонссон Дагийранз ч гуяа алгадах нь халаг баярлан гарч өгөхгүй хаачихав. Ийнхүү Кино үйлдвэртэй хувь заяагаа холбосноос хойш 30 гаруй кинонд өөрийгөө их, бага хэмжээгээр “хавчуулж”, гадаад, дотоодын 300 гаруй кинонд дуу оруулсан байна. Тэр Кино үйлдвэрт байхдаа хаана л бол хаана элдэв сонин хачин яриа өрнүүлж бусдыгаа уруу татаад ажил хийлгэдэггүй байсан гэдэг. Үзсэн, харсан, дуулсан, сонссоноо чухам л “өнгөт”-өөр ярих. Хуурыг нь бариулчихвал бүр ч “явж өгнө”. Хуурынх нь хоёр хялгасан дээр домог “янцгааж”, “буйлж”, өөрөө домог болно.

Алдарт “Тунгалаг тамир” киноны “Цахиур” Төмөрийн дүрийг дуу нь улам ч тодотгож өгсөн гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Дагийранз Төмөрийн дууг оруулж байхдаа “Эрдэнэ засгийн унага”-ыг өөрөө дуулсан гэсэн. “Би сайндаа ч дуулсан юм биш. Ерөнхий найруулагч Доржпалам, дууны найруулагч Гаваа нар “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулуулах хүн хайгаад олохгүй байх шиг байхаар нь “Би өөрөө үзээд алдвал яадаг бол” гэчихлээ. Нөгөө хоёр ч “Чи дуулдаг юм уу” гээд нүд нь сэргээд ирэв. “Үгүй яахав оролддог юм” гэтэл “Үнэхээр дуулдаг бол маргааш үзнэ” л боллоо доо. Би ч дэмий юм хэлчихэв үү дээ гэж бодоод дотроо айж л бай. Нэгэнт ам алдчихсан болохоор Кино үйлдвэрийн тайз ангийн Авирмэдээр оройжингоо аялуулж аваад шөнө нь орон дотроо амандаа давтаж давтаж л өглөө нь дууллаа. Төмөр гэртээ дөхөж ирээд монгол ёсыг даган дуулахаа больж исгэрээд л. Хаа очиж ганцхан “дубль”-ээр бичиж авсан шүү. Дуулж, исгэрч дуусмагц Доржпалам найруулагч гүйж ирээд намайг чанга гэгч нь тэврэн үнсч билээ. Их л баярлаж байгаа харагдсан даа хэмээн тэр сахлаа хөдөлгөн бувтнах.

Тэр зөвхөн өөрийнхөө урласан хуураар л тоглодог янзын эр. Хэзээ ч юм нэг удаагийн тоглолтод мөнөөх “Хөхөө Намжил”-аа гэгэлзүүлж байж. Домог ид дундаа орж, мань эрийн үг хэл ч зүгширч тэгширээд галгиулж явтал гай газар дороос гэгч юм болж, ширэн цартай хуурынх нь хөг гарчих нь тэр. Ямар босоод явалтай нь биш. Ёстой л наашаа ч үгүй, цаашаа ч үгүй. Ядахад хар хөлс нь цутгаад ирдэг. Хий дэмий л хөрөөдөн тувт уншсаар арай гэж дуусгаад шалавхан босч. Харин тайзны ард очоод уурандаа хуураа холоо гэгч нь шидчихээд тэр чигээрээ гараад алхчихсан гэнэ. Маргааш нь хилэнгээ дарагдсан хойно ирж, хуураа эвлүүлж аваад өөрийгөө “тэнэг, мангуу” гэж баахан зүхсэн гэдгийм.

Төрийн шагналт, ардын уран зохиолч С.Дашдооров сайхан сэтгэл дэвсч, түүний зохиосон, бичсэн, хайлсан домог, магтаалыг эмхэтгэн “Талын дуу” нэртэйгээр ном болгон хэвлүүлсэн байдаг. Саваагүй ч юмсан уу, тэр юм юм сонирхоно. Элдэвтэй. Зурна. Үзүүлээд өгнө. Ус, тос, харандаа, юу тааралдсанаараа л тууна. Адуу мал, ан амьтан, мэддэг чаддагаар нь хөдөөгөө л татална. Дундговийн орон нутгийг судлах музейд түүний урласан тосон будгийн дөрвөн ч зураг байхыг үзсэн юм байна.

Дагийранз гуай нэг л удаа хилийн дээс алхаж үзсэн гэсэн. Тээр жил ардын урлаг судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн Жамцын Бадраатай хамт Ташкент, Самаркандад болсон Ази, Африкийн орнуудын ардын урлагийн симпозиумд оролцож л дээ. Бадраа гуай “Дуртмал сайхан”-ыг гэгэлзүүлж, Дагийранз гуай хуурдаж, тэнд цугласан олны амыг ангайлгаж орхисон юм байх. Гол арга хэмжээн дээр тэр Энэтхэгийн төлөөлөгчдийн дараа хуурдах болж. Олны өмнө задгай хуурдаад сурчихсан хүн микрофонтой гэдгээ анзаарсангүй.

Хөгийг нь тэгшлэхээр таттал нирхийсэн учиргүй их дуу чимээ гарахад цочсондоо өөрийнх нь гижиг хүрч, чих нь дэлдийгээд ирж. Тэгтэл бас хаанаас ч гарч ирсэн юм, нэг их гоё шувууд толгой дээгүүр нь эргэлдэхэд бүр ч учраа олохгүй сандарч орхижээ. Мөнөөх шувууд ч ашгүй дээрээс тусгасан гэрлийн зүг нисээд явчихаж гэнэ. Үзээгүй юмаа үзэж, нүд нь духан дээрээ үсрээд гараад ирсэн амьтан тайзнаас буунгуутаа л Бадраа гуайгаас “Ямар гээч сонин шувуу сая харагдав аа” гэсэнд “Нөгөө бидний яриад байдаг алтан гургалдай чинь шүү дээ” гэж. “Алтан гургалдай чинь хүрэн туяатай, тагтаанаас арай бага биетэй юм билээ хэмээн Дагийранз гуай хүнгэнэн өгүүлсэн.

Түүний дэлгэцнээ бүтээсэн “Хонины найр”-ын багийн дарга Бадарч, “Талын цуурай”-гийн Намхай, “Эх бүрдийн домог”-ийн Догшин харын цэрэг, “Уул усны үр сад”-ын өвгөн Жунай, “Бүлээн нурам”-ын ертөнцийн сүүлчийн өвгөнийг хүмүүс андахгүй. Кинонд тоглож, хүний өмнөөс “дуугарч”, олны танил болсон энэ “товарищ” нэг л өглөө “мал дагавал ам тосдоно” гээд төрсөн нутаг Дундговь аймгийн Өлзийт сум руугаа “арилсан”. Зоргоороо ч хүн ээ дээ. Одоо тэр хэдэн малаа эргүүлсэн шигээ, бөмбөгөр ягаан толгодынхоо дунд магадгүй “Эр бор харцага”-аа тэрлэгээ гандтал гэгэлзүүлэнхэн жаргаж яваа.

Дагийранз…”Этгээд гэмээр энэ сонин содон нэрийг танд хэн хайрласан юм бол”. Ингэж асуувал тэр хүд хүд инээснээ ийн дуугарсан л. “Намайг дөнгөж төрсний дараа манай нутгийн Гүртэн багшийн заллагаар ирсэн Чойжил ламтан Дагийранз гэдэг нэр хайрласан гэнэ лээ. Дагийранз гэдэг чинь Гомбогүр бурхны дөрвөн хамгаалагчийн нэгнийх нь нэр юм гэсэн, базарваань” гэж.
2006 он.

No comments: