Friday, April 23, 2010

Амьдрал



1. Тэд нэгэн хос амраг, жаргал зовлонгоо хамтатгасан эр эм хоёр бөлгөө. Намар харуйгүй өнгөрөх үеийн нэгэн өдөр эр эм тэмээлзгэнэ болзож, анхны янаглаж байсан газартаа ирж, урьдын явдлаа дурсанхан суув. Эм тэмээлзгэнэ гэнэтэд "Хайрт минь өршөө, би чамайг идэх шаардлагатай болоод байна" гэх нь тэр.



2. Эр тэмээлзгэнэ хирдхийн цочиж гайхан хараад "Хонгор минь, чи юу хэлнэ вэ. Би чамд бүх хайраа харамгүй зориулсан биш үү. Түүнийг минь мартлаа гэж үү" гэв.



3. Эм тэмээлзгэнэ "Миний гэдсэнд чи бид хоёрын үр буй болсон. Үр зулзагынхаа хоол тэжээлийн төлөө, эрүүл мэндийн төлөө би ингэх л хэрэгтэй болоод байна. Тэнгэр минь, энэ бол тэмээлзгэнэ бидний гуниг билээ" гэж тасалдсан дуугаар өгүүлснээ "Чинийхээ надад өгсөн хайрыг, халамжийг би өнөд мартахгүй” гэлээ.



4. Эр, эм тэмээлзгэнэ цэцэглэсэн удвал дээр хамтдаа сууж, хамгийн эцсийн удаа бие биеэ энхрийлэн байв аа. Эр тэмээлзгэнэ нулимс асгаруулан "Нэгэнт хувь заяа ийм хойно хойч үеийнхээ төлөө би үрэгдэх л хэрэгтэй болох нь" хэмээн харамсан ярихад эм тэмээлзгэнэ нүдээ алгуурхнаар аниж бодол болон чимээгүй болов.



5. Эм тэмээлзгэнэ "Хайрт минь, чи санаа амар бай. Чамайгаа би өвтгөхгүй, алгуурхан, зөөлхнөөр иднэ" гэлээ.



6. Ухаангүй дурлалдаа шатаж явсан эр тэмээлзгэнэ нүд ирмэхийн зуур хоосон хальс болон хувирав. Эм тэмээлзгэнэ амраг хайрт нөхрийнхөө хоосон хальсыг модны салаагаар чирэн одлоо.



7. Амаржих дөхсөн эм тэмээлзгэнэ бие, сэтгэлийн зовиур шаналгаагүй байх хэрэгтэй бөлгөө. Тэрбээр цэцгэн дээр хоёр хөлөө эргэлдүүлсэн шиг, яг л хөгжмийн удирдаач шиг харагдана.




8. Хангалттай хоол хүнс зооглосон эм тэмээлзгэнэ хэд хоногийн дараа амраг хайрын үр болсон зулзагануудаа амжилттай төрүүлэв.
Жаргах нарны гэрэл дунд эм тэмээлзгэнэ “Та нар минь миний голт зүрхний тасархай шүү дээ” хэмээн зулзагануудаа энхрийлэн ганцаар ярьж, тэднээсээ салж хагацан байлаа.



9. Намар өнгөрч өвөл ирлээ. Тэнгэр ч хүйтрэв. Эм тэмээлзгэнэ өөрийн үүргээ нэр төртэй биелүүлж үр зулзагаа төрүүлсэн болохоор эр нөхрөө санагалзан удалгүй түүний хойноос өөд болов. Ахан дүүс нь тавилангийн эрхээр түүнийг нөгөө ертөнц рүү үдэн мордуулав...



10. Өвөл... дараа нь хавар болов. Цаг шинэдэж, цагаа ногоо ч дэлгэрэв. Хав хатуу хальсанд найман сар “унтсан” жижигхэн жижигхэн тэмээлзгэнүүд тавдугаар сарын ээвэр наран дор энэхэн хорвоод заяаныхаа болзоогоор мэндэллээ.
Хамгийн харамсалтай нь тэд аав, ээжийн хайрыг хүртэлгүйгээр бие даан энэхүү амьдралыг туулах хэрэгтэй болох нь дээ.



11. Өдөр хоног урсан довтолгон өнгөрч, бяцхан тэмээлзгэнүүд хоёр сарын дараа өргөст хэмхний навч дамжин ая тааваараа эрхлэн тоглох ажээ. Амьдрал яасан сайхан, яасан аз жаргалтай вэ.

1 comment:

Өнөржаргал said...

Амьдрал ийм л байдаг байх даа. Гоё бичлэг байнаа.