Thursday, March 11, 2010

Зэл уртасгах цаг айсуй /цаасан бар/



2010.03.11

БЯЦХАН ШИГТГЭЭ.
Том улаан наран толгодын цаанаас цухуйж олон тэмээний бөхөн дунд хэлгийлдэн байснаа гэнэтхэн л туулай шиг үсрэн дэгдэн хөөрөх бөлгөө. Алтан харгана, хүрэн буйлс цэцэглэн замбагалж довцог толгод нэлэнхүйдээ ер бусынаар солонгорон гэрэлтэх нь говийн хаврын өнгө дуртмал нэгэн эгшин буюу.

Ботголох дөхсөн ингэ шилрэх цаг ойртоо л.

Нэг харахад, борог шавгийн толгой шүүрсэн шиг аяс намдуухан идээшилж явснаа дахиад харахад л бараа хараагүй, зүг чиггүй арилаад өгсөн байх вий. Амьтан л юм хойно, базалж өвдөөд, байж ядахаараа тийн тэшин оддог биз. Гэхдээ хаа хамаагүй газар руу явчихгүй. Ганц л зүг рүү зүтгэн зүтгэн тэмүүлдэг. Өөрөө анх эхээс унасан яг тэр газар, дэвсэг рүүгээ. Ар дээр унасан бол ар руугаа, шил дээр бол шил рүүгээ л. Хэдэн бээрийг ч үл тоон жонжуулчихна.

Тэр дагшин газраа хүрээд сая нэгэн санаа нь амардаг сан уу, ботголно. Хэд хоног, магадгүй сарын дараа хошуу нь шөмбөлзөж, үс нь галтаж сортсон “хөөрхөн юм” дагуулчихсан усандаа ирнэ дээ...

Яг одоо, говьд олон олон айлын эзэн тэмээн зэлээ сунгах тухай хүүрнэлдэн сур эрчилж, олон олон эзэгтэй уяа ногт томсон шиг завгүй суугаа. Наран наашилж, зэл уртасгах цаг дөтлөн дөтлөн айсуй.
Говийн идэр хүрэн зоо тэмээний мөрөөр дүүрэн байг дээ...

No comments: