Thursday, October 27, 2011

Бавуугийн Лхагвасүрэн зүрх, тархиа их чагнаж бичдэг


Зохиолч зохиолчийнхоо тухай:

Нуурын захад толгой зөрүүлэн

Дэлээ үнгэлцэх хоёр адуу

Салаад холдохын цагтаа

Үүлс бужигнатал янцгааж

Самсаа бүрээдэн учрахдаа

Үг хэлэлцэх шиг тургилна

Хуйв, тохом хоёр

Түр хагацаана уу гэхээс

Хувь заяа салгах нь үгүй ижил адгуус

Манант үүрийн зогсоолд

Магнай түшилцэн наадам зүүдлэх хоёр морь

Уулсын торгон салхинд сүүлэн ширэлдээ задалж

Усанд буусан сарыг тэнцүү хуваан залгилж

Одоо ингэж нэгэн гүүний унага мэт байвч

Овоон дээр тавьсан хэнийхээ яснаас үргэж явах бол доо, хөөрхий...

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн ийм нэгэн ялгуун туурвил бий.

“Нэгэн гүүний унага” мэт олон жил ойр дотно шадарлаж яваа гэрэлт андынхаа тухай соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, орчуулагч Лувсандамбын Дашням ийн өгүүлэх авай.

-“Бавуугийн хүүтэй хамааралтай элдэв юм яривал алуулна шүү” гэдэг үг сонсдог л юм. Гэвч би л лав “Лхагвасүрэнгийн тухай тэгж ингэж яриад, тийм ийм нөхөр алуулж гэнээ” гэж ер сонсоогүй. Хатуу хөтүү элдвийг хэлдэг ч намайг л лав ална, энэ тэр гэж элдэвлэсэн нь хэзээ ч байсангүй. Тийм болохоор түүний тухайд мэдэх юмаа ярихад эмээж ичих юм алга. Бид хоёр бол сүүлийн үед энд тэнд олон арав яригдаж, бичигдсэнээр “гарын таван хуруу”-ны хоёр нь, бас дуу шуунд ч байдаг бил үү “ойрхон мөртлөө хол”, тэгсэн хэрнээ “хол мөртлөө ойр” яваад байгаа хоёр л доо.

Эхэлж уулзсанаа яривал эртний юм болно. Эхлэн бичигчид гэгчид нь байснаа эртнийх гэх гээд байна шүү дээ. Зохиолчдын хорооны дэргэд “Үлгэрийн танхим” гэдэг утга зохиол сурталчилдаг гэхээсээ илүү хороондоо мөнгө олж өгдөг нэг газар байлаа. Тэр байгууллагыг би хэдийд нь ч мэддэг болсон юм бүү мэд. Бодвол, бараг л үүсгэл хавиас нь анзаарсан юм бол уу. Мэддэг болсон шалтгаан нь Лхагвасүрэнтэй л холбоотой. Мань хүн тэндхийн жүжигчин.

“Манин тогооч” гээд хэржигнэсэн төмстэй хоол хийдэг нэг сүрхий хүний тухай тайзан дээрээс жүжиглэж үзүүлдэг, бас үсээ туузаар боолгож байгаад гарч ирдэг, тэгээд Цэрэндарьзавын нөгөө алдарт “яриа”-нуудархуу хүүхдийн нэг шог яриаг хоолой бөжигнүүлж ирээд л ярьдаг хүн байсан. “Авъяастай лүд юм” гэгч нь нэг мэдсэн гараад ирсэн дээ. Тэгсэн тэр нөхөр жүжигчнээр барахгүй Д.Гармаагийн нэг номны чимэг зургийг (тэр үед ихэнхдээ номын хавтсыг нь бүтээдэг байлаа) зуржээ. Тэр нь өнгө аясыг олсон, донжтой гэж жигтэйхэн. Номтой болох гэж байгаа болгон Лхагвасүрэнгээр хавтсыг нь зуруулах юм болцгоож байсан шиг санагдана.

Хүзүү гэхээр юм байна уу, үгүй юу гэмээр бэгцгэрдүү, илхнээр инээмсэглэх хэр нь “энэ нөхөр цаанаа бол юу л гээд байгаа бол доо” гэмээр жоготой, онигоо, энэ тэр ярих үед заавал цааш нь “эвгүй хорлонтой”-гоор гүнзгийрүүлдэг намхан бор эр бол тэр байлаа. Одоогийнхоосоо туранхай байсаан.

Тэр үед манай томчууд “Уран үгсийн чуулга” гэж нэг гоё юм хийдэг, түүгээрээ дамжуулж утга зохиолоо ард түмэндээ хүргэх, түүний цаана түмэнтэй нүүр учирч гол нь өөрсдийгөө таниулах ажил хийдэг байв. Бид бас тэгмээр, тэгэхдээ томчуудаас тусдаа бие дааж явмаар байдаг, тэгье ч гэж ярьцгаадаг байлаа.

“Зохиолчдын хорооны санд таван төгрөг оруулсан” хэмээх алдарт шог ярианы бай болсон “Уран үгсийн чуулга”-аа бид Дархан хотод хийсэн юм. Тэр ажлыг би санаачилж, голцуу “Дөмөн”-гийнхнөөс бүрдсэн баг зохион байгуулж байв. “Үлгэрийн танхим”-аас Лхагвасүрэн бидэнтэй цуг явлаа. Амьдрал мэдэхгүй амьтад чинь хүн хар хотдоо байдаггүй, хадлан тариалангийн үед нь оччихож. За тэгээд бид ямар Явуу, Эрдэнэ, Пүрэвдорж нь биш дээ, хэн тоохов. Баларлаа. Олуулаа явсныг хэлэх үү. Зардлаа яаж нөхөхөв. Бөөн толгойн өвчин боллоо. Тэгэхэд Лхагвасүрэн ёстой нэг авралын бурхан болсон. Цэргийн анги гэж арай олон хүнтэй газрыг бодож олоод очсон чинь цэрэг, эх орны сэдэвтэй зохиол гэдэг нь хэнд нь ч байсангүй.

Лхагвасүрэн “одоохон, одоохон” гээд л тайзны ард нэг жаахан зайд, цонхны тавиур янз манз ч биш байсан шиг санагдана, эрхгүй л нэг юман дээр, цаасны тасархай дээр нэг юм бичээд байна. Тэгээд л бичсэнээ уншлаа. Тав дахиулсан. Зарим цэрэг уйлж харагдана. Цэрэгт явсан нөхөртөө бичиж байгаа хариу захидал юм. Жаахан хүү нь бичүүлэхгүй сандаргаад л болцгор хурууных нь хээ захиан дээр энд тэндгүй үлдээд л кино үзэж байгаа юм шиг л юм болсоон. Ямар ч гоё уншдаг юм бэ. Тэгж л Лхагвасүрэн “Дөмөн” нэгдлийнхэнд яруу найрагчаа зарласан. Бас согтуу хонодог сарны тухай шүлэг ч түүнд байсан юм билээ. Түүнээ ч уншсан.

Жүжигчин, зураач, шүлэгч, чадахгүй юмгүй арван хуруу тэгш нөхөр маань удаж төдөлгүй л бидний “гал хам” болсон доо.

Бид “Дөмөн” дотроо бойжин, хоёр нэг жилийн дараа анхны номоо гаргацгаалаа. Зарим нь ч Лхагвсүрэнгээр нөгөө эртний төлөвлөсөн хавтсаа зуруулсан байх. Хөөрхөн хөөрхөн номнууд гараад байсан шиг санагдана. Лхагвасүрэн маань харин өөрөө ганцаараа номгүй үлдлээ. Би одоо болтол учрыг нь сайн мэддэггүй юм. Тийм их тэвчээртэй, уран бүтээлдээ нягт нямбай хандан, анхнаасаа л өөрийгөө “бараклаж” чаддаг нөхөр байсан юм уу, аль эсвэл Лхагвасүрэнгийн өвөрмөц илэрхийлэл дарга турхыг нь цочоогоод, хаалт боолтонд нь тороод байсан юм уу, номын хувьд л лав үеийнхнээсээ хоцорсон. Магадгүй илүү тод гарч ирж, илүү хол явахаа мэдээд байсан юм байлгүй дээ, тэр. За тэр ч яахав. Хэдийд номоо гаргасан нь хэнд хэрэгтэй байв гэж.

Миний хувьд Лхагвасүрэнд “сургууль соёлд орж, боловсролоо нэмэх” тухай л юм ярьдаг байсан. Тийм боломж их байгааг үе үе зөвлөдөг байсан. Ашгүй Лхагвасүрэн сургуульд явлаа. Эрхүүд бэлтгэлд орж гэнэ л болсон. Өвөл ирэхэд нь уулзвал гоё сайхан оюутан болчихсон, миний гоё номыг оюутнууд хэрхэн уншиж байгаа тухай (“Бурхантын цэцэг” нэртэй ном маань гоё хавтастайгаасаа болоод ийм тийм яриа хэлэнд өртдөг байв) намайг явуулж, цаашлуулсан үг шидээд л, нөгөө цаанаа жоготой инээдгээрээ инээгээд л баяр хөөртэй, сэтгэл хангалуун додигор амьтан, ер нь нэг их өөрийнх нь цаг үе эхэлсэн шиг харагдсан шүү.

Эрдэм номын мөр хөөж боловсрох эрмэлзлэл шулуудаж байгаад нь бид ч баяртай байлаа.

Дараа нь Москвад Киноны дээд гэгчид нь очиж гэнээ л болсон. Хоёр ч мэргэжлээр зэрэг сурч байна гэж дуулдлаа. Тэгсэн давхар ухаан зааж илүүчлэн сурч асан кино зураачийнхаа мэргэжлээс болоод болохоо болих нь тэр ээ. Нэг бүтээл нь баруунд хэвлэгдчихэж. Цуг сурч байсан нэг оюутан найз нь бас л бидэн шигээ Лхагвасүрэнгээрээ бахархаж дээ. Бодвол, “ийм нэг монгол байна” гэж үзүүлж харуулмаар байсан биз.

Тэр үед чинь баруунд бүтээлээ гаргах нь битгий хэл, барууны маягтай хүнтэй хоёр нэг үг сольчихвол буруутдаг цаг үе байсан юм чинь. Тэр тусмаа Оросод сурч буй муу монгол оюутан уу!

Буруутаад буцаад ирснээ бидэнд хэлэлгүй удсаан. Ийм тийм цуу яриа цуглуулсаар байгаад бид нэг юмны үзүүртэй болж, нэг өдөр гэрт нь яваад очицгоолоо. Яахав юм ил тод болж, тэр дороо л цөмөөрөө урд өмнө хийж заншсан анд нөхдийн хурлаа хийхгүй юу. Арай ч бүрмөсөн буцаачихсан юм биш бололтой байна. Буцаж очоод бидний захиж гуйж байгаачлан түмэнтээ уучлал гуйвал сургуульд нь буцаагаад авчихмаар ч юм шиг санагдаж байна. Түүнийг ярьцгаагаад нөгөө нөхрөө яаж ийгээд буцаах боллоо.

Хоёр том даваа байв. Нэг нь Соёлын яамын коллегийн хурлыг давах, нөгөө нь паспортоо Гадаад яамнаас эгүүлэн олж авах. Хоёуланд нь би голлох үүрэг гүйцэтгэх болчихлоо. Коллегийн хурлыг Чойжилын Чимид гуайн тусламжтайгаар давах цорын ганц “арга” байна гэж үзлээ. Чимид гуайд түүнийг ойлгуулж чадах “баруун гар” нь би болж таарлаа. Олон улсын харилцаа төгссөн болохоор Гадаад яаманд танил тал, хаалга байх учиртай нь бас л би болов. Тэр нь ч үнэхээр тийм байлаа. Би ч хийдгээ хийлээ. Азаар хийсэн шиг хийлээ.

Лхагвасүрэн маань цайтай цүйтэй, дуутай хууртай буцаад явлаа. Бид хэллээ. “За нөхөр минь юм өөрөөр эргээд буцаад ирэх болвол түрүүнийх шигээ таг чиг болохгүй шүү. Яадгийм, Москвагаа нэг эргэчихээд хэдэн муу хувцсаа авчихаад цохиод ирнэ биз. Ямар хийх ажил, хэвтэх газаргүй амьтан биш” гэцгээв.

Зөрүүд орос профессор, хатуу чанд Элчин сайдын яамаа нөгөөх чинь давж чадсангүй ээ, буцаад ирчих нь тэр. Харин аз болоход их утга зохиолдоо эгнэгт буцаад ирчихсэн дээ.

Нэгэнт заяасан авьяасыг юу ч хааж боож чаддаггүй шүү дээ. Уран бүтээлч хүн ямар мэдлэг, боловсрол, дипломоо хүнд харуулах албатай амьтан биш, гол нь авьяасаа л харуулах хэрэгтэй байдаг шүү дээ. Мань хүн удалгүй жинхэнэ яруу найрагч, билэг танхай гэдэг тодотголын эзэн болж тодорсон. Жишээ нь, сар туссан уснаас адуу ундлахдаа усыг цалгиулах биш хэмхчиж тасчиж байгааг л үзүүлж гарсан даа. Дараа нь аяндаа кино, жүжиг рүү орсон. “Үлгэрийн танхим”-д ажилласан нь зохиолч нартай ч нэлээн ойртуулсан байх. Өөрөө жүжигчин хүн учраас тайз, дэлгэцийн бүтээл хийхэд маш их дөхөмтэй байсан байх. Жүжигчдийг сайн таньдаг мэддэг байсан нь ч нөлөөлсөн байх. Бичиж суухдаа хэн гэдэг хүнээр дүрээ бүтээлгэх, ямар жүжигчин яаж жүжиглэхийг дүрслэн харж, хэлэх ярих аяг маягийг нь хүртэл нүдээрээ төдийгүй зүрх, тархиараа мэдэрч, мэдэж бичдэг байсан болов уу. Тэгж эрхгүй бодогддог юм.

Яруу найргаа ч тэр, жүжиг, киноны зохиолоо ч тэр онцгой өөрөөр урлана. Ардын нарийн ухаан шингээж, далд холын санаа шигтгэж өгдөг нь гайхамшигтай.

Жүжгүүд нь түүхэн том сэдэвтэй шүү дээ. Хэдийгээр зарим нь дэлхийн утга зохиолд байдаг л сэдэв ч Монголынхоо хөрсөн дээр буулгаж, монгол оюунаар амилуулж, ухаантай хүн бол юм бодохоор урлаж чаддаг нь бахархмаар. “Тамгагүй төр”, “Сарны цагаан цус”, “Хүйтэн сэнтий”, “Атга нөж” гээд олон сайхан жүжиг бий дээ. Жүжгээ их цэцтэй, билгүүн үгээр шүлэглэж, цомхон, агуулга, санаагаа яруу шингээж илэрхийлдэг болохоор тайзнаас сонсоход их урамтай. Санаж байна уу. “Тамгагүй төр” жүжиг дотор хатнаа хардаж буй хаан:

Бие нь загатнасан эм хүн гэдэгт

Битүү нүх гэж үлддэггүй юм

Би мэдэж байна...

гэж шазруун хэлээд

Хавирган завсараараа гараа оруулж

Халуун зүрхээ базлаа ч

Худлаагийн усан шүүс гарч

Хурууны үзүүрт үнэн юм тодорхойгүй байна...

Өөрөө яаж аагиж уугиж бичдэг нь тодорхой, тэрхүү бичсэн нь жүжигчин хүнд шууд л “шигдчихмээр” байгаа биз.

Манай галаас Жагдалын Лхагваа, Лхагвасүрэн хоёр их нийлнэ. Амьдралын янз бүрийн өнгө хэмнэлтэй яриа хөөрөө өрнүүлнэ. Сүүлийн үед Урианхайг дэргэдээ байлгаж, нарийндаа “авч яваа”. Дарга цэргийн ярианых нь ард найз нөхдийн наргиантай, нэг нэгнээ “явуулсан”, “мэрсэн”... яриа өрнөнө. Тэр хоёрын харилцааны өнгө аяс сонин л доо.

Миний “Зуны цас” номонд нөхрийн үг хэлсэнд нь би баярлаж явдаг. Дээр үед бид номоо гаргахын өмнө бие биедээ уншуулдаг байсаан. Лхагвасүрэн хоёр нэг үг сольчиход л минийхээс жигтэйхэн сондгой болоод явчихдаг юм. “Энэ бол Лхагвасүрэнгийн л үг юм байна, минийх биш” гэж бодогдоод үлдээх ч арга байдаггүй юм. Энэ нь хүн хүний дотоод “өгөгдөхүүн” өөр болохын л жишээ.

Миний номд Лхагвасүрэнгийн зассан “сэтгэл шадарлаж” гэдэг үг бий. Гайхамшигтай сайхан хэлсэн шүү. Биеэрээ биш сэтгэлээрээ шадарлана гэдэг их сайхан. Нас яваад ойр ойрхон уулзах нь ховордсон ч холоос бие биеэ харж, дотроо л даллаж дуудаж явдаг болж дээ, бид. Лхагвасүрэн хааяа тийм жүжиг, ийм кино бичиж байгаагаа мэдээлнэ ээ. Тэр байтугаа “хаана ч байхгүй, хэн ч дөнгөхгүй юм” хийж байгаагаа ч хэлчихнэ. Өөрийгөө асар ихээр ирлэж бичдэг хүн. Аатай.

Аав ээж, нутаг ус, үр хүүхэддээ халуун хайртай нь сэтгэл хөдөлмөөр. Хүүхдүүдээ эрхлүүлнэ, нялхамсуулна. Өөрийн гэсэн амьдралын үзэл, онолтой уран бүтээлч дээ, манай Лхагвасүрэн.

Лхагвасүрэнгийн тухай ярихад, бодоход сайхан байна.

Л.Дашнямтай хөөрөлдсөн сэтгүүлч Цээнзэнгийн ГАЛБАДРАХ

2011.10.21.

No comments: