Monday, December 12, 2011

Монголын сэтгүүлзүйд Б.Шаравын "Сэрсэн тал" эгшиглэлээ


2011.12.13.

Хэдхэн хоногийн өмнө Монголын сэтгүүлчдийн их хурал боллоо. “Бичгийн” хүмүүс түүхэндээ арван тав дахь удаагаа нэгэн дээвэр дор чуулж улирагч гурван жилийн алдаа мадаг, амжилт ололтоо дүгнэн хэлэлцэж, угтан тосох гурван жилд юунд зорьж, юу хийж бүтээхээ тодорхойлон тунхаглав.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нэртэйгээр явж ирснээ Монголын сэтгүүлчдийн эвлэл болгож, дүрмэндээ өөрчлөлт оруулав. Ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч нэг, дэд ерөнхийлөгч хоёр, Гүйцэтгэх зөвлөл /удирдах зөвлөл/-ийн арван ес, Хяналтын зөвлөлийн долоон гишүүнтэй байхаар тогтов. Гишүүд, удирдлагуудаа ч сонгож батлав.

Түүхэндээ хамгийн олон буюу хагас мянга шахам төлөөлөгч их хуралдаа оролцсоноос тэдний тавин хоёр хувийн санал авч сэтгүүлч, зохиолч Бадам-Очирын Галаарид Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгчийн сэнтийд заларлаа.

Үнэндээ, мөнгө үнэртүүлсэн, эрх мэдэл ханхлуулсан хүмүүс бүтэн жилийн өмнөөс л энэ салбарын хувь заяаг гартаа лавхан оруулж авах гэж, энэ албан тушаалын төлөө ил далд шуургалан тэмцэж эхэлсэн нь нууц биш билээ. Гэвч “дөрөв дэх засаглал”-ын салбарын төлөөлөгчид мөнгө үнэртүүлсэн хүнийг энэ албанд сонгосонгүй. Эрх мэдэл ханхлуулсан хүнийг энэ албанд сонгосонгүй. Гагцхүү оюун санааг эрхэмлэгч эрхмийг сонгож чадлаа.

Сонгох нэгэн цагийн хэрэг. Сонголтын араас асар ихийг хийгээсэй гэсэн итгэл, хүсэмжлэл, асар ихийг шаардсан нэхэл, басамжлал давалгаалан босч ирэв.

Энэ их итгэл, ерөөл хүсэл, нэхэл басамжлал Монголын сэтгүүлзүйд төрийн шагналт Бямбасүрэнгийн Шаравын “Сэрсэн тал” аялгууг эгшиглүүллээ.

Галаарид хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй төдийлөн хутгалдаж бохирдоогүй хүн.

Мөнхүү, дагнан хэвлэл мэдээллийн салбарт, “Ардын эрх”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” сонинд албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, орлогч эрхлэгчээр ажиллаж, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийг тэргүүлж олон улсын байгууллагуудтай олон жилийн турш нягт хамтын ажиллагаатай байж, олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай хүн.

Тэрбээр, эвлэлийг “хөдөлгөх” гэж аль нэгэн аж ахуй нэгж, нам, улс төрийн хүчнээс бадар барьж, түүнийхээ төлөөсөнд тэдний өмнө өвдөг дандаа бохирч ирсэн хуучны, эсвэл төсвөөс мөнгө хөрөнгө шийдүүлэх гэж эрх мэдэлтнүүдийг шантаажилж, дарамталж амташсан шинэ цагийнхны “ядуу” аргаас илүүтэйгээр хэн хэндээ ашигтай, гэрэл гэгээтэй, хүчирхэг төсөл хөтөлбөр боловсруулж, өөрийн орны болоод олон улсын байгууллагуудаар дэмжүүлэх, харилцан хамтран ажиллах замаар асуудлыг шийдэхийг мөн чанар, эрхэм зорилгоо, өөрийн “жанжин шугам”-аа болгосон нь олон хүнд таалагдсан.

Энэ бүхэнд л Галааридийг энэ албанд сонгохын нарийн учир, нандин утга оршиж байсан бөлгөө.

Түүнээс гадна, хувь бодьгалынхаа хувьд бие хаа, билэг авьяас, туурвил бүтээлээрээ өрсөлдөгчдөөсөө хааш хаашаагаа элбэг байсан нь ч нөлөөлсөн дөө.

Монголын сэтгүүл зүйн салбарт нэг мөр болгомоор, энэ салбарынханд чиг зүг болох, уриа дуудлага болох олон олон асуудал хийх, шийдэх эзнээ хүлээн дуншиж байнам.

Тарсан бутарсан, талцсан хуваагдсан тэр болгоныг байр байранд нь оруулж элбэг их үйлийг бүтээх л үлдлээ, эрхэм ах минь.

Зөвхөн эхлэл, удиртгал болон эгшиглэсэн “Сэрсэн тал”-ыг бүхэл бүтэн тоглолт болгон нүргэлүүлэх болтугай.

Танд болон танай багийнханд амжилт хүсье.

Сэтгүүлч Ц.Галбадрах


No comments: