Wednesday, July 27, 2011

Аваргатай наадам


2011.07.15

Наадам болгон өөрийн хөг аялгуу, өөрийн өнгө төрх, өөрийн онцлог тодотголоор элбэг дүүрэн, гайхамшигт өрнөлтэй бөлгөө. Ардын хувьсгалын дайчин түүхт 90 жилийн ой, үндэсний их баяр наадам аваргатай, аваргуудтай ялгуусан наадам болов. Дурдсуу.

Бөх

1024 хүчтэн зодоглосон наадмын зүүний магнайд ХХ зууны манлай монгол бөх, дархан аварга Хорлоогийн Баянмөнх боссон нь тэмдэглэлт явдал байлаа. Эдүгээ 68 настай домогт аварга 90 жилийн хугацаанд тохиосон есөн том ойн наадмын тавд нь зодоглосон цор ганц бөх болж түүхэнд үлдлээ. Тэгэхдээ зүгээр нэг зодоглосон төдий бус аа.

Түүхт 50, 60 жилийн ойгоор түрүүлж, 70 жилээр долоо даван шөвгөрч, 80 жилээр дөрөв давж, энэ жил гурвын даваанд яруу тод цолоо дуудуулсан түүний хагас зуун жилийн үнэмлэхүй дээд амжилт дахин давтагдахгүй биз ээ, мөддөө.

Мөнхүү, олимпийн аварга, аймгийн арслан Найдангийн Түвшинбаяр энэ наадмын нэгэн дуулиант чимэг байсныг дурдахгүй өнгөрч хэн чадна. Их спортоор, жүдо бөхөөр дэлхийн дайдад эх орныхоо суу алдрыг цуурайтуулсан идэр жавхлант аварга маань элдэв найраа хайраагүйгээр үнэн хүчийг уралдуулан барилдаж олны хэлцдэгчлэн “наадамд гурван даваатай”-гаа харуулсан нь үлэмж төгөлдөр.

Энэ жил Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат, аймгийн арслан С.Багахүү улсын заан Б.Соронзонболдоор, Ховд аймгийн Чандмань сумын харъяат аймгийн арслан Ч.Цогбаяр улсын заан Ч.Батзоригоор, Өмнөговь аймгийн Булган сумын харъяат аймгийн арслан Б.Сумъяа улсын гарьд И.Доржсамбуугаар, Архангай аймгийн Чулуут сумын харъяат аймгийн арслан Б.Амарзаяа улсын харцага Ц.Магалжаваар, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харъяат аймгийн арслан Ж.Чулуунбат улсын харцага Д.Батболдоор, Завхан аймгийн Идэр сумын харъяат аймгийн арслан Ш.Жаргалсайхан улсын харцага Ө.Даваабаатараар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат аймгийн арслан А.Батмөнх улсын өсөх идэр начин Б.Чинзоригоор, Төв аймгийн Баянхангай сумын харъяат аймгийн арслан Б.Батмөнх улсын начин Ш.Тогтохбаяраар, Увс аймгийн Хяргас сумын харъяат аймгийн арслан С.Батсуурь улсын аварга О.Балжиннямаар, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат аймгийн арслан Б.Гончигдамба аймгийн арслан А.Алтанхуягаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат аймгийн арслан Б.Сангисүрэн аймгийн арслан А.Отгонбаатараар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харъяат аймгийн арслан М.Эрдэнэбат улсын харцага Г.Элбэгээр, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат аймгийн арслан Ц.Одбаяр улсын харцага Л.Пүрэвжаваар тавын давааг, улсын цолны өндөр босгыг давж, начин цол хүртлээ.

Тээр, жил буюу 1983 онд Д.Багахүү нь Г.Дэмүүл арслангаар, А.Сугиа нь П.Дагвасүрэн арслангаар тав давж улсын начныг ихэрлүүлж асан өмнөговьчууд 28 жилийн дараа хос начинтай болж магнай нь нэгэнтээ “хагарав”.

Олон хүний хүлээлт байсан даа. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Т.Өсөх-Ирээдүй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ц.Содномдорж начин хоёрыг цолоо ахиулаасай гэсэн. Тэд итгэлийг нь алдсангүй. Начин цолоо баталж улмаар зургаа давж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат А.Цацабшир, Ховд аймгийн Мянгад сумын харьяат А.Алтангэрэл нарын хамт харцага цолтон боллоо.

Заан цол сайхан цол. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Д.Баасандорж харцагыг зургаагийн даваанд дүү улсын заан М.Өсөхбаяр нь амлаад унахад цөөнгүй хүн гайхсан. Түрүү жил энэ даваанд тэр хоёр тунаж М.Өсөхбаяр нь давж байсан л даа. Өсөхбаярыг заанаар тогтохгүй наадмын өнгийг тодорхойлох бөхчүүдийн нэг гэлцэж байсан ч чухам яагаад ингэж шийдсэний нууц ах дүү хоёрт л үлдэв. Харин Д.Баасандорж урамтай сайхан барилдаж долоо даван дүүгийнхээ цолыг хүртсэнээр олны гайхшралын мананг сарниаж чадсан нь бахархалтай. Наадмын таавар таамагт ёс юм шиг хэлцэгдэж, дээгүүр яригдаж, улсын цол олон жил зүүдэлсэн Архангай аймгийн Хашаат сумын харьяат Ч.Санжаадамба сая л нэг цэргийн хурц арслан цолоо шилгээн орхиж, улсын начин, харцага цолын дээгүүр алгасан харайж заан боллоо. Ёс жудгаа эрхэмлэж, ухаантай барилдаад байвал түүнд ёс, арвын даваа холгүй билээ.

Өндөр аварга Г.Өсөхбаярыг өндөр ойн наадмаар түрүүлж дархан болчихоод зогсч байхад хэн ч гайхахгүй байсан бөлгөө. Гэвч Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Ж.Бат-Эрдэнэ начныг түүний “эрлэг” байх юм чинээ бодсон нь хэд бол доо. Хялгас эсгэм хурц дайчин барилдаантай начны аваргатай хийсэн шийдмэг дайралт, хутгаа, хонгодоо харцага, заанаар тогтоосонгүй. Гарьд, гарьд, гарьд...

Урьд нь хоёронтоо тулж ирээд бүдэрсэн наймын даваагаа энэ жил давах хувьтай байж, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат М.Баяржавхлан заан. Гарьд цолтонтой аймаг цөөнгүй ч хоёр гарьдтай аймаг байгаагүй. Одоо харин Завхан Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан, Говь-Алтай Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ гэсэн хос гарьдтай аймаг боллоо. М.Баяржавхланд арслан, аварга цол сөөм хүрэхгүй ойрхон байсан ч аз нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр начнаас илүү байсангүй.

“Боохой” Данзан хэмээх Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул хүчирхэг эр улирагч зууны гучин гурван оны улсын наадамд үзүүрлэж арслан цол хүртсэнээс хойш 78 жил алсран оджээ. Тодотгох юм бол, 78 жилийн дараа улсын наадамд Сэлэнгэ нутгийн хүү үзүүрлэж арслан болсон нь Г.Эрхэмбаяр бөлгөө.

1024 бөх зодоглосон энэ жилийн наадмаар үндэсний бөхийн 20 дахь аварга төрөх нь тодорхой байсан. Харин хэн гэдэг аавын хүү вэ гэдэг оньсогын хариу арван хоёрны үдэш тодорлоо. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, 27 настай улсын харцага Сүхбаатарын Мөнхбатыг энэ жил торгоож тогтоох бөх олдсонгүй. Уржнангийн наадмаар тав давж начин, ноднин зургаа давж харцага болсон тэрбээр энэ жил өвдөг шороодолгүй арав даван түрүүлж заан, гарьд, арслан цолыг алгасан улсын аварга хэмээх эрхэм дээд алдрыг хүртлээ.

Улсын гурван цолыг гурван жил дараалан хүртсэн бөх ардын хувьсгалын жилүүдэд төрөөгүй. Анх төрсөн нь С.Мөнхбат. Тэр дундаа аварга цолд улсын цол хүртсэнээсээ хойш гурван жилийн дотор хүрсэн бөх гараагүй. Анх гарсан нь С.Мөнхбат.

Монгол үндэсний бөхийн нэгэн үе арван жилийн зайтай төрдөг гэдэг. Нэгэн үе, дархан аварга Б.Түвдэндорж, даян аварга Ц.Чимэд-Очир тэргүүтэй 1910-1920, дархан аварга Д.Дамдин, улсын аварга Ч.Бээжин тэргүүтэй 1930-1940, дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх тэргүүтэй 1940-1950, дархан аварга Д.Цэрэнтогтох, аварга Д.Хадбаатар тэргүүтэй 1950-1960, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын аварга О.Балжинням тэргүүтэй 1960-1970, даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумьяабазар тэргүүтэй 1970-1980 оныхон наадмын өнгийг тодорхойлдог байсан бөлгөө.

Тэгвэл өдгөө 1980-1990 оны үеийнхэн наадмын торгон ногоон дэвжээг эзэгнэж эхэлснийг энэ наадам яруу тод харуулав аа.

Морь

Нэг ийм “уламжлал” буй. Өндөр ойн наадмаар азарга нь түрүүлсэн аймгийн бөх төдийлэн дээшээ гарч ирдэггүй. Ухаан нь, 1991 онд 70 жилээр Хэнтийн Дэлгэрхааны Х.Сүрэнхорын хээр азарга түрүүлээд, Б.Бат-Эрдэнэ аварга П.Сүхбатад унаад, 2001 онд 80 жилээр Хэнтийн Дадалын Дамбарэнчингийн алаг азарга түрүүлээд, Б.Бат-Эрдэнэ аварга А.Сүхбатад унаад.

Энэ жил Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Чимэддоржийн зээрд азарга түмэн эх болж сайхан наадлаа. Гэтэл цагаан сараар одтой сайхан барилдаж түрүүлэн наадмаар “юм” дуулгах нь гэж олон хүний харуулдаж суусан тус аймгийн харьяат аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар дөрвийн даваанд уначихав. Үүнээс улбаалан морь, бөх хоёр нэг саванд багтдаггүй гэсэн үг эрхгүй санагдсанаа бичиглэв.

Адуун сүргийн манлай азарганы уралдаанд Чимэддоржийн зээрдийн удаад Дундговийн Өлзийтийн уугуул, “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн хээр, Сүхбаатарын Дарьгангын уугуул, алдарт уяач Ч.Улааны зээрд, Төвийн Өндөрширээтийн уугуул А.Отгонбаярын хилэн хар, мөн аймгийн Баян сумын уугуул Х.Цогтсайханы сүмбэн зээрд ирж айрагдав. А.Отгонбаярын хилэн хар азарга өнгөрсөн жилийн “Их хурд-5”-д айрагдаж байсан бол Х.Цогтсайханы сүмбэн зээрд өнгөрсөн жилийн улсын наадмын түрүү хурдан буян бөлгөө.

Их насанд Б.Өнөрбаянгийн хээр өнгөлж, Төвийн Сэргэлэнгийн уугуул, манлай уяач А.Батсүхийн бор аман хүзүүлж, мөн аймгийн Баян-Өнжүүлийн уугуул, алдарт уяач Ч.Батбадрахын зээрд, Өвөрхангайн Уянгын уяач Н.Бямбасүрэнгийн хээр, тод манлай уяач С.Ганхуягийн бор айрагдлаа.

Соёолонгийн уралдаанд тоосоо өргөсөн хурдан буянуудаас Өвөрхангайн Өлзийтийн уяач Н.Ижилбаярын хар магнайлж, тус аймгийн Сант сумын уугуул, аймгийн алдарт уяач С.Ганболдын зээрд, Говь-Алтайн Баян-Уулын уугуул М.Ганболдын хул, Ховдын Алтайн уугуул, "Торгоны зам"-ын Ц.Гантөмөрийн хомоол хүрэн, Сүхбаатарын Түмэнцогтын уугуул, аймгийн алдарт уяач Ө.Шинэтулгын шарга удаалав.

С.Ганболдын зээрд Булганы хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн хурд бол Ө.Шинэтулгын шарга “Мөнххаан-2011” Сүхбаатар аймгийн баруун бүсийн уралдаанд түрүүлж байсан юм.

Ардын төрийн их баяр наадамд хурд хуваасан 269 хязаалангаас Увсын Зүүнговийн харьяат Д.Далайн халтар магнайдаа тоосгүй түрүүлэн ирж, наадамчин олноо баясгалаа. Түүний удаад Өвөрхангайн Бүрдийн уугуул Одгэрэлийн хүрэн, Ховдын Дарвийн уугуул, манлай уяач Б.Мөнхтөрийн хээр, Говь-Алтайн Халиуны уугуул Ганболдын хонгор, Төвийн Баянцагааны уугуул Энхбатын цавьдар орж торгон жолоо өргүүлэв ээ.

Шүдлэн насны 271 үрээнээс Ховдын Мөнххайрханы уугуул Ш.Адьшаагийн хонгор түрүүлсэн бол Өвөрхангайн Баянголын харьяат Ц.Болдын шарга, Төвийн Батсүмбэрийн уугуул Лувсанбалдангийн зээрд, Завханы Дөрвөлжин сумын уугуул Д.Баяраагийн зээрд, Өвөрхангайн Уянга сумын уугуул Даваадоржийн хар удааллаа. Даваадоржийн хар үрээ өнгөрсөн жилийн наадмаар даагандаа айрагдаж байсан билээ.

244 даага гарааны зурхайгаас эргэснээс тод манлай уяач Э.Эрдэнэчулууны цавьдар даага гарсан цагаасаа өнгөлсөөр саахалтын зайтай хол тасран түрүүлсэн бол алдарт уяач Д.Хишигжаргалын шарга, Сүхбаатарын Мөнххааны уугуул Ц.Октябрийн хүрэн, Дорнодын Баян-Уулын уугуул Э.Энхтулгын хүрэн, О.Амарсайханы зээрд айрагдав.

Н.Билгээгийн хул даага “Энэ жилийн “баян ходоод” ирэх жилийн түрүү магнай” гаар тодорлоо.

Э.Эрдэнэчулууны цавьдар даага төрийн наадамд зургаа түрүүлсэн “Амгалан төрийн ажнай шарга”-ын төл юмсанж. “Амгалан төрийн ажнай шарга” энэ жил зодог тайлж Төв цэнгэлдэх хүрээлэнд хуран чуулсан олны мэлмийг баясгасан бөлгөө. “Аварга” шаргын үр төл монгол наадамд тоосоо өргөн өнгөлж, аварга, аварга амжилт тогтоож, моринд дуртай, моринд хайртай монгол түмнээ баярлуулсаар байх болтугай даа.

Сур

Эрхийдээ эрчтэй харваачдийн оноо мэргэн байв, энэ жил. Хана, хасаа харваанд нийт 40 сум тавьж өрсөлдсөн мэргэчүүл дунд үе үеийнхэн багтсан байсан бөгөөд шинэ залуу аваргууд төрж, улсын мэргэн болцгоолоо.

Эрэгтэй харваачдаас Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, 21 настай залуу харваач Б.Ёндон түрүүлж, улсын мэргэн цол хүртлээ. Тэрбээр 40 сумандаа 38 онож магнайлсан бөлгөө. Харин түүний удаад Баян-Өлгий аймгийн харваач, улсын мэргэн Б.Баярсайхан, улсын хошой мэргэн н.Баатархүү нар шалгарав.

Эмэгтэй харваачдаас Хэнтий аймгийн Дадал сумын уугуул харваач Х.Оюунчимэг тэргүүлж, улсын мэргэн цол хүртсэн бол Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, хошой мэргэн Д.Эрдэнэтуяа, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, залуу харваач О.Чинзүрх нар удааллаа. О.Чинзүрх харваач спортын мастер цол хүртсэн байна.

Дэлгэр дүүрэн цагийн пансан салхи нь адууны үнэртэй, адууны хийморьтой, барилдаан болгон нь, уралдаан болгон нь харваа болгон нь сэтгэлийн хаяа хөвсөлзүүлсэн монгол наадам сайхан боллоо. Аваргатай, аваргуудтай, хурдтай, хуур дуутай наадмын тухай товчлоход ийм.

No comments: